ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ “УС БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-22 05:38

Сэтгүүлчийн үг

Дэлхийн усны өдрийг анх1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил", 2016 онд “Сайн ус-Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй-Усны шийдэл”, 2019 онд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриандор тэмдэглэн өнгөрүүлж байсан бол энэ жил УС БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТуриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ тухай мэдээллийг Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн-Шишхэд сав газрын захиргаанаас хүргэж байна. 

Энэ жилийн усны өдрийг яагаад “УС БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа вэ?

Доорх зургуудыг хараад хүн бүр эргэцүүлэн бодоосой...
Дэлхийн хойд туйлд хүн төрөлхтөний одоогийн болон ирээдүйн цэвэр усны хэрэглээний нөөц, баталгаа болсон үнэт эрдэнэ мөс далайн усанд хайлж, цагаан баавгай тэргүүтэй амьтад живж үхэхэд хүрч байна. Тэнд усны илүүдэл, мөсний (цэвэр усны) хомсдол бий болж байна.

Дэлхийн зарим бүс нутагт уур амьсгалийн өөрчлөлтөөс хамааран хур тунадасны горим өөрчлөгдөж, ган гачигийн давтамж нэмэгдэн усны нөөцийн хомсдолд орж улмаар хүнс тэжээлийн дутагдал, үерийн аюул, эдийн засгийн сүйрэл нүүрэлж байна. Тэнд ганц нэг амьтны тухай биш бүхэл амьдрал сөнөж мөхөж магадгүй тухай яригдаж байна.

Дэлхийн зарим хэсгүүдэд урд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй аймшигт ойн болон талын түймэр таарсан бүхнээ залгиж, үнс нурам үгүйрэл хоосрол, үхэл хагацлыг үлдээж байгааг бид харсаар, сонссоор...АНУлсад гарсантүймрүүд, ОХУ-ын сибирийн ойн түймэр, оны эцэст Австралийн түймэр. Эдгээр түймрийн дараа усны нөөцийн хомсдол, хүнс тэжээлийн дутагдал, ан амьтны сүйрэл, эдийн засгийн хохирол үлдсэн.

Энэ бүхнийг мэдсээр, харсаар, ихдээ л санаа алдсаар, биднээс Монголчуудаас хол юм гэсээр суух уу? Үгүй ээ, усны нөөцийн хомсдол аль хэдийн нүүрлэчихээд, үерийн аюул уулын цаана ирчихээд, жил бүр хавар зундаа ган гачигт автдаг болчоод байна. Чи, би бид юу хийх вэ? Өөрөөсөө эхэл, чадах бүхнээ хий. Босоод усаа хаа, гоожиж буй хэсэг байвал зас, ус хэмнэх тоног төхөөрөмж авч, шүдээ угаахдаа стакан хэрэглэ, бороо цасны ус цуглуулж цэцгээ усал, мод тарь, үр хүүхэддээ монголын уламжлалт байгаль хамгаалах сургаал заншлыг эзэмшүүл, найз нөхөддөө ус хэмнэхийг, байгаль хамгаалахыг уриал,голын эргийг цэвэрлэ, хогоо багасга, уламжлалт байгаль орчинд хал багатай хоол хүнс, эд зүйлс хэрэглэ... Тиймээ нэг хүн, тэр дундаа Чи асар ихийг хийж чадна, хамгийн гол нь араасаа олон түмнийг дагуулж чадна.

Энэ бүхний тухай дэлхий даяараа, хүн бүр ярихын тулд, ярилцахын тулд жил бүрийн 3 сарын 22-ныөдрийг  ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “УС БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

“Уур амьсгалын өөрчлөлт” гэж тодорхой нэг газар нутагт олон жилийн туршид тогтож ирсэн цаг уурын горимд гарсан аливаа өөрчлөлтийг хэлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны 2007 оны тайланд 1906-2005 оны хоорондох 100 жилд дэлхийн уур амьсгал тасралтгүй дулаарч, энэ хугацаанд агаар цельсийн 0.74 хэмээр нэмэгдсэн байна. Энэ зууны сүүлч гэхэд агаарын хэм 1.1-6.4  хүртэл хэмээр нэмэгдэхийг мөн тооцоолжээ. 1800-аад онд аж үйлдвэрийн хувьсгал явагдаж, хүн төрөлхтөн газар ашиглаж эхэлсэн цагаас хойш хүлэмжийн хийн ялгаруулалт хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгал дулаарч эхэлсэн.

Өнгөрсөн зууны 50-иад он гэхэд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн агууламж балансаа давжээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр 2012 онд нүүрс хүчлийн хий, намгийн хий, азотын дутуу исэлийн агаар мандал дахь дундаж агууламжийн хэмжээ өнгөрсөн 800 жилд байгаагүйгээр их гарсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөлөл

 Дэлхийн уур амьсгал дулаарч байгаа нь хүн төрөлхтний хамгийн тулгамдсан асуудал болоод байна . Мөсөн гол хайлах, далайн усны түвшин, температур  нэмэгдэх, эко систем доройтох, гамшигт үзэгдлүүдийн тоо давтамж нэмэгдэх, цэвдэг хайлах үйл явц хурдсах, цасан бүрхэвч цагаасаа эрт ханзрах  зэрэг нь дэлхийн уур амьсгалын нөлөөллийн шууд үр дагавар юм. Далайн усны түвшин нэмэгдэх хуурай газрын бидэнд ямар хамаатай вэ?  гэж асууж болно.Гэтэл хүн төрөлхтний эм, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнсний 70 орчим хувийг далай тэнгисээс хангадаг байна.

 НАСА агентлагийн сүүлийн 10 жилийн турш хиймэл дагуулаас  хийсэн судалгаагаар далайн  усны түвшин 4см-ээр нэмэгджээ. 

"Climate Central" судалгааны байгууллагын тооцоолсноор дэлхийн дулаарлын эсрэг тууштай арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ зууны эцэст дэлхийн дулаарлын өсөлт дөрвөн  хэмд хүрснээр далайн түвшин 8.9 метрээр нэмэгдэж, нийт 627 сая хүн усанд автах аюултай аж.  Харин дулаарлыг хоёр  хэмд хязгаарлавал усанд автаж болзошгүй хүний тоо  280 сая болж буурах гэнэ.   Монгол оронд ч дэлхийн бусад улсын нэгэн адил уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөөр байна.  Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын жилийн дундаж температур 2.1 градусаар дулаарсныг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд тэмдэглэжээ.Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдсэн ба  сүүлийн 12 жилд ус цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь нас эрсдэж, 24.5 сая мал хорогдож, олон тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн  урт хугацааны эрсдэлийн индекс гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10орны наймдугаарт орсон.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхүй ба дасан зохицохуй

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,  хүлэмжийн хийг бууруулах хоёр стратегийг барьж байна.  2015 онд дэлхийн улс орнууд  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд ялангуяа хүлэмжийн хийг ихээр ялгаруулагч улс орнууд хүлэмжийн хийг бууруулах үүргийг уг хэлэлцээрээр  хүлээсэн.  

 Парисын хэлэлцээрийг УИХ-аар 2016 онд соёрхон баталсан.Парисын хэлэлцээрт нэгдэн орохдоо Монгол Улс  2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн бөгөөд хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдал нь Монголын хувьд хүлэмжийн хийг ялгаруулагчид юм.  Монголд  ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөв байдал нь   эдийн засаг, нийгмээрээ түүнд  дасан зохицох шаардлагатайг сануулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл багатай эдийн засгийг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, ус, эрчим хүч зэрэг нөөцийгарвилан хэмнэх,гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр  дасан зохицохуйн стратегийг баримтлан ажиллаж байна.

Эх сурвалж: Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-22 05:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?