Хуулийг шинэчлэн гаргаснаар иргэдийн бүртгэл мэдээлэлд шууд хяналт тавьж мэдээллийн хяналтыг сайжруулж энэ төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг тустай гэнэ. Эрүү, эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Бооцоот болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг эрхлэх тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж мэдээлэл авах, хүсэлт тавих, түүнийг байгууллага, албан тушаалтнаас хянан үзэж хариу өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсрууллаа. Мөн Авлигын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих аж. ХЗДХЯ-ны удирдах болон захиргааны тусгай албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх сарын дундуур гэхэд авсан байхаар сайдын тушаал гарсан байна. Гадаад харилцаа амжилттай хөгжиж байгаа бөгөөд ирэх онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Азийн сангийн Дэлхийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Хөдөө орон нутгийн ажил байдалтай явж танилцсан хэмээн мэдээллээ. Дараа нь сурвалжлагчийн асуултад хариулав.
-Саяхан Тагнуулын ерөнхий газрын даргыг солилоо. Энэ мэдээж Засгийн газрын тэргүүний мэдлийн хэрэг байх. Гэвч хүчний байгууллагад халаа сэлгээ хийгдээд байх уу? Нийслэлийн цагдаагийн даргаар хэн тавигдах вэ? -Мэдээж Ерөнхий сайдын санал болгосноор Тагнуулын даргыг сольсон. Одоо нийслэлийн цагдаагийн даргыг томилно. Үүнийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын саналыг харгалзан ХЗДХ-ын сайдын мэдлийн асуудал. Хэнийг тавихаа одоо судалж байна.
-Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэсэн үзэл ард олны дунд бөх бат оршиж байна. Үүнийг зоригтойгоор өөрчилж чадах уу? Мөн гадаад орны өндөр алба хашиж байсан нэг өвгөн манай төрд Тогтвортой байдлын гэрээ байгуулах талаар шахалт үзүүлж байна. Энэ талаарх таны санал? -Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэсэн ойлголтыг бид хүлээн зөвшөөрдөггүй. Үүний эсрэг бид арга хэмжээ авсаар ирсэн. Хэрэв хүн хуулийн дагуу амьдарч байвал хуулийг сахих нь үнэнхүү амар. Хууль зөрчөөд ирэхлээр л хуулийг даган мөрдөх нь биелшгүй мэт байдаг. Хүн бүрт хуулийг мөрдүүлнэ. Энэ талаар яам өөрөөсөө эхлэн ажиллаж байна. Тогтвортой байдлын гэрээг хууль зүйн дагуу л байгуулдаг. Яг одоохондоо ямар ч гэрээ байгуулаагүй байна. -Малын хулгай өнөөдөр дийлдэхээ байжээ. Энэ тухай ямар арга хэмжээ авах гэж байна? Цагдаагийн ёс зүйн асуудал байнга яригдаж байх юм. Цагдааг өөрчлөх үү? гэсэн асуултад Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэд сайд Ш.Сүхбаатар эхэлж хариулаад дараа нь сайд нэмж тайлбар хийв. -Малын хулгайн асуудал манай яамны анхаарлын төвд байдаг. Ажиглалтаас харахад Улаанбаатар хотыг тойрсон аймгуудаас малын хулгай олон гарч байна. Ирэх сарын 20-доор Малын хулгайг таслан зогсоох тухай зөвлөгөөн хийх гэж байгаа. Үүнд төвийн бүсийн есөн аймгийн төлөөлөл оролцоно. Яг энэ өдрөөс эхлэн энэ зөвлөгөөнийг угтсан малын хулгайтай тэмцэх сарын аян улс даяар эхэлж байна. Гэмт хэргийн статистикаар өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэрэг буурсан гэсэн тоо байгаа ч малын хулгай харин өссөн мэдээ бий. Хулгайд малаа алдсан малчид хулгайчийг барилаа ч хохирлоо төлүүлж чадахгүй байна гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр хэлэхдээ: Малын хулгайтай тэмцэх ажил эрчимжинэ. Сайдын тушаал хүртэл гарсан. Малын хулгайтай тэмцэх ажилд зөвхөн хууль хяналтын байгууллага дангаараа тэмцээд амжилт олохгүй. Ард иргэд мөн хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Судалгаанаас харахад хулгайн гараар орж байгаа малын 20 хувь нь хашаа хорооноосоо, үлдсэн 80 хувь нь бэлчээр дээрээсээ алга болдог. Энэ үзүүлэлт юу харуулж байна вэ гэхээр малчид малаа адуулан хариулахгүй байгаагийн илрэл юм. Малчид ажлаа хийхгүй байна. Хээр эзэнгүй яваа малыг наанадаж хулгай хийхэд амар. Малын махыг борлуулахдаа гарал үүслийн гэрчилгээтэй болгох шаардлагатай байна. Мөн мах бэлтгэлийн системийг ч өөрчлөх хэрэгтэй болжээ. Цагдаагийн өөрчлөлт хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Манай цагдаа үүргээ гүйцэтгэж байгаа гэж үзэж болно. Цагдаагийн өөрчлөлтийг зөвхөн боловсон хүчний хэмжээнд ярих нь учир дутагдалтай гэж би бодож байна.
-Та ажил аваад бооцоот тоглоомын газарт нэмж зөвшөөрөл өгсөн үү? Автомат тоглоомын газрыг хааж казино байгуулна гэж үнэн үү? -Үгүй би зөвшөөрөл нэмж өгөөгүй. Төлбөрт тааварт тоглоомын хуулийн төсөл хийгдэж байгаа. Бооцоот тоглоомын газрыг хаагаад казино байгуулах нь тийм ч хялбар юм биш. Оновчтой хувилбар сонгож олох нь чухал.