КАЛИФОРНИД ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАЖ, ИРАНД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-06 01:36

Сэтгүүлчийн үг

“COVID-19” халдварын улмаас АНУ-ын Калифорни муж улсад нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан лхагва гарагт тус мужид онцгой байдал зарласан байна.

“Калифорнид коронавирусний халдварын нийт 53 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аяллын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн иргэн лхагва гарагийн өглөө нас барсан" гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсом мэдээлжээ.
Калифорнийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, онцгой байдал зарласнаар халдварын тархалтыг хязгаарлахад холбооны Засгийн газраас илүү их төсөв гаргуулах боломж бүрдэх ажээ.

АНУ-д өнөө өглөөний байдлаар “COVID-19”-өөр халдварласан хүний тоо 159 болж, 11 хүн /Вашингтон муж улсад 10/ нас барсан байна.

Калифорни нь уг халдварын улмаас онцгой байдал тогтоосон АНУ-ын гурав дахь муж улс бөгөөд өмнө нь Вашингтон, Флоридагийн эрх баригчид ийм шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Иран улсад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор томоохон хотууд хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тус улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 107 болжээ. Иранд сургуулиудын сургалтыг дөрөвдүгээр сар хүртэл түр зогсоосон юм. Энэ хугацаанд зорчих хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Мөн тэрбээр мөнгөн дэвсгэрт ашиглан төлбөр төлөхөөс зайлсхийхийг уриалсан байна. Иранд пүрэв гаригт уг халдварын 591 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 3513 болж, нас барсан хүний тоо 15-аар нэмэгдэж 107-д хүрчээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-06 01:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?