ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЛАБОРАТОРИУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:40

Сэтгүүлчийн үг

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад  шалгалт хийжээ. Энэхүү үнэлгээгээр хепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториас 15 нь чанарын шаардлага хангаагүй болохыг тогтоосон байна. 

ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга Г.Энхбаярын хэлснээр, “ЭМДЕГ-ын даргын тушаалаар энэхүү үнэлгээний дүгнэлтэд үндэслэн 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, санхүүжилтийг нь зогсоосон байна. Мөн “Хаппи вератис” лабораторид 876 сая, “Итгэл” 280 орчим сая, “Ай Ти” лабораторид 500 сая төгрөгийн акт тавьжээ.

Түүнчлэн лабораториуд улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандсан бөгөөд ЭМДЕГ ч мөн энэ асуудлаар шүүхэд хандсан агаад өдгөө иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байгаа аж.

Бусад 15 лабораторид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд албан шаардлага биелүүлж буй лабораториудын эрхийг эхнээс нь сэргээж, түдгэлзсэн байсан даатгалын гэрээг буцаан сэргээж санхүүжилтийг нь хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Сүүүлийн үед “Хаппи веритас”  лаборатори шалгалтанд бүдэрсэн гэх яриа газар авсан ч тус лабортари нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төдийгүй АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд оношилгоо шинжилгээ хийх хүсэлтээ ирүүлсэн байна.

Хяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд үйлчлээгүй байж ЭМДС-гаас санхүүжилтээ авахдаа бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо хийсэн мэтээр мөнгөө нэхэмжилж санхүүжилтээ авч байсан нь илэрсэн бөгөөд нэлээн олон даатгуулагчийн  шинжилгээг  хагас автомат төхөөрөмжөөр хийж байсныг тогтоожээ. Тодруулбал, ЭМДС-гаас нийт 8715 даатгуулагчийн 876 сая 760 мянган төгрөгийн зардал нэхэмжилж авчээ. Харин  “Ай Ти” лабораторийн хувьд мэргэшсэн хүний нөөцгүй,  их эмчгүй байсан ноцтой зөрчил илэрсэн учраас улсын байцаагчийн акт тавигдсан юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:40

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?