Энэ нь хүнд халдварлах А/H5N1 вирус илэрсэн хоёрдугаар сараас хойшхи хугацааны дүн. Халдвараас үүдэж дэлхийн хэмжээнд эрүүл мэнд, эдийн засгийн асар их хохирол учрах магадлалтай гэж ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байгаа. Одоогоор 36 оронд шувууны томуугийн дэгдэлт бүртгэгджээ. Манайд нүүдлийн шувуу ирэх дөхсөнтэй холбогдуулан томуугийн халдвараар хүн өвчлүүлэхгүйд чиглэсэн сэрэмжлүүлэг ч гаргасан. Юутай ч онц шаардлагагүй бол томуу гарч байгаа орнуудад зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа. Томуу хамгийн их дэгдэлттэй нь Африк болон Ази, Европын олон улс, гол нь манай хил залгаа орнуудад их тархаад байгаа нь байнга мэдээлэгдэж байна. Өнөө, маргаашгүй шувуу нүүдэллэн орж ирэх учраас хэрэв үхсэн шувууны сэг зэм байвал ойртохгүй, мал эмнэлэг, онцгой байдлын газарт яаралтай мэдэгдэхийг иргэдэд зөвлөсөн. Шувуу агнаж хүнсэнд хэрэглэхгүй байх нь ч энгийн, наад захын шаардлага болж байгаа. Нуур цөөрмийн усыг буцалгахгүйгээр ахуйн, хүнсний зориулалтад хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ. Хүнсэнд өргөн хэрэглэдэг тахианы махыг сайн болгож идэх, шүүрхий маханд хэрэглэсэн хутга хэрэгсэлийг тогтмол угааж цэвэрлэх шаардлагыг баримталсан ч ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хурдан хандах хэрэгтэйг урьдчилан сэргийлэх шаардлагад дурджээ. Хүний томуугийн вакцинаар аймаг, нийслэлийн хүнс хөдөө аж ахуй, хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллагын ажилтан гэх өртөмтгий бүлгийнхнийг энэ сард багтаан улсын хэмжээнд дархлаажуулж дуусгах юм байна. Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газраас гаргасан мэдээгээр өнөөдөр улсын хэмжээнд арван аж ахуйн нэгж, 2000 гаруй айл өрх шувуу өсгөн үржүүлдэг гэсэн тооцоотой. Эдгээр аж ахуйнуудад хоёр зуун мянга орчим шувуу байдаг гэнэ. Өнөөх хүнд халдварлах хэвшлийн вакцинаар Хөвсгөл аймгийн Эрхэл нуур орчмын задгай маллагаатай 56400 шувуунд вакцинжуулалт хийжээ. Хүн, малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн яамнаас тогтоол гаргаж, хэрэгжүүлэх зохион байгуулалтад орж, томуугийн эсрэг эм, вакцин, хамгаалах хэрэгслийн хангалтын талаар ДЭМБ-д болон Элчин сайдын яамдад хандан, мэдээлэл солилцон ажиллаж эхэлсэн аж. Томуугийн вирусын эсрэг тамифлу эмийг ч ДЭМБ-д захиалжээ. Одоо шувууны томуутай тэмцэх, сэргийлэх бэлэн байдлыг хангах стратеги төлөвлөгөө болон Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар зөвлөмжүүд гаргаж хэрэгжүүлэх шатандаа ажиллаж байгаа аж. Шинээр болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх ажиллагаа зохицуулах ажлын хэсэг мөн яамнаас томилогджээ. Одоогоор Халдварт өвчинтэй тэмцэх улсын фондод 9800 хүн томуугийн вакцин, 450 хамгаалах хувцас бас хоёр төрлийн ариутгалын бодис нөөцөлсөн байна. Шувууны томуутай тэмцэх бэлэн байдлыг шалгасан, бүсчилсэн сургалтыг ч Сүхбаатар, Ховд, Хөвcгөл аймаг нийслэлд зохион байгуулсан юм билээ. Бас харуулдан тандалтын 20 цэг Улаанбаатар хотод байгаа бол таван аймагт тус бүр нэг цэг байгуулж, Халварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторийг бэхжүүлэх ажил эхлээд байгаа юм байна.