Зөвлөлт гүрний уналтаар “Ах”-аасаа хагацсан Монгол оронд халамжийн халуун гараа сунгасан “Сэм авга”-ын анхны төлөөлөгч нь Ж.Бэйкер сэн. Нэг бус удаа Монголд айлчилсан энэ эрийг Монголын нийгмийн “ анги давхарга” –ууд өөр өөрийнхөөрөө угтлаа. Айвенхоу майнзтай холбоотой асуудалд эмзэг цочмог хандаж байгаа Монголын олон нийтийг сэнхрүүлэх нь түүний хэрэг, хүлээж авах эсэх нь түмний хэрэг ээ. МАХН-ын томчууд жигүүр, хөдөлгөөндөө харшил өгч, харин Ардчилсан намынхан их чуулгандаа бэлтгэж пижигнэцгээв. Ардчилсан намын их чуулганд олон нийт ч ач холбогдол өгч байгаа. Их чуулганаараа тэд бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж, дүрмээ өөрчлөн, намын даргаа шинээр солих юм. Ардчилсан намын даргад нэг бус нэлээд хэдэн хүн өрсөлдөх сурагтай. Гэсэн ч сонгууль дөхөж байгаа хариуцлагатай үед олон нийт талтай хандаж байгаа Ц.Элбэгдоржоороо туг хийх магадлалтай хэмээн ажиглагчид таамаглаж байна. Харин “Алтан гадас”-ынхан Ц.Элбэгдоржид тун ч таагүй хандаж байгаа бололтой. Экс Ерөнхий сайд “Алтан гадасыг тараах нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсний дараа байдал хурцадсан гэж намын жирийн гишүүд оношлож байна. Мөн мань Элбэгээ намын дарга болсон тохиолдолд либераль үзэлтэй эрч хүчтэй залуусаар намдаа цус сэлбэх нь тодорхой болсон тул “Алтан гадас”-ынхан амиа хоохойлохдоо тулжээ. Гэсэн ч тэднийг мөнгөөр түрүү барьж их чуулганы төлөөлөгчдийг өөрсдийн хүнээр түлхүү сонгохвий гэсэн болгоомжлол хэвлэлээр тэнэж буй. Намын дарга болсон ч яах вэ хэмээн удаа дараа мэдэгдэж байсан Э.Золбаяр тэргүүтэй Шинэчлэх бүлгийн залуус гэнэт санаагаа өөрчилж, “Би өрсөлдөхгүй бол чи ч битгий өрсөлд” гэх маягийн шаардлага тавьж эхлэв. “Онц их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн ч энэ өдрүүдэд гар хумхиж суусангүй. Тэд “Нийгмийн эргүүлэгт байгаа хүн” хэмээх содон сэдэвтэй онол практикийн бага хурал хийж, “монцгоруудаа” сэм чимхээд авав. Бага хурлын илтгэгчдээс хуульч С.Нарангэрэл эрс хатуу шүүмжлэлээрээ ялгарч байлаа. “Эрх зүйн шинэчлэл зогсолтод орсон” хэмээх түүний тодорхойлолт хууль үйлдвэрлэгч эрхмүүдийн эгдүүг хүргээ байлгүй. “Сүүлийн 4-5 жилд батлагдсан суурь хуулиуд ардчиллын эсрэг болсон” гэж тэрбээр үзэж байгаа юм. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль олон улсын жишгээс гажсан харгис хууль болсон гэв. Мөн шүүх тэр чигээрээ авлигад идэгдэж, улс төрийн нөлөөнд автсан гэж С.Нарангэрэл дүгнэлээ. МАХН-ын гишүүн В.Алзахгүй Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй гэж үзэж байна. “МАХН-ын XXIV их хурал хүртэл явсан бүх үйлдэл эдүгээгийн Ерөнхийлөгчийг суудалд нь залахад чиглэж байсан бол XXIV их хурлаас Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах хүртэл бүх үйл ажиллагаа өнөөгийн Ерөнхий сайдыг сонгогдоход чиглэсэн” гэж В.Алзахгүй онцлов. “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийхөн нам болохоо зарлахаар барахгүй М.Энхсайханы Ардчилсан шударга ёсны намд “сээтэн хаяж” эхлэв. Тус намтай нэгдэх эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ. Монгол хүн сансарт ниссэний 25 жилийн ойг тэмдэглэхээр Оросын сансрын нисгэгчид уламжлал ёсоор хүрэлцэн ирж, Наурызын баярыг өдөр, шөнө тэнцсэн өдөртэйгээ хамт үдлээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн анхны айлчлалаа арлын орноос эхэлж, их аварга Д.Дагвадоржид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом гардуулахыг нийтээрээ зурагтаараа харж долоо хоногийн сүүлчийн өдрийг жаргаалаа.