САЙН ҮЙЛСИЙН ГАМШИГ, СААР МУУГИЙН АМЖИЛТ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-01 12:12

Сэтгүүлчийн үг

Үргэлжлэл   /Түрүүч нь http://dailynews.mn/i/10398/

1846 онд төрсөн  Софья Блювштейн /охин цагийн нэр нь Шейндля-Сура Лейбова Соломониак/ бол Хаант Оросын эрүүгийн ертөнцийн түүхэнд домог болсон дархлагдсан хулгайч  эмэгтэй. Энэ эмэгтэй  “общак”-г үүсгэн санаачилсан түүхтэй.  Түүний тухай “хууль ёсны хулгайч” (Вор в законе) гэсэн этгээд хэллэг хүртэл гарч байжээ.  Ихэс дээдсийг ядаж цөхөх юмгүй хуурч дөнгөдөг, голдуу үнэт эдлэлийн дэлгүүрээс эд зүйлс “авчихдаг” Сонька дундаж, ядуу амьдралтай хүмүүсийг хууран мэхэлж байсангүй.  Тэрээр зургаан хэлээр ярьж, төгөлдөр хуур маш сайн тоглодог байжээ. “Алтан гарт” хэмээх алдарт хочийг халаас сайн суйлдаг гэсэн утгаар биш, харин сайн хөгжимчин гэдгээрээ олж авсан гэлцдэг. Дээрээс нь жүжиглэх ховор авьяас, хүний сэтгэл татах онцгой чадвар нэмэгдэж дээдсийн хүрээлэнгийн тансаг хатагтайн дүрийг ядаж цөхөх юмгүй бүтээдэг байлаа. 1890 оны зун Сахалин арал дээр очсон Оросын сонгодог зохиолч А.П. Чехов, алдартай сэтгүүлч В.М.Дорошевич нар энэ эмэгтэйн тухай сонирхолтой дурсамж үлдээжээ. Өнөө цагт Москва хотын Ваганьковын оршуулгын газарт итали хийцтэй чамин хөшөө бий. Цагаан гантиг хөшөөний доор алдарт хулгайч нойрсож байгаа гэлцдэг. Даян дэлхийн хулгайч, луйварчид гар таталгүй мөнгө хаяж энэ хөшөөг босгожээ. Хөшөөн дээр “Сонька минь, ивээлдээ багтаагаарай, бид ажилдаа гарлаа”, “Сонька, амьдралын ухаан хайрлаач!”... зэрэг үгс дүүрэн сийлсэн байдаг. Сонька дажгүй боловсрол эзэмшиж чаджээ. Тухайн үед  эрүүгийн ертөнцөд түүнтэй дүйцэхүйц нөлөө бүхий нэр хүндтэй хүн байгаагүй гэдэг. Түүнийг хатгаа туссаны  улмаас нас барсан гэдэг ч  өвчний шалтгаан нь яг тодорхойгүй аж. А.П.Чехов, М.Дорошевич нарын бичснээс үзвэл “Алтан гарт Сонька” нь Ольга фон Штейн, Софья Ивановна Блювштейн хоёр өөр хүнийг нэгтгэсэн нэг дүр байж болзошгүй юм гэж судлаачид үздэг. Тэгэхэд жинхэнэ Сонька европоор тэнэн луйвраа хийж яваа,  Сахалинд өөр хүн түүний нүглийг үүрээд ирсэн гэсэн цуу яриа тарж байжээ. “Алтан гарт Сонька”-гийн тухай  “Алдарт балмад Софья Блювштейнийн адал явдал” гэсэн дуугүй кино анх 1915 онд гарчээ.  Дараа нь 2007 онд бидний мэдэх “Алтан гарт Сонька”, 2010 онд “Сонька буюу домгийн үргэлжлэл” , 2013 онд “ Цагийн гогцоо” гэсэн телевизийн олон ангит кинонууд гарчээ. Хамгийн аюултай нь дархлагдсан хулгайч нар маш өндөр боловсролтой байдаг.

Бас нэг онцлог бол ихэнх хулгайч нар өөрсдийн гарал үүсэл буюу хулгайч нарын уламжлал, ёс журмыг маш сайн мэддэг явдал юм. Дархлагдсан хулгайч нар 30-аад оны сүүлчээр бий болсон бөгөөд тэр үед тэднийг паханууд гэдэг байжээ. Пахан гэдэг нь харин жиганууд гэдгээс үүсэлтэй ажээ. Зогсонги байдлын үед хулгайч нарын хэм хэмжээг хатуу чанд баримтлах явдал дээр үндэслэгдсэн харьцангуй дэг журам үйлчилдэг байсан юм. Эрүүгийн ертөнцөд хуучин хулгайч нарын нөлөөлөл буурч, нэр хүндтэй шинэ хүмүүс гарч ирэх болсноор зөрчилдөөн улам хурцадсан байна. Эрүүгийн үзэл суртал ч бас өөрчлөгдсөн байна. Хэрвээ урьд нь хулгайч нарын уулзах дуртай газар нь “бөөрөлзгөнө” гэж нэрлэдэг байшингийн чердак мэтийн газар байдаг байсан бол харин орчин үеийн хулгайч нар нэр хүндтэй томоохон ресторанд уулзалдахыг эрхэм зүйл гэж үздэг болсон байна. 1980-аад оны сүүлч, 90-өөд оны “Оросын Мафи” хэмээх нэр томьёо өрнөдийнхний дунд дэлгэрчээ. Оросын мафи нь хамгийн харгис хэрцгий, хамгийн хэмжээ хязгааргүй гэмт хэргийн бүлэглэл гэж тооцогддог байна. Оросын мафийнхны олонх нь барууны мэргэжил нэгтнүүдээ ихээхэн дуурайх болжээ. 1994 он бол дээд амжилтын жил байлаа. Дүн бүртгэлээс харахад энэ хугацаанд Москва хотод 500 захиалгат аллага болжээ. Ийм тоо баримт гэмт хэргийн түүхэнд хэзээ ч гарч байгаагүй билээ. Олон сэтгүүлчид Москвагийн 1994 оныг 1930-аад оны үеийн Чикаготой харьцуулж байв. Нэг талаар тэдний зөв ч юм шиг. Нийслэлийн гэмт хэргийн бүлэглэлүүд өөр хотуудаас ирсэн дээрмийн бүлгүүдэд байр сууриа тавьж өгөхгүй хэмээн тэмцэж байсан юм. Зарчим бол нутаг нутагтаа, дош дошондоо эзэн байх л ёстой. Үндэс угсаа газар нутгийн шинжтэй нөлөөллийн хүрээгээ хуваах тэмцлийн зөвхөн дан тоо баримтыг толилуулья. 1992 онд орост 1684 гэмт бүлэглэл байсны зөвхөн 11-ийг нь дээрмийн бүлэглэл гэж шүүхээр тогтоогоод байсан бол 1993 онд Москва 352 бүлгийг, 1994 онд 596 бүлгийг тус тус устгасан байна. Тэглээ ч гэсэн энэ бүхэн хотын гэмт хэргийн байдлыг бууруулсангүй. Яагаад? Магадгүй баривчлагдан шоронд суусан дээрэмчдийн оронд шинэ залуу үеийнхэн гарч ирэн дээрмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсонтой холбоотой байж болно. Улс орон эдийн засгийн байдал дээрдэн, соёлтой боловсролтой болсон цагт л залуу үеийг, ядаж тэдний тал хагасыг ч гэсэн гэмт хэргээс холдуулан гэмт хэргийн өрнөлтөд цэг тавьж болох юм.                                                                                                    

Тэр үед оросын эрүүгийн ертөнцөд нэгэн чухал үйл явдал болсон нь Эрхүү мужийн Тулунскийн шоронд хоригдож байсан Япончик хочит алдарт Вячеслав Иваньковыг хугацаанаас нь өмнө сулласан явдал байлаа. Энэ үйл явдал нь Калины үхэл болон кавказчууд хүчтэй болсонтой бас холбоотой юм. В.Иваньковыг суллах өргөдлийг доктор Святослав Федоров, Дээд шүүхийн даргын орлогч А.Меркушев нарын ихээхэн нөлөөтэй хүмүүс гаргасан юм. Меркушев Иваньковын хэргээр өмнө нь хоёр удаа эсэргүүцэл бичиж байсан гэдэг. Хуулийн байгууллагын олон хүмүүс Япончикийг оросын мафийн “загалмайлсан эцэг” гэж үздэг байсан юм. Хугацаанаасаа 5 жилийн өмнө түүний буцаж ирсэн явдал нь Москвагийн эрүүгийн ертөнцөд ихээхэн шуугиан тарьжээ. Тэр үед ДЯЯ-ны шинжээчид болон гэмт хэргийн бүлэглэлүүдийн олон удирдагчид Япончик суллагдсанаар нөлөөллийнхөө хүрээг дахин хуваах, чеченчүүдийн эсрэг шинэ дайн дэгдэх зэрэг үйл явдлууд сэргэх болно гэж дүгнэсэн байдаг. Гэвч удалгүй санаанд оромгүй явдал боллоо. Учир юу вэ гэвэл Отари Квантришвили Иваньковт шинэ албаны гадаад паспорт бэлтгэсэн байсан учир тэр эхлээд ХБНГУ, дараа нь АНУ руу явж тэндээ үлдсэн ажээ. Тэр бээр АНУ-д очоод тэнд суурьшсан оросын бүх бизнесменүүдтэй уулзаж, чеченчүүдэд алба татвар төлөхгүй харин Славяны бүлэглэлүүдэд мөнгөө өгч байхыг ятгаж бас эх орноосоо хулгай хийгээд Америк руу зугтсан саятнуудын араас явсан байдаг. Япончик АНУ-д 2 жил болоход оросын гэмт бүлэглэл хэд дахин өссөн бөгөөд АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлжээ. Холбооны мөрдөх товчооны мэдээллээр 1995 онд якудза 35000, Коза Ностра 43000, Оросын мафи 140000 гишүүнтэй байжээ.

Отари Квантрашвили:1948 онд төрсөн. Сонгомол барилдааны  олон улсын хэмжээний мастер цолтой, Лев Яшины нэрэмжит тамирчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх сайн санааны нийгэмлэгийн дарга байжээ. 1981 онд Япончикийг баривчлахад түүний хоёр хүүхдийг ивээлдээ авч байжээ.

Түүнээс гадна Квантрашвили Москва хотын зөвлөлийн “Динамо” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилдаг байлаа. Квантрашвили  1988 оноос бизнес идэвхтэйгээр эрхлэх болсон байна. Тэрээр 1994 оны 4 сарын 5нд Краснопресненийн халуун усны газарын дэргэд буудуулж алагджээ. 4 сарын 8нд Отариг Ваганьковийн оршуулгын газар оршуулсан билээ. Өглөө эртээс авхуулаад Ваганьковийн оршуулгын газарт олон тооны гадаадын үйлдвэрийн машинууд цугларлаа. Ирсэн хүмүүс бүгдээрээ л үнэтэй ганган хувцас өмссөн, ноолууран пальтотай улс байлаа. Үд гэхэд тэдний тоо хамгийн ойролцоо тоогоор 1500 хүрсэн байв. Ирсэн хүмүүсийн дунд алдарт дуучин Иосиф Кобзон, цанын олон төрөлтийн олимпийн аварга Алексанр Тихонов, алдарт кино жүжигчин Борис Хмельницкий, боксчин Станислав Степашкин, бөхчүүд болох Михайл Мамайшвили, Николай Балбошин нарын хүмүүс  иржээ. Түүнээс гадна түүний оршуулгад хотын бараг бүх гэмт хэргийн бүлэглэлүүдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байжээ. Зурагтын болон хэвлэл сонины олон хүн тэнд бас очсон байлаа. Оршуулгын ажиллагаа дээр Москвагийн эрүүгийн хэргийг сурвалжлах алба, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, ДЯЯ, Холбооны аюулгүй байдлын албаны 30 гаруй ажилтан ирчихсэн дүрс бичлэг хийж байлаа. Түүнээс гадна оршуулгын газрын үүдэнд тусгай зориулалтын болон онцгой зориулалтын сэргийлэхийн отрядын дайчид бүхий автобус зогсож байв. Оршуулгын дараагаар түүнд ихээхэн ойр байсан хүмүүсийг Москва зочид буудлын гуравдугаар давхарт байрлах гашуудлын будаалгад урьжээ. Тэнд хүрэлцэн ирсэн Иосиф Кобзон: “Орос орны эсрэг байдаг хүмүүс Отариг буудлаа. Отаригийн дараа алагдах хүн бол намайг гэж нэгэн сонинд бичсэнээр би бахархаж байна” хэмээн хэлсэн юм. Зарим хүмүүс Отариг алах даалгавар өгсөн хүн бол тэр үеийн Москвагийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга В.Рушайло гэж хэлж байв. Талийгаач түүнтэй сөргөлдөж байсан билээ. Үнэхээр телевизийн нэгэн ярилцлагадаа Отари Рушайлогийн хүүхдүүдэд илэрхий заналхийлсэн байна. Отари хэдийгээр ихээхэн том хүн байсан боловч эрүүгийн ертөнцийнхөн дотор тийм ч их нэр хүндтэй байгаагүй билээ. Тийм болохоор түүний үхлээс болоод Москва даяар бөөн буудалцаан болох ёсгүй.

Америкийн сонинуудын мэдээнээс:Хулгайч нарын хаан Япончик хочит Вячеслав Иваньков 1995 оны 6 сарын 8ны өглөө АНУ-д баривчлагдлаа. Энэ үйл явдалд зориулагдсан Нью-Иоркт болсон хэвлэлийн бага хурал дээр Холбооны мөрдөх товчооны захирлын туслах Джеймс Келлстрон хэлэхдээ Иваньковыг баривчилсан явдал бол Оросын мафитай тэмцэж байгаа Холбооны Мөрдөх Товчооны хамгийн том амжилт юм гэжээ. Түүний хэлснээр Холбооны Мөрдөх Товчооныхон Оросын Холбооны Улсын ДЯЯ-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажилласны дүнд ийм амжилтанд хүрчээ. Япончик болон түүний бүлгийн 8 гишүүнд АНУ-ын банкны эздээс 5 сая доллар айлган сүрдүүлж авсан хэргээр ял тулгаад 9.6 жилийн хорих ял оноосон байна.  Япончикийг баривчилснаар хулгайч нар болон эрүүгийн ертөнцийн дунд нөлөөллийн хүрээгээ дахин хуваан авах дээрэмчдийн шинэ дайн дэгдэнэ гэж бодоцгоож байсан боловч хачирхалтай нь ийм явдал болсонгүй. Дархлагдсан хулгайч нар болон хулгайч нар өөр хоорондоо тохиролцож чадсан гэж ярилцдаг. Магадгүй Япончикийн эзэнт улсыг хувааж авахыг хэн ч зүрхлээгүй байж мэднэ. Америкийн шоронд хорих ялаа эдлэж дуусангуут  2004 оны Долдугаар сарын 13нд алдарт дархлагдсан хулгайч Япончийг АНУ-с маш нууцаар Москвад авчиржээ. Нисэх онгоцны буудалд хүлээж байсан сэтгүүлчдийг хуурамч замаар төөрөгдүүлээд тусгай хүчний дайчид суулгасан хоёр жижиг автобусаар тэднийг өөр зүгт явуулаад харин дархлагдсан хулгайчийг Ходорковский, Лебедов нарыг авчирч байсан хуягласан “Форд” машинаар түүнийг авч явжээ. Түүнийг харгалзуулахаар 15 машин явж байсан, зориудаар цувууг явуулахын тулд Ленинградын засмал замыг хаасан байжээ. Япончикыг Матросская Тишина шоронгийн 4-р хэсэгт аваачсан бөгөөд 1992 оны 1 сард “Фидан” хэмээх зоогын газарт туркийн хоёр иргэнийг алсан хэргээр ял тулгасан боловч нотолж чадсангүй.                                                                                  

Оросын мафийн загалмайлсан эцэг Япончик хочит Вячеслав Иваньковийг 60,70-аад онд дархлагдсан хулгайч байсан Монгол хочит Геннадий Корьков ивээлдээ авч загалмайлсан байдаг. Хэдийгээр өнөөгийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон хулгайч нар өмнөх үеийнхнийхээ гэгээн дурсгалыг ихээхэн хүндэтгэдэг ч гэсэн өнгөрсөн үе эргэж ирэлтгүйгээр одсон гэдгийг сайн ойлгодог юм. Анхны албан ёсны хулгайч нарын хэтэрхий тансаглахгүй амьдрахыг эрмэлздэг байсан байдал нь одоо хүндлэгдэхгүй болжээ. Одоо бүхнийг мөнгө л шийддэг болсон байна. Эндээс л өнөө үеийн нэр хүндтэй гэмт хэрэгтнүүдийн гадаад дүр төрх бий болж өмнөх үеийнхээсээ эрс ялгарах болсон ажээ. Өөрсдийн гэсэн эрүүгийн  хэргийн ертөнцийг бий болгосон өнөөгийн албан ёсны хулгайч нар маш хурдан баяжиж, дээд зэргийн тансаг орд харшид амьдран алдартай загвар зохион бүтээгчдийн хийсэн хувцасаар гангарч, дээдсийнхний унадаг Мерседес-600 юмуу эсвэл үнэтэй жип машин хөлөглөх болсон байна. Эрүүгийн ертөнцийнхний захиран, захирагдах ёсон дахь бас нэг түвшний улс бол дээд болон доод хэсгийг холбож байдаг хүмүүс болох бригадын ахлагч нар билээ. Тэд бүгдээрээ залуу үеийнхэнд хамрагдах бөгөөд гадаад байдлаар нь “шинэ оросууд” гэж хэлэхэд бүрэн тохирох улс юм. Тэд Версачегийн урлангийн үнэтэй костюм өмсөж, “ролекс” цаг зүүн, гоё ганган торгон цамцнууд өмсдөг ажээ. Харин хүзүүнд нь бүдүүн гэгчийн алтан гинжүүд гялалзаж байдаг юм. Тэр үед хүмүүсийн зүүсэн алтных нь тоо хэмжээгээр тэр хүн хир зэрэг нөлөөтэй болох хийгээд түүний бүлэглэл ямархуу хүчтэй гэдгийг мэдэж болдог байжээ.   Мафи

Мафи нь аль ч газар нийгмийн шаардлагаар гарч ирдэг. Анхандаа мафи нь ард түмэн улс гүрний хэдэн зуун зуун жилээр дарангуйлан захирч байсан харийхан болон урвагч төрийн эрх баригчидтай тэмцэх зорилготой байгуулагдсан нууц байгууллагын нэр болсон байлаа. Харгислал, эрүү шүүлт ядуу баяныг үл ялган хар салхи мэт хуйлран нөмөрч, сурвалжит язгууртай газрын эзэд католик сүмийн томоохон лам нар малчид тариачдыг төмөр гараар номхотгож дарж байжээ. Энэ засаглалын гар хөл болсон цагдаагын газрыг энгийн ардууд яг л засаг ноёд, эрх баригчидтай адилтган үзэх тул хэн нэгнийг “цагдаа” гэж муулан дуудахаас илүү аймшигтай доромжлол Сицили нутагт байсангүй. Дураараа дургих харгис засаглалын өрөвдөх сэтгэлгүй дарлал дор тарчлан зовсон ардууд амьд үлдэх, язгуур үндсээ аврах арга хайн сүвэгчлэхдээ гомдон өшсөн юмуу, хорсон хилэгнэснээ хэзээ ч ил гаргахгүй байж сурчээ. Хар уурандаа занаж сүрдүүлбэл түүнийгээ хэрэгжүүлж амжихгүй хариу шийтгэл амсах учир тийм үг хэлж болохгүй. Нийгэм чиний дайсан гэдгийг хэзээ ч үл умартан, хэрвээ шударга бус явдлын хариу хонзонгоо авахыг хүсвэл Мафид л очих хэрэгтэй. Энэ мафи өдрөөс өдөрт бэхжин хүчирхэгжээд, нийтээр бие биенээ хаацайлан даах хууль, нууц хадгалах тангараг буюу “омерта” гэгч нь яваандаа хүмүүсийн сүсэглэн бишрэх шүтээн нь болж, эмэгтэйчүүдээс хэн нь ч эр нөхрийг нь алсан, хүүхдийг нь эрэмдэг болгосон, охиныг нь хүчиндсэн хүний нэрийг цагдаад хэлнэ гэдэг ёстой үгүй. Засаг төрийн эрх баригчдаас шударга үнэнийг хүсэн хүлээнэ гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхдэгтэй адил гэдгийг хүн зон андахгүй мэдэх болсон байна. Айж эмээх, эрх мэдэлгүйтэн дарлуулах, үгүйрэн ядуурах явдал газар авч хууль ёсны засаглалын хүний үнэргүй, хуурамч хуудуу үйлдэл хөдөлбөргүй мэт болж, иргэдээ хамгаалж өмөөрнө гэдэгт итгэдэггүй болохоор зөвхөн сонгуулийн үеэр үнэн худалыг хамж, арга заль бүхнээ ашиглаж байгаад олонхийн саналыг олж авахаас өөр юм чаддаггүй хүмүүст хувь заяагаа даатгахыг үл хүснэ. Дэлхийн хэмжээний хүчирхэг синдикат, мафи болох Японы “Якудза”, Итали “Коза Настро”, Хятадын “Триада” Оросын мафи, болон ерөнхийдөө мафиоз хүний итгэл үнэмшил нь; цус яс, овог отог, үндэс угсаа, нэр төр, захиран захирагдах ёсон, үнэнч байхад л мөн чанар, хүч нь оршдог. Хэрэв мафиоз хүн нэр төрийг үл огоорон дан ашигт шунах аваас, гудамжны шалихгүй гэмт хэрэгтнээс ялгаа нь үгүй болно. Харамсалтай нь манайд эрүүгийн гээд хэлчих хүн, бүтэц алга. Сайхан залуус байна. Гэвч сэтгэлзүй нь бэлэн биш, итгэл үнэмшил байхгүй бүр золбирчихсон. Шоронгуудыг нь дампууруулж орхисонд, эрүүгийн систем бүрэлдэхгүй байна. Чанартай сайн бүтээгдэхүүнүүд хэзээ гарахыг тэнгэр мэдэг. Хүнийг асар их амжилт гаргасан эсвэл тэвчишгүй том алдаа хийснээр нь дүгнэх хэрэггүй. Харин “тэр” ингэх нь шударга бус гэдгийг л мэдэрч сурсан байх ёстой. Гол нь шударгадаа ч байгаа юм биш. Жинхэнэ эр хүн ямар байхад л хамаг учир нь байдаг. Өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа шоу бизнес, сэкс бизнес, мөрийтэй тоглоом, мансууруулагч, галт зэвсгийн наймаа, хүний наймаа, авилга зэргийг нэгэнт л хорьж дийлэхгүйгээс хойш гагцхүү эмхлэн цэгцэлж дорвитой сууртай бизнес болгох нь мафийн зорилт зорилт мөнөөс мөн. Харин энэ ажлаас хөндийрч, урсгалаар нь тавьж яасан ч болохгүй. Гэрэлт ертөнцөд ч, гэмт ертөнцөд ч бай тохирсон хууль дүрэм мөрдүүлэх засаглал байх ёстой. Зах зээл бол зах зээл, харин онцгой эрх гэдэг бол нутаг дошондоо эзэн байх, бүхнийг захирах засаглал.

Тэгэхлээр юуны өмнө өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр хяналт тогтоож, цаашлаад өрөөлийн нутагт онцгой эрх олж авах. Гагцхүү цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах л хэрэгтэй. Манай Монголд ч тухайн үеийнхээ урвагч, залхай, улсаа худалдаж идэхэд бэлэн байсан засаг ноёдтой, мөнгө хүүлэгч луйварчин хятадуудийг үл зөвшөөрч эрслэн босож тэмцэж явсан шилийн сайн эрс цөөнгүй байсан.                                                                                                

Өнөөдөр 2017 он Монгол улсад шударга ёсны хэмжүүр тун эргэлзээтэй, хуурамч санагдан, дэг журам ер дээрдэх юмгүйг бид харж байна.                                                                            

Үндэсний стратегийн онцгой обьектууд болох зам тээвэр, харилцаа холбоо, банк, уул уурхайгаас эхлээд баар зоогийн газар, зочид буудлууд, эмнэлэг, сургууль гээд бүх салбарт харийнхан эзэн сууж байна!

Харийнхан ирж эмс охидоор минь тохуурхан бузарлаж байна!

Монгол залуус, эмэгтэйчүүд амьдрахын эрхэнд хүний нутагт хөлс хүчээ шулуулж, дээрэлхүүлж, үхэж үрэгдэж гэмт хэргийн золиос болж байна!

Эрлийз хурлийз, золбин ноход хятадаас мансууруулагч оруулж ирж насанд хүрээгүй хүүхэд залууст мөн олигархуудын тэнэг жаалуудад зарж, оруулж садар самуунд уруу татаж байна! Улсад болон хувь хүмүүст олон тэрбум төгрөгийн хохирол учруулаад цөөн жилээр хорих ял аваад шорондоо очоод тансаглаж суудаг луйварчдыг яах вэ?

Гадагш зугтаж гарсан мөн гадна офшорт их хэмжээний мөнгөтэй  төрийн өндөр албан тушаалд байгаа, байсан оргодол хулгайч нарын араас хэн явах вэ?

Авилгач дарга нартай хамсаж эх нутгийн минь алтан хэвлийг ухаж төнхөж буй харийн дээрэмчидтэй хэн тооцоо бодох ёстой вэ?                               

Иймээс л Улаанбаатарын дүүргүүд, гудамжууд, хөдөө орон нутаг дэвсгэрийг ёс журамтай “Монгол ахан дүүс” яагаад эзэн сууж, хяналтаа тогтоож болохгүй гэж?  Бид нутагтаа эзэн суух ёстой! Нутаг дэвсгэр эмх цэгцтэй байх ёстой! Хяналтандаа авах ёстой! Мафи нь төр, ард түмний түшиг тулгуур болж ашигаа өгдөх байх ёстой! Монголчууд бидэнд хээрийн боохойтой нийлж хот руугаа гэтдэг эрлийз хурлийз золбин ноход хэрэггүй ээ, харин бидэнд хоточ Монгол банхарууд үгүйлэгдэж байна шүү! Морин туурай хүрэх газар бүхэн чиний нутаг шүү хүү минь...Мөнх Тэнгэр байгаа цагт Монголын үрс үргэлж хүчирхэг. 

 ОЛХОНУУД Г.БАТТУЛГА  /2017.15.05/

             

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-01 12:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?