Мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн сүүлчийн өдөр олон сонирхолтой барилдаан болж Монголын бөхчүүд бахдам сайхан барилдлаа. Шийдвэрлэх барилдаан ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж, сэкивакэ Хакухо М.Даваажаргал нарын хооронд болж хашир аварга туршлага заан өрсөлдөгчөө өвдөг шороодуулснаар 16 дахь түрүүгээ авч хурсан олныг баясгав. Ерөнхий сайд М.Энхболд Хару башёгийн түрүүг авсан Их аваргад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний нэрэмжит цом, өргөмжлөлийг гардууллаа. Тэрээр 2003 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа Монголын сумогийн холбооны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт үүрэг гүйцэтгэж байсныхаа хувьд энэ цомыг шинэчлэн бүтээлгэсэн юм. Түүнээс хойш гурван жилийн дараа өөрийн санаачлан бүтээлгэсэн уг цомыг өөрийн биеэр башёгийн түрүүг авсан эх орон нэгт аваргад гардуулж байгаа нь энэ. Шагнал гардуулах ёслолын дараа Ерөнхий сайд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн Такасага дэвжээнд зочиллоо. Энэ үеэр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд эдүгээгээс 16 жилийн өмнө буюу 1990 онд анх гурван монгол залуу сумо бөхөөр хичээллэхээр Япон оронд хөл тавьж байсан бол одоо нийтдээ монголын 35 бөх барилдаж, Монгол-Японы харилцаанд ардын дипломатчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Орой нь Ерөнхий сайд М.Энхболд тэргүүтэй Монголын төлөөлөгчдөд Японы парламентын дээд танхимын гишүүн Т.Ямаучи, К.Шиина, С.Хосака болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Яно нар хүндэтгэлийн зоог барив. * * * Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж байгаа ажлын айлчлал үргэлжилж байна. Төлөөлөгчид өнөө өглөө “Нозоми116” аяллын “Шинкансэн” хурдан галт тэргээр Токио хотод хүрэлцэн ирлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.