Тэгвэл өнөө жилээс дунд болон ахлах ангийнханд үдийн цай өгөх боллоо гэсэн яриа сүүлийн үед гарах болжээ. Энэ талаар БСШУЯ-наас тодруулахад “Одоогоор тийм шийдвэр гараагүй. “Үдийн цай” хөтөлбөр хуучин журмаараа явагдаж байгаа” гэсэн хариултыг өглөө. Тэгвэл өнөө жил бага ангийн сурагчид үдийн цайндаа юу зооглож байгааг сонирхохоор нийслэлийн арваннэгэн жилийн гуравдугаар дунд сургуулиар орсон юм. Тус сургууль нь даваа, лхагва, баасан гаригт өөрийн сургуулийн цайны газраас тусгайлан бэлтгэсэн хоолыг хүүхдүүдэд өгдөг ажээ. Бусад өдөр нь жимстэй тараг, сүү, гурилан бүтээгдэхүүн өгдөг байна. 1-4 дүгээр ангийнхан үдээс хойш хичээллэдэг бөгөөд гуравдугаар цагийн завсарлага буюу 15 цагт ангидаа үдийн цайгаа уудаг юм байна. Гандантэгчэнлэн хийдийн судрууд цахим хэлбэрт шилжинэ Юнеско-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Монголын гандантэгчэнлэн хийдийн судар бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Энэхүү ажлыг хоёр жилийн хугацаанд хийж дуусгах бөгөөд эхний ээлжинд 700-800 судрыг цахим хэлбэрт оруулахаар болсон байна. Монгол судрууд нь удаан хугацаанд хадгалахад элэгдэж, өгөршдөг байна. Тиймээс ингэж цахим хэлбэрт шилжүүлснээр эдгээр бэрхшээл үгүй болох ажээ. Мөн тухайн судраас үзэхийг хүссэн хуудсаа шууд сонгон үзэх боломжтой аж. Эдгээр мэдээллийг багтаасан вэб сайт ч удахгүй нээгдэх гэнэ. Сонирхуулахад, энэ судруудыг цахим болгоход нийт 29 мянган ам.доллар зарцуулагдаж байгаа бөгөөд Монголын гандантэгчэнлэн хийдэд өчигдөр компьютер болон бусад тоног төхөөрөмжийг Юнеско-гийн Бээжин дэх төлөөлөгч гардуулж өглөө. Я.МӨНГӨНЦЭЦЭГ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд хамрагдаж чадахгүй байна Ерөнхий боловсролын хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Их Британийн Хүүхдийг ивээх сангаас судалгаа явуулжээ. Уг судалгаанд улсын хэмжээгээр сургуулийн өмнөх насны 111 мянга гаруй хүүхэд байгаагаас 47 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг гэжээ. Харин хөдөө орон нутгийн малчин өрхийн хүүхдүүдийн 84.1 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй байна. Алслагдсан аймаг, суманд амьдардаг малчин, ядуу өрхийн хүүхдүүдийн ерөнхий боловсролын сургууль завсардалт улсын дунджаас гурав дахин өндөр байна. Мөн үндэсний цөөнх болох казах иргэдийн хүүхдүүд сургууль завсардалт харьцангуй өндөр буюу 6.2 хувьтай байна. Түүнчлэн улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн долоон хувь нь ердийн сургуульд хамрагдаж байна. Нийслэлийн тусгай сургуульд цөөн тооны хүүхэд сурч байгаа бол орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн боловсролд хамрагдах боломж хомс байгаа гэсэн судалгааг гаргажээ. Д.Хорол Дотуур байр хүрэлцээгүй байна Оюутны байранд оруулж өгөхөд зуучилна, цэвэрч нямбай эмэгтэй оюутанд өрөө хөлслүүлнэ, халаасны өрөө хамтарч хөлсөлнө гэсэн үгтэй зар бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг л минут тутамд хөврөх боллоо. Үнэхээр хөдөөнөөс ирсэн оюутнуудад дотуур байр хүрэлцэхгүй хэцүү байгаа бололтой. Хотын төвөөр байрлах хэдэн дотуур байрны гадаа ойрын өдрүүдэд урт дараалал үүсч их, дээд сургуульд орохоос ч илүүтэй юм болж байх шиг. Гэвч энэ урт дараалал бүхий бүртгэл нэг, хоёдугаар курсын оюутнуудад л хамаатай гэнэ. Гурав, дөрөвдүгээр курсын оюутнууд энд дугаарлах зогсох нь илүү ажил бөгөөд шууд л халаасны өрөөгөө хайсан нь дээр гэнэ. Учир нь өнөө жил орон нутгаас нийтдээ 54 мянган оюутан ирсэн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар Улаанбаатарт төрийн өмчийн 35, хувийн өмчийн тав нийтдээ 40 оюутны байр байдаг гэнэ. Тэдгээр байрыг ор хоногийн тоогоор авч үзвэл 14 мянган орчим оюутан багтах тооцоо байдаг юм байна. Тэгэхээр цаана нь 30-40 мянган оюутан байргүй хоцорч байгаа юм. Жил тутам хөдөө орон нутгаас ирэх оюутны тоо нэмэгдсээр байхад тэдэнд зориулсан байранд өөр хүмүүс байрладаг нь хэн бүхэнд ил болсон. Тэдгээр хүмүүсийг байраа суллаж өгөхийг МОХ-ноос шаардаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн МОХ, Цагдаагийн байгууллагууд хамтран дотуур байруудад шалгалт явуулахаар болжээ. Дашрамд сонирхуулахад, өмнөх жилүүдэд оюутны байрны нэг тасагт дөрөв дөрвөөр нь байрлуулдаг байсан бол өнөө жилийн хувьд оюутнуудын хүсэлтийг харгалзан нэг өрөөнд таваар байрлуулж магадгүй болоод байгаа гэнэ. Д.Цогзолмаа “Эхийн эндэгдлийг бууруулах” төсөл орон нутагт хэрэгжиж байна НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын төр засгаас Эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжиж байгаа. Уг төсөл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэж чаддаггүй, газар зүйн хувьд алслагдсан, нэн ядуу, өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүдэд хүрч үйлчлэх зорилготой. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгохын тулд хувь хүн, олон нийт, гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагууд, хандивлагчдыг татан оролцуулах гэнэ. Мөн ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил 2” төслийн хүрээнд “Эхийн эндэгдлийг бууруулах” дэд төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Завхан, Баянхонгор, Хэнтий аймагт хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд улирал бүрт сум, дүүрэгт төрөх насны бүх эмэгтэйчүүдийг хамруулан нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулж, өвчин нь хүндэрсэн, эмчлүүлэх шаардлагатай хүмүүст газар дээр нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Дээрх аймгуудын төрийн бус эмэгтэйчүүдийн байгууллагуудыг нэгтгэн “Эх хамгаалал” нэртэй баг бүрдүүлсэн байна. Энэхүү баг нь үзлэгийн багтай хамтран сумдын эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн даатгал болон нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдэж өгч байгаа гэнэ. “100 айл” орчмын зам хаагдах нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн Үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтсээс Цагдаагийн гудамж буюу “100 айл” дахь зам дагуу ил задгай худалдааг журамлахаар болжээ. Үүний хүрээнд дүүргийн цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газартай хамтран энэ сарын 5-6-нд тус чиглэлийн замын автомашины хөдөлгөөнийг 12.00-18.00 цагийн хооронд бүрэн хаахаар болжээ. Д.ХОРОЛ