Үүнтэй холбогдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говорин, Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын Ж.Гүррагчаа нар өчигдөр хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Анх Октябрийн хувьсгал ялсны 35 жилийн ойд зориулан зохион байгуулсан найрамдлын сар энэ жил 47 дахь удаагаа болж байгаа гээд Элчин сайд түүхийг эргэн дурслаа. Энэ жилийн найрамдлын сарын хүрээнд Улаанбаатар Дархан хот, Говь-сүмбэр, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймагт нэлээд ажил зохион байгуулах юм байна. Гэвч хэдхэн хоногийн өмнө хоёр улсын ГХЯ-ны сайдуудын Москва хотноо хийсэн хэлэлцээ, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон зэрэг асуудлыг энэ үеэр хэвлэлийнхэн ихээхэн сонирхож байлаа. Ингээд Элчин сайд Б.А.Говорин манай сурвалжлагчийн асуултад хариулсан юм аа. -Манай хоёр улсын ГХЯ-ны сайдууд саяхан Москвад хэлэлцээ хийхэд та байлцсан. Энэ уулзалтаар визээс гадна ямар асуудлаар ярилцав? -Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээг хөндсөн нэлээд чухал уулзалт юм. Танай ГХЯ-ны сайд Н.Энхболд Монголын өнөөгийн байдлын тухай манай сайд С.Лавровт мэдээлсэн. Түүнээс гадна С.Лавровт ГХЯ-ны сайдаар дахин томилогдсон явдалд баяр хүргээд хоёр талын хамтын ажиллагааны талаар Монголын тал ямар байр суурьтай байгаагаа танилцуулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай улсад албан ёсны айлчлал хийснээс хойш хамтын ажиллагаанд ямар ахиц гарсан тухай ч ярьсан. Энэ хугацаанд олон чухал асуудлыг шийдсэн. Нэгд, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн талаар хоёр улсын Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. 2003 оноос хойш энэ гэрээнд гарын үсэг зураагүй байсан юм. Мөн “Монголросцветмет” хамтарсан нэгдлийн үйл ажиллагааны талаар шинэ гэрээ байгуулсан. Хоёр сайд УБТЗ-ын гэрээг улам боловсронгуй болгох асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Олон талын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг ч хөндөж, НҮБ-д шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар бас ярилцсан. С.Лавров сайд хамтарсан үйлдвэрийн талаарх манай байр суурийг сайд Н.Энхболдод танилцуулсан. Аль аль талынх нь ашиг сонирхлыг хохироохгүй байх ёстой гэдгийг ч онцлон дурдсан. Бид ч УБТЗ-д шинэчлэл хийх талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хоёр тал ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатарт хотноо компаниудын хамтын ажиллагааг дэмжих чуулганыг зохион байгуулах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн юм. Хамгийн гол нь уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болгоосой гэдгийг хоёр тал дэмжсэн. -Манай уул уурхайн салбарыг ОХУ нэлээд сонирхож байгаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх талаар яригдсан уу? -Тэгэлгүй яахав. Манай улсын болон хувийн компаниуд танай уул уурхайн салбарт хэрэгжиж буй янз бүрийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг Оросын Засгийн газар дэмжиж байгаа. Монголын тал ч хөрөнгө оруулалт хийх асуудлыг аль болох түргэн шийдэж өгнө гэдэгт бид найдаж байгаа. -Манай хоёр улсын иргэд хэзээнээс харилцан визгүй зорчих вэ? -Гэрээнд гарын үсэг зурангуут. Одоо эдгээр бичиг баримтыг бэлэн болгохоор хоёр тал ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодож байна.