С.ЭРДЭНЭ: МАНАЙ НАМ ХЭН НЭГНИЙГ МӨРДӨЖ, МӨШГИХ ҮҮРЭГГҮЙ.

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-09 07:22

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс цөөн зүйлийг тодрууллаа. 

-"Тавантолгой"-гоос IPO гаргах асуудалд АН ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл оруулж байна. Өнөөдөр "Тавантолгой" компанийн 30 хувийг худалдах, арилжих асуудал орж ирж байна. Өнөөгийн Засгийн газар 3-5 тэрбум ам.долларын IPO гаргаж, дэд бүтцээ өрнүүлнэ гэж өмнө нь ярьж байсан. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар асуудлыг шийднэ гэж байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд "онцгой нөхцөлд дараалал харгалзахгүй шууд хэлэлцдэг" байх өөрчлөлтийг оруулахаар төсөл барьж байна. Ямар ч тохиолдолд "Тавантолгой"-н хувьцааг худалдах биш өөр замаар зохицуулалт хийж болно. "Тавантолой"-н үр ашгийг нэмэгдүүлэх өөрийнх нь бодит боломж байгаа. "Тавантолгой"-н уурхай жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. IPO хийх замаар ямар санхүүжилт бүрдүүлж, юу хийх гээд байгаагаа тодорхой ярих ёстой. Тийм учраас Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрээ эргэж хар гэсэн шаардлагыг тавьж байна.

-Ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай юу?

-Эдийн засгийн байнгын хороог яаралтай хуралдуулах, ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай. 

-Таныг хуулийн байгууллагад дуудагдсан гэсэн. Энэ талаар?

-Би шүүхэд дуудагдаагүй. Хуулийн байгууллагад дуудагдах асуудал хийгээгүй. Сонгууль дөхөхөөр улстөржилтийг хууль бусаар хийж байна. Ор үндэсгүй зүйл ярих хэрэгтэй. Хоёр ч удаа яллагдагчаар татагдах зүйл яригдаад, үндэслэлгүй болох нь батлагдсан. Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Би жирийн иргэний хувьд ч, төрд ажиллаж байхдаа ч хууль хяналтын байгууллагаас зугатааж явсан түүх байхгүй. 

Ц.Элбэгдорж 2009 оноос АН-ын гишүүнчлэлээс түдгэлзсэн. АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Шалгах шаардлагатай улсуудыг АН олох үүрэг байхгүй.  Эрх барьж байгаа бол өөрсдөө Ц.Элбэгдоржийг олж ир. Тэр хүн төрийн тусгай хамгаалалтад байгаа. Бид хэн нэгийг хоморголон баривчилдаг нам биш. Тийм ЗГХЭГ-ын даргыг хараад харамсаж байна. Бид улс төрийн намын хуулийн хүрээнд л ажилладаг. Манай нам хэн нэгнийг мөрдөж, мөшгих үүрэггүй. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-09 07:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?