Ерөнхий сайд олон улсын бага хуралд оролцов Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдын ивээл дор зохиогдож буй “Хүн, байгаль орчинд халгүй бичил уурхай-үр дүнтэй түншлэл” сэдэвт Бичил уурхайг дэмжих олон улсын нийгэмлэгийн VII бага хурал Хүүхдийн ордонд үргэлжилж байна. Бага хурлыг нээж Ерөнхий сайд М.Энхболд үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Дэлхий дахины бичил уурхайн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг танай байгууллага энэ удаагийн ээлжит бага хурлаа миний ивээл дор зохион байгуулахаар санал тавьсныг хүлээн авч, өнөөдөр нээлтийн ажиллагаанд нь оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, үг хэлж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэрбээр цааш нь “Энэ салбарын өмнө дэлхий нийтэд тулгарч байгаа бүхий л асуудлууд бидний өмнө мөн нэгэн адилаар шийдлээ хүлээж байна. Монгол Улсын Их хурал, Засгийн газар бичил уурхайн ач холбогдол, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг сайтар нягтлан тунгаасны үндсэн дээр “Бичил уурхайн аргаар ашигт малтмал олборлох тухай хууль”-ийн төслийг парламентаараа хэлэлцэж эхлээд байна. Бичил уурхайг зөв гольдролд оруулах замаар хариуцлагатай, тогтвортой уул уурхайг бий болгох боломжтой бөгөөд зөвхөн энэ замаар л уул уурхайг хөдөөгийн хөгжлийн гол түлхүүр, байгаль экологийн ээлтэй салбар болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна” хэмээн хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. “Санхүүгийн гарц, сувгууд” сэдэвт хэлэлцүүлэг зохиогдоно Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын хөрөнгө оруулалт гадаад худалдааны агентлагтай хамтран “Монголын компаниудад зориулсан санхүүгийн гарц, сувгууд” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийн зорилго ашигт малтмал, уул уурхайн компаниудад бизнесээ өргөжүүлэхэд нь шаардлагатай мэдээллийг өгөх ажээ. Энд оролцохоор 100 гаруй компани мэдүүлгээ өгчээ. Тэд энэ сарын 11-ний өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Авто машин эзэмшигчдийг хүндэтгэл үзүүлэхийг хүслээ Улс төрийн их хэлмэгдүүлэлт эхэлсний 70 жил, Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж ирсэн. Энэ өдөр нийтийн авто замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслүүд гэрлээ асааж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Иймд эл өдөр 10:00-13:00 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх авто машин гэрлээ асааж хүндэтгэл үзүүлэхийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос замын хөдөлгөөнд оролцогсдоос хүсчээ. Зарим замыг нэг урсгалтай болгожээ Гэсэр сүмийн уулзвараас Баянхошууны чиглэл дэх зам шинэчлэлийн ажилтай холбогдуулан, Тасганы овооны уулзвараар баруун хойш эргэдэг замыг хаасан билээ. Харин өчигдөр өглөөнөөс эхлэн ОНРТВ-ийн байрны урд уулзвар хүртэлх хэсэг замыг ашиглалтад орууллаа. Дээрх замын засварыг дуустал Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн баруун замыг урдаас нь хойш ганцхан урсгалтай болголоо. Мөн төвийн хойд талын замыг баруунаас зүүн тийш нэг урсгалтай болгов. Эдгээр өөрчлөлт нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ямар ч бэрхшээл, хүндрэл үүсгэхгүй. Харин өнөөдрөөс эхлэн Зурагт, Сансрын чиглэлийн автобус зорчигчдоо ОНРТ-ийн байрны зүүн урдаас авна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.