АНУ-ЫН СЕНАТЫН ГИШҮҮН ШИНЭ КОРОНА ВИРУСААР ХАЛДВАРЛАЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-23 01:04

Сэтгүүлчийн үг

АНУ-ын конгрессийн дээд танхим болох Сенатын гишүүдээс анхны хүн шинэ коронавирусын халдвараар өвчилжээ. Халдвар авсан хууль тогтоогч нь Кентаки мужийг төлөөлдөг, Бүгд Найрамдах намын гишүүн, 57 настай Рэнд Пол болсон байна.

Сенатын гишүүдээс хэд хэдэн гишүүн өөрийгөө тусгаарлаад байгаа ч халдвартай нь тогтоогдсон хүн байгаагүй юм. Харин конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн Covid-19 халдвартай нь тогтоогдоод эмчлүүлж байгаа.

Дашрамд дуулгахад, Охайо, Луйзиана, Делавар мужууд хөл хорионы дэглэм нэмж зарласнаар АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь гэртээ бүгэх горимд шилжжээ. Өмнө нь Нью Йорк, Калифорни, Иллиноис, Коннектикут, Нью Жерси мужууд ийм арга хэмжээ аваад байсан юм. Хөл хорионы дэглэм АНУ-ын нийт 101 сая орчим иргэнийг хамраад байна. Сүүлийн байдлаар АНУ-д шинэ коронавирусийн халдварын 32,057 тохиолдол бүртгэгдэж, 400 өвчтөн нас баржээ. Илэрсэн нийт халдварын тоогоор АНУ нь дэлхийд зөвхөн Хятад (81,054), Итали (59,138) улсуудын дараа гуравт жагсаж байна. Харин эндэгдлийн тоогоор Итали (5,476), Хятад (3,261), Испани (1,756), Иран (1,685), Францын (674) дараа зургаадугаарт бичигджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Нью Йорк, Калифорни, Вашингтон мужуудын тахалтай тэмцэх үйлсэд туслуулахаар үндэсний гвардын цэргийг дайчлах болсныг зарласан юм. Тахалд хамгийн хүнд нэрвэгдээд байгаа бус нутгуудын нэг Нью Йорк хотын захирагч Билл Де Бласио “Энэ бол 1930-аад оны Их Хямралаас хойш АНУ-д тохиолдож байгаа хамгийн том хямрал болох шинжтэй байна. Тийм учраас бид Америкийн зэвсэгт хүчнийг бүрэн дайчлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-23 01:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?