САЙН ҮЙЛСИЙН ГАМШИГ, СААР МУУГИЙН АМЖИЛТ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-31 13:09

Сэтгүүлчийн үг

Америк соёл иргэншил хүнд юу өгч байна вэ? Тачаангүй хүсэл, нэр алдрын шунал, садар самуун явах, гомо лесби, алаан хядаан, мансууруулах бодис хэрэглэх зэрэг үзэгдлийг өөгшүүлж, сурталчилж байж болох зүйл мэтээр хүлээн зөвшөөрч байна. “Автомат конформизм” буюу хүн ямагт бусдыг дуурайж, хувийнхаа хосгүй чанар, өвөрмөц байдлын сэрэл сэтгэлийг даран гаж буруу цэнгэлийг олох замаар бодгаль чанараа гээхийг хэлнэ. Үүнд “бусадтай адил” болж 21 зууны үеийн бие биеэ орлож чадах үй олон “мануухайн” нэг болж байгаа нь тэр. Дээр дурьдсан гаж зуршил, гэмт зан, самуун явдал гээд бараг бүгдээрээ өөрсдийн гэсэн өвөрмөц соёл, хэл яриа, урлаг, гоо зүйн ойлголтуудыг бий болгоод байгаа нь хачирхалтай. Гаж, гэмт ертөнц нь өөрийнхөө дасан зохицох чадвар, амьдрах орчин нөхцөлөө байнга хувьсган өөрчилж байдаг. Тэрээр өөрийн гэсэн үнэт зүйл, хууль журам, зан заншил, амьдралын онцлог хэм хэмжээ, дэглэм журам буюу гэмт орчныг бий болгож, өөрчилж байдаг. Гэмт зан төлөвшил нь өөрийн гэсэн нууц мэдлэгийг бий болгож, бусдыг түүнд уруу татаж, дасгаж, сургаж, сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг. Гэмт хэрэгтнүүдийн дунд нэр нөлөөгөө хадгалах, өсгөхийн тулд гэмт зан төрхөө бусдад тулган хүлээлгэх, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, бусдыг айлгах, дарамтлах гэх мэтээр авирлаж өөрийнхөө амьдралыг үзэх үзэл, өөрийн зан төлөв, үйл хөдлөлийг зөвтгөж байдаг. Хүн нийгмийн хэвийн амьдралд дассан байдаг боловч гэмт хэрэгтнүүдийн дунд орохдоо сэтгэл зүйн асар хүнд дарамтанд орж, түүний нэр төр нь доройтож нийгмийн хэв журмын эсрэг үзэл санаа бүрэлдэн тогтож гэмт этгээдүүдийг хүндэтгэн дагагч болон хувирдаг.                                                                                                                                                 

 Өгүүлрүүн; 1987 оны тавдугаар сард ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн Товчоо, Засгийн газраас хувийн үйлдвэр эрхлэлтийн үйл ажиллагааг зөвшөөрсөн “Хоршооллын тухай хууль” бэлтгэж байв. Бие засах газар, шорлогын газар, жижигхэн цайны газрууд, бага хэмжээний хоолны газрууд зэрэг анхны хоршооллын цэгүүд Москвад яг л борооны дараах мөөг шиг гарч ирлээ. Хоршооллын нэртэй анхны жижиг лангуунууд, дэлгүүрүүд гарч ирлээ. Үнэндээ бол эдгээр нь жижиг дэлгүүрүүд биш харин улсын дэлгүүрүүдийн салбарууд байсан бөгөөд хоршооллын болон гадаадын барааг зардаг байсны дотор үндсэндээ хятадын бараа зонхилж байжээ. Багагүй хэмжээний мөнгөтэй хоршооны эзэд, бизнесменүүд төрөн гарч эхэлсэн байна. Анхны дүрс бичлэгийн киноны салбарууд нээгдэж, баруунд үйлдвэрлэгдсэн дүрс бичлэгийн кинонуудын давалгаа москвачуудыг нөмөрлөө. Эдгээр нь голдуу л хязгаар төгсгөлгүй зодоонтой, каратэгийн тухай кинонууд, америйн рэкетүүд, гангстерүүд дээрэмчдийн тухай кино байсан бөгөөд Ф.Копполийн “Загалмайлсан эцэг” кино олон хүний хувьд “залуу оюун ухаанд” дээрмийн мэргэжил эзэмших сурах бичиг, үзүүлэх материал нь болж байсан нь тохиолдлын хэрэг биш юм. Түүнээс гадна хүнд хэцүү үед шийдвэр гаргахад сэтгэл зүйн ихээхэн туршлага болж, зоион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг удирдах, дайснууд болон нөхөдтэйгээ харилцаагаа зохицуулахад нь дээрх кино чухал удирдлага, жишээ болж байсан гэж гэмт хэргийн ертөнцөд нэр хүндтэй олон хүмүүс сүүлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Америкийн алаан хядаантай киноны үзлээр хүмүүжсэн 80-аад оны залуучууд тэдгээр киноны үйл явдлуудыг дээрмийн үйл ажиллагаандаа шууд дуурайн хуулбарлан хэрэглэдэг байжээ. Америк-Сицилийн мафийн тухай киноноос жишээ авч өөрсдийн бүлэглэлүүдээ байгуулсан хэмээн сүүлд нь цуутай толгойлогч нар болсон олон хүмүүс мөн хүлээн зөвшөөрсөн байдаг.                                      

1988 онд Юрий Карын бүтээл “дархлагдсан хулгайч” хэмээх рэкетүүдэд зориулсан анхны Орос кино орос орны кино дэлгэцээр гарсан нь өөрчлөн байгуулалтын өмнөх үеийн үйл явдлуудад тулгуурласан бөгөөд хохирогч нар нь тэр үеийн сүүдрийн эдийн засгийн төлөөлөгчид байсан юм. Гэхдээ мөнгө салгах арга нь 80-аад оны сүүлч үеийнхийг амжилттай харуулсан байна. Энэ кинонд гардаг индүүгээр хайрч айлгадаг хэсэг нь шинэхэн дээрэмчдэд анхны үзүүлэх хичээл, хоршоологчдын хувьд айдас төрүүлсэн зэвсэг болж байжээ. Үүний дараагаас эхлээд анхны гэмт хэргийн бүлэглэлүүд, бригадууд шинээр төрөн гарч байсан хоршоологчдыг идэвхтэйгээр дарамтлах болсон байна. Яг энэ үеэс ЗХУ-д анхны бүлэглэлүүд, бригадууд үүссэн гэж тооцдог. “Рэкетүүдийн довтолгоо” гэсэн сэдэв тэр үед ихээхэн моод болж бараг бүх сонин сэтгүүлүүдийн уламжлалт сэдэв болоод байлаа. Үнэн хэрэгтээ бол улайсгасан индүү, гагнуурын алх бүхий рэкетүүдийн шинэ дүр төрхийг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө бий болгосон юм. Жишээлбэл, орос хэлнийхээ “Вымогатель” буюу мөнгө татагч гэсэн ядруухан сонсогдох үгний оронд “Рэкетлэгч” гэсэн үгийг хэвлэлийнхэн л оруулж ирсэн байдаг.                               

Хэргийн материалаас:                                                                                                                      Люберецкийн бүлэглэл нь бүр 80-аад оны дунд үеэс Москвад их алдаршсан юм. Тэр үед зохион байгуулалттай гэмт хэрэг гэж байдаггүй байсан боловч Люберчүүд залуучуудын бүлэглэл гэж харагдаж байсангүй, богинохон засуулсан үс, өнгөлөн далдлах хувцас, ботинк өмссөн булчинлаг залуус байжээ. Эр зориг гарган ялгарсны бэлгэдэл болгож усан цэргийн тэмдэг зүүдэг байсан байна. Тэд долоон хоногт хэд хэдэн удаа нийслэл рүү орж гудамжаар яван панкуудтай зодоон хийдэг байсан юм.

Нэг үгээр хэлэхэд Люберүүд зөвлөлт нийгмийг цэвэр ариун байлгах үүрэг хариуцлагыг өөрсдөдөө үүрэн өөрсдийгөө систем буюу тогтолцоо гэж нэрлэцгээдэг байжээ. Гэвч зах зээл, барууны соёлын шуурганд 90-д оны эхээс Люберецкийн бригад нь өөрсдийн үзэл суртлын тэмцэл нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн эгнээнд шилжсэн байн. Тэдний үйл ажиллагааны гол чиглэлүүд нь янхандалт, нууц толоомын газрууд, валютын хууль бус эргэлтийг хянах явдал байлаа. 1991 он гэхэд бүлэглэлд 300 орчим гишүүн байсан бөгөөд тэдгээр нь 20 орчим бригад болон хуваагддаг байжээ. Хамгийн сонирхолтой нь урьд нь офицер байсан хүмүүс тэдний толгойлогч, зохион байгуулагч нар нь болсон байлаа. Тэр үед Москвагийн гэмт хэргийн ертөнцөд нэгэн мэдээ түгсэн нь Люберецкийн бригадынхан кавказын дээрэмчид болох “харууд”-ыг нийслэлээс шахан гаргах тэмцлийг идэвхтэй явуулж буй тухай яриа байсан юм. Дээрэмчдийн хооронд дайн дэгдэх олон шалтгаан байдаг боловч тэдгээрийг үндсэнд нь гурван бүлэгт хувааж болно. Үүнд нөлөөллийнхөө хүрээг хуваах, үндэстний хүчин зүйлүүд болон залуу үеийнхэн ба хөгшчүүдийн хоорондын зөрчил ордог. Мөргөлдөөнүүдийн үндсэн шалтгаан нь эзэмшлийн газар нутгийн маргаан байсан юм. Эдгээр мөргөлдөөнүүд нь орон нутгийн чанартай бөгөөд өргөн хэмжээний байлдааны ажиллагаанд хүрдэггүй байлаа. Гэсэн ч хэдхэн сарын дараагаар тэргүүлэх байр суурины төлөө мөргөлдөөнөөс илүүгээр үндэстнүүдийн асуудлыг хамарсан нөхцөл байдал илүү хурцдаж эхэлсэн байна. Славяны бүлэглэлүүдийн чеченчүүдтэй хийсэн дайныг дээрэмчдийн анхны дайн гэж нэрлэж болно. Энэ үед Чеченчүүдийн бүлэглэл санхүүгийн хувьд ч тэр, байлдааны ур чадварын хувьд ч тэр хөл дээрээ баттай зогссон байжээ. Түүний бүрэлдэхүүнд байрлаж байгаа газрынхаа нэрээр нэрлэгдсэн гурван хүчирхэг нэгтгэл багтдаг байлаа. Төвийн нэгтгэл нь Москвагийн төвийг хянадаг байсан бол үлдсэн гол бүлэглэлүүд нь бусад хэсгүүдийг хариуцдаг байжээ. Өмнөд усан зогсоолын бүлэглэл нь авто машины бизнесийг хяналтандаа байлгадаг байсан бол Останкины бүлэглэл нь Москва-Грозный чиглэлийн фургонуудын зогсоолыг хариуцдаг байсан гэдэг. Зогсоолууд дээр тавилга зөөвөрлөдөг, автомашины сэлбэг хэрэгсэл худалддаг болон жимс ногооны наймаачид, худалдаачид жолооч нартай тохиролцдог дамын наймаачид зогсдог байжээ. Эдгээр дамын наймаачдыг “Байкал”, “Останкинская” зэрэг зочид буудлуудад байрласан чеченчүүд удирддаг байсан байна. Гэвч энэ үед чеченчүүд банк, буудлууд, ресторанууд болон худалдааны газруудыг хяналтандаа авч тэднээс мөнгө татдаг ихээхэн ашигтай бизнесийг эрхлэх болсон байна. Энэ бүхэн нь “Славяны” ах дүүс нарын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Руслан Хасбулатовыг ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн дарга болсноор чеченчүүд нийслэлд орж ирэх түрлэг улам нэмэгдсэн юм. Москвад тэдний тоо маш ихээр нэмэгдэж байсан тул бүлэглэлүүд “өдрөөр биш, цагаар өсөж байн” гэж тэдний талаар ярилцах болжээ. Тэд бараг бүгдээрээ л ямар нэгэн албан ёсны баримт бичигтэй бөгөөд зэвсэг авч явдаг болжээ. Заримдаа сэргийлэхийхэн Хасбулатовын аль нэг холын хамаатныг баривчлах болжээ. Тэр нь биедээ зэвсэгтэй байх нь гарцаагүй. Тэгээд хэсэг байтал Хасбулатовын ойрын хүрээнээс хэн нэгэн утасдаад түүнийг тавиад явуулчихдаг байжээ. Тэд чухам ямар замаар бичиг баримт, зэвсэг олж аваад байгааг нь таахад хэцүү бишээ. Чеченчүүд их түрэмгий байдаг боллоо. Ихээхэн ашигтай арилжааны газрууд наймаачдыг тэд өөрсдөдөө булаан авч славянчуудыг шахаж байлаа. Славяны бүлэглэлүүдийн олон удирдагчид чеченчүүдийг Москвагаас зайлуулахыг хүсэж байлаа.                                                                                                                         

Гэмт хэргийн талаарх мэдээнээс: Мансууруулах бодис худалдаалдаг олон тооны цэгүүд бүхий, ихээхэн олон оюутны байр бүхий Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний найрамдлын Их сургуулийн оюутнууд анаша, геройн, кокайн ихээр наймаалдаг байжээ. Энэ газрыг хамгийн эхлээд мэдэлдээ оруулж авсан хүмүүс бол чеченчүүд болон ингушууд байжээ. (тахал тараасан) Тэд оюутнуудад мансууруулах бодис авчирч өгөөд орлогоос нь хүртдэг байсан байна. Түүнээс гадна кавказын дээрэмчид нууцаар хил давуулан оруулж ирсэн мансууруулах бодисоо  наймаалдаг африк оюутнуудад тусалдаг байсан байна. Ийм байдал нь славянчуудын санаанд нийцсэнгүй тул тэд орлогоосоо хуваалцахыг хэд хэдэн удаа шаарджээ чеченчүүдээс. Мансууруулах бодисын худалдааны орлогыг хуваалцахын төлөө тэмцэлдээний дүнд хэд хэдэн удаа хүний амь эрсэдсэн явдал болж, нэгэн оюутны байрыг шатааснаас болж 4 хүн нас барж, бас хэдэн хүн түлэгдэж шархджээ. Харин энэ удаа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан мөргөлдөөнөөс сэргийлж оюутны байр луу ирсэн хэд хэдэн гадаад маркийн машинтай 40 хүнийг газар хэвтүүлэн баривчилж чадсан байна.                                                                                                                                                                    80-аад оны сүүлч, 90-д оны эхээр Москвагийн гэмт хэргийн ертөнцөд өөрчлөлт гарчээ. Үүнээс өмнө гэмт хэргийн ертөнцөд мэргэжлийн хулгайч нар буюу дархлагдсан хулгайч нар гол нөлөөтэй байсан бол нийгэмд өөрчлөн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор, хоршооллын болон худалдаа арилжаа чөлөөтэй амжилттай хөгжих болсныг даган нийслэлийн гэмт хэргийн бүлгүүдийн толгойлогч нарын дотор өөрчлөлт гарчээ. Нэр хүндтэнгүүд буюу загалмайлуулж дархлагдсан хулгайч болоогүй толгойлогч нар гарч иржээ. Өмнө нь дархлагдсан хулгайч нарт ихээхэн ойр хүмүүсийг нэр хүндтэйд тооцдог байсан юм. Шинэ ойлголтоор нэр хүндтэнгүүд гэдэг нь гэмт хэргийн ертөнцөд өөрөө нэр хүнд олж авсан толгойлогч нарыг хэлэх болсон юм. Олон тооны бүлэглэлүүд бий болохын хирээр толгойлогч нарын тоо ч нэмэгджээ. Энэ бүхэн нь нэр хүндтэй толгойлогч нар гарч ирэхэд хүргэжээ. Гэхдээ дархлагдсан хулгайч нарын нөлөө буурсан гэж хэлж болохгүй. Харин ч эсрэгээр олон тооны бүлэглэлүүд дархлагдсан хулгайч нарыг дэргэдээ байлган зөвлөгч болон хөндлөнгийн шүүгчийн үүрэгтэйгээр ажиллуулах болсон байна. Энэ бүхний зэрэгцээгээр нэр хүнд бүхий толгойлогчнарын нөлөө улам нэмэгдэж байлаа. Нэр хүндтэй хүмүүс нь дархлагдсан хулгайч нараас зарчмын ялгаатай байдаг. Тэдний ихэнх нь гэмт хэргийн ертөнцийн уламжлал, хулгайч нарын ойлголтыг эрс үгүйсгэдэг байсан юм. Ингэх хэд хэдэн шалтгаан байлаа. Нэгдүгээрт, тэдний зарим нь хулгайч нарын дунд хүлээн зөвшөөрөгдөхгүй байлаа. Тэгээд өөрсдөө ч тийнхүү хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэхгүй байжээ. Хоёрдугаарт, зарим нэг нь өөрсдийгөө ажил хэрэгч бизнесменүүд, үйлдвэрлэл эрхлэгчид гэж үздэг байсан учраас гадаадын түншүүдтэйгээ харилцахад нь тэдэнд хулгайч гэсэн нэр зохимжгүй байжээ. Эдгээр шалтгаануудын улмаас тэдний ихэнх нь загалмайлуулж дархлагдсан хулгайч болохыг хүсээгүй юм. Нэр хүнд бүхий толгойлогч нарын дунд дархлагдсан хулгайч болохыг хүсдэг хэсэг ч байсныг үгүйсгэж болохгүй. Харамсалтай нь тэдэнд загалмайлуулж дархлагдсан хулгайч болох тодорхой нөхцөл шаардлага хангагдахгүй байжээ. Жишээлбэл, дархлагдсан хулгайч болохын тулд тодорхой хугацаагаар шоронд суусан байх, хамгийн гол нь хулгайч нарын уламжлалд үнэнч байх ёстой. Дархлагдсан хулгайч хүн ажил хийх ёсгүй, цэргийн алба хаах ёсгүй, гэр бүлтэй байж болохгүй, гарцаагүй шаардлага гарахаас бусад үед хүчирхийлэл, аллага таллага үйлдэж болохгүй, бусад хулгайч нараас ялгаран тодорсон байх ёстой. Өөрөөр хэлбэл зохион байгуулах чадвар, сэтгэл зүйн онцлогууд гээд гол нь өөрийнхөө тухай ямар нэгэн таагүй мэдээлэлгүй байх хэрэгтэй байдаг. Титэм зүүлгэх ёслол үйлдсэний дараа л дархлагдсан хулгайч болдог юм. Титэм зүүлгэнэ гэдэг нь намд элсэхтэй л адил шахуу. Хоёр хүн батлан даалт гаргана. Энэ бол гарцаагүй байх ёстой шаардлага. Хүн болгон өөр өөрийнхөөрөө дархлагдсан хулгайч болсон байдаг. Дархлагдсан хулгайч болохдоо голдуу тодорхой хочтой, хулгайч нарын шивээс хийх эрхтэй болдог. Дархлагдсан хулгайч цолыг худалдаж авах тохиолдол байдаг. Нийтийн санд их хэмжээний мөнгө төлж байж энэ цолыг авдаг. Гэхдээ дархлагдсан хулгайч цолоо шоронд батлахыг шаардах үе байдаг. Хэрвээ энэ цолоо батлан хамгаалж чадахгүй бол хурааж аваад л жирийн эрчүүдийн нэг болгоно. Ийм хүмүүс бол хоригдлуудын дотор хамгийн ихэнх хувийг эзэлдэг. “Дархлагдсан хулгайч болон нэр хүндтэй хүмүүс” шоронд ч эрхэм чанар, сайн талаа зүй ёсоор нь байлгах ёстой. Хулгайч нарын уулзалт зөвлөгөөн уламжлал болсон ажиллагаа байдаг. Гэхдээ ийм уулзалтуудад зөвхөн дархлагдсан хулгайч нар оролцдог гэж ойлгож болохгүй, эрүүгийн  ертөнцийн бусад төлөөлөгч нар бас байж болдог. Ийм уулзалтууд дээр голдуу л нөлөөллийн хүрээгээ хэрхэн хувааж авах, хэн нэгнийг дархлагдсан хулгайч болгон өргөмжлөх эсвэл цолыг нь хурааж авах, хэн нэгэн нэртэй хулгайчид ял оноох зэрэг асуудлыг хэлэлцдэг. Ийм уулзалтууд дээр хулгайч нарын төлөөлөгчид цугларан ямар бүлгийн хэн хэрхэн яаж аллага үйлдсэнийг тогтоох түүнд ямар хариуцлага оногдуулах талаар хэлэлцэж тохирдог. Дархлагдсан хулгайч нарын нэг чухал шинж бол тодорхой гэмт хэрэгт биечлэн оролцдоггүй ёс юм. Бас нэг чухал шинж бол хуулийн байгууллагынхантай хэзээ ч харьцах ёсгүй бөгөөд тэрч байтугай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхгүй байх ч эрхтэй юм. Гэхдээ энэ журмыг биелүүлэхгүй байх тохиолдол байдгийг хэлэх хэрэгтэй. Дархлагдсан хулгайч нарын бас нэг гол шинж бол “общак” буюу нийтийн сан хөмрөгийг хадгалдаг явдал юм. Нийтийн сан хөмрөг гэдэг бол гэмт хэргийн ертөнцийнхөн дунд ариун нандин ойлголт байдаг.       Энэ нь бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, шорон, мөрдөн байцаалт, эмнэлэг мэтийн хүнд нөхцөлд орсон нөхдөдөө туслах, нас барсан нэгнийгээ оршуулах зэрэг үйл ажиллагаануудад зориулагдсан мөнгө хөрөнгө юм.            

Үргэлжлэл бий...

 

 

                 ОЛХОНУУД Г.БАТТУЛГА /2017.15.05/



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-31 13:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?