ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГИЙГ ЭНЭ САРЫН 10-НД ШҮҮНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-05 08:49

Сэтгүүлчийн үг

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна. Шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны 08.30 цагт товложээ. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.  Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй. 

Улмаар гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-05 08:49

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?