Сэлэнгэ мөрнийг эргийн хоёр талд ачаа, зорчигч буулгах зогсоол бүхий байгалийн чулуун хамгаалалтыг мөн байгуулжээ. ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл тэргүүтэй ажлын хэсэг хүрэлцэн очиж уг бярваазыг ашиглалтад хүлээн авсан байна. Бярвааз тависнаар Булган аймгийн газар тариалангийн бүс нутгаас үр тариа тээвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа аж. Өмнө нь Сэлэнгэ сумын төв хүрэхэд Эрдэнэт, Хялганатын гүүрээр гарч 180-аад километр тойрч очдог байсан төдийгүй зарим үед иргэд амь дүйж тракторын дугуйны олгой хийлж Сэлэнгэ мөрнийг гаталдаг байжээ. Л.Жамц Залуу удирдагчдын чуулган өнөөдөр эхэлнэ Залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн үүсэл санаачилгаар байгуулагдсан Жи Си Ай хэмээх дэлхийн холбооны Монгол дахь “Жи Си Ай” аравдугаар үндэсний чуулганаа өнөөдөр эхэлж байгаа юм. “Залуучуудын хөгжил-Монголын гарц” уриан дор явагдах тус чуулганаар залуучуудад зориулсан “Бодлыг чиглүүлэгч зургаан малгай”, “Бусдын туслалцаатайгаар зорилгодоо хүрэх нь” зэрэг сургалт боло бусад арга хэмжээ зохион байгуулах аж. Үндэсний чуулганд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын 400-гаад төлөөлөгч оролцох гэнэ. Дашрамд хэлэхэд “Дэлхийн Жи Си Ай” холбоо нь эгнээндээ 1320 улсын зургаан мянга гаруй залуусыг нэгтгэсэн бөгөөд 1944 онд байгуулагдаж байжээ. Т.Гэрэл Жүдочдоо ДАШТ-д үдэв Бразилийн Рио-де-Жанейро хотноо энэ сарын 16-нд эхлэх жүдо бөхийн ДАШТ-д оролцох манай бөхчүүдийн хоёрдугаар ээлж өнөөдөр эх орноосоо мордоно. Үүнтэй холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс бөхчүүдийн бэлтгэлтэй танилцан жүдочдоо үдэх арга хэмжээ зохиолоо. Спортын төв ордны “Б” зааланд болсон тус уулзалтын үеэр ДАШТ-д зодоглох бөхчүүдийн зардал мөнгөний асуудал хэрхэн шийдэгдсэнийг танилцуулсны зэрэгцээ тамирчдад амжилт хүсэв. Сонирхуулахад, манай жүдочид зуны олимпийн их наадмаас өмнө олон улсын 13 томоохон тэмцээнд оролцож, эрхийн оноо цуглуулах аж. Одоогоор Бразилд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь нь юм байна. Уулзалтын төгсгөлд ДАШТ-д оролцох баг тамирчдадаа Египетийн Каир хотноо үзүүлсэн амжилтын буухиагаа таслахгүйн зэрэгцээ медалийн тоогоо ахиулахыг сануулав. Мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой уулзахад “Энэ тэмцээний өмнө бөхчүүдийн маань бие бялдар, сэтгэл санааны хувьд бэлтгэл нь хэдийнэ хангагдсан. Өндөр амжилт гаргаж, олимпийн эрхийн оноогоо нэмэх, медалийн болзол хангах зорилготой байна” хэмээсэн. Софт теннисчид Солонгосыг зорилоо БНСУ-ын Ансонг хотноо энэ сарын 9-13-ны өдрүүдэд дэлхийн софт теннисний аварга шалгаруулах XIII удаагийн тэмцээн зохиогдох билээ. Нийт 45 орны баг, тамирчид өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас 20 гаруй төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор өнөөдөр эх орноосоо мордож байна. Багийн бүрэлдэхүүнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар багтсан бөгөөд ахлагчийн үүрэг гүйцэтгэх аж. Харин тамирчдын хувьд Япон улсад бэлтгэл сургуулилт хийсэн Л.Тэмүүжин, У.Баясгалант, Г.Энхтүвшин, М.Анударь нар багтжээ. Тэднээс гадна Э.Энхмөнх, Х.Бакытжан нар ДАШТ-д шүүгчээр оролцох юм байна. Сонирхуулахад, 1999 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон XI удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай софт теннисчид хүрэл медаль хүртэж байсан уламжлалтай. Б.БАДМАА Зүүн хойд Ази, Сибирийн бөөгийн соёлыг дэлгэв “Өвөг дээдсийн сүнс хэнгэргийн аялгуунд” нэртэй бөөгийн эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд тавигдаж түүх, соёл сонирхогчдын анхаарлыг татсаар байна. Эрхүү мужийн орон нутгийг судлах музейн үнэт үзмэр Зүүн хойд Азийн болон Сибирийн ард түмний бөөгийн соёлын хэрэгслийн цуглуулгыг ийн дэлгэжээ. Яхад, буриад, урианхай зэрэг ард түмний бөөгийн ховор нандин цуглуулга болох гутал, энгэрэвчтэй тэрлэг, малгай товшуур, хонх зэрэг олон эд зүйлийг эндээс үзэж болох аж. Тухайлбал, 1894 онд яхад наймаачин П.И.Захаров, худын буриадуудын тайж Заяханов нар анхны хувцсыг үзэсгэлэнд өгсөн түүхтэй. М.Н.Хангалов, Н.Н.Агапитов нар Балаган, Верхолен, Эрхүүгээс бөөгийн хэрэгслүүдийг мөн цуглуулж, тайлбар бичиж үлдээжээ. 1930-аад он гэхэд бөөгийн үзэсгэлэнгийн ихэнх цуглуулга бүрдэж амжсан байна. Бөөгийн шашны уламжлалтай монголчуудын хувьд энэхүү үзэсгэлэн нь нэн сонирхол татахуйц юм. Л.Жамц