Энэхүү техник ашиглалтад орсноор Европын өндөр хөгжилтэй орны чанартай, амин дэм бүхий амттай талхыг өөрийн үндэснийхээ үйлдвэрээс хямд үнээр худалдан авах боломж бүрдлээ. Тэд энэхүү ажлаа хоёр жилийн өмнөөс хийхээр төлөвлөсөн бөгөөд удаан хугацааны туршилт, судалгаа хийсний эцэст саяхан шинэ шугамынхаа нээлтийг хийлээ. Уг шинэ техник нь өдөрт 10-12 тонн талх хийх хүчин чадалтай, мөн уут баглаа боодол нь ч найдвартай аж. Судалгааны явцад хэрэглэгчид ямар бүтээгдэхүүнийг хүсч байна гэдгийг нь тогтоосон гэнэ. Хэрэглэхэд дөхөмтэй, амин дэм ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Ингээд тэд хүний биед шаардлагатай бичил бодис, амин дэмээр элбэг хивэгтэй, хөх тарианы гурилын, үр хөврөлтэй, гоньдтой “Мишээл”, “Ургац” гэх мэт 10 гаруй төрлийн талх хийж эхэлжээ. Мөн хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоол шингэцэд эерэг нөлөөтэй гүнжидийн үр, мак, наранцэцэгийн үр, нэвс зэрэг бүхэл үр цацаж байгаа нь бас нэг давуу тал нь гэнэ. Энэ талхнууд гарснаар бидний нөгөө “Атар” талхны маань тоо хэмжээнд нөлөөлөх үү гэхэд “Талх чихэр” ХК-ний Ерөнхий захирал Ц.Энхбилэг “Энэ талхнуудыг бид нэлээд судалгаа хийсний үндсэн дээр үйлдвэрлэж байгаа. Ер нь ч хүмүүсийн дунд “Атар” талх их нэр хүндтэй байдаг. Тиймээс энэ талхаа цаашид үйлдвэрлэсээр байна. Харин тоо хэмжээний хувьд бага зэрэг буурна. Шинэ талхнууд нь 300-650 төгрөгийн үнэтэй” гэв. Талхныхаа түүхий эдийг Оросын “Алейка” гурилын үйлдвэрээс татаж авахаар гурван жилийн гэрээ байгуулсан. Мөн дээрх төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Харин удахгүй хэрэглэгчиддээ дахин нэг шинэ зүйлээр бэлэг барих болно гэдгээ мэдэгдэв. Иргэд маань 10 гаруй төрлийн талхнаас сонголт хийж, “Атар” биш ээ, “Мишээл”, “Ургац” л гэх байх даа. Ц.БАЯНАА
Санамсаргүй сонгогдсон мэдээнүүд:
Цас орж шуурна 2010-03-19 13:36:5213:36:52Сураггүй болсон хүнийг гурав хоногийн дараа хайж олов 2010-03-18 19:35:2519:35:25Дулааны шугамнаас цогцос гарчээ 2010-03-18 19:26:0219:26:02