МИНИЙ МЭДЭХ ЧУЛУУНАА ЭМЧ

Сэтгүүлчийн үг

 Бурхан хүнд дааж чадах ачааг нь үүрүүлдэг гэдэг. Хүний оюун ухаан, хүч чадлаас илүү зүйл энэ хорвоод байхгүй. Тэгвэл АУ-ны доктор, профессор, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, Монгол Улсын Дотоодын цэргийн дэд хурандаа, “Чулуунаа” эмнэлгийн захирал  Шархүүгийн Чулуунаа өөрт оногдсон ачаагаа тун итгэлтэй, цэгцтэй үүрч явна. Тэр үргэлж шинийг хайдаг,болохгүй бүтэхгүй зүйл, бэрхшээлд шантрах биш, харин ч надад ирж байгаа боломж гэж үздэг, өөрөөр хэлбэл холын зорилгодоо хүрэхэд тохиолдох давааны  цаадах  юмыг таньж мэдэх, зөв замын эхлэл  намайг сорихоор  ирж  байна гэдгийг  ургуулан  бодож, аливааг зөв өнцгөөс  харах дуртай. Энэхүү  түүний амьдралын  нугачаа бүрээс олж авсан ухаарал бодрол  мэдрэмж нь бусдын өмнөх замыг  гэрэлтүүлсэн том сургамж, туршлага  болдог доо. Үүнийгээ ч  нарийн мэдэрч тооцож дандаа л эмэгтэй хүний нарийн чимхлүүр ухааныг гаргаж байдаг эмч маань үзэл бодолдоо тууштай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг нь ажил амьдралынх нь гол зарчим. Мөн өөрийгөө таньж, эерэг чанаруудыг  хэрхэн төлөвшүүлж чадаж байна вэ гэдгээр өөрийгөө дүгнэдэг гэсэн. Энэ хэрээр зав л гарвал уншиж, сэтгэж, бодож боловсруулдаг болохоор зарим үед омог бардам, хурц ярьдаг байх. Ингэж тэрбээр өнөөдрийн амжилтаа  оюун ухаан, тэсвэр хатуужил, хөдөлмөр зүтгэлээрээ олж авчээ. Тэр ядарсан нэгнийг түлхэх биш, түшээд авах сэтгэлтэй, түүнээс гарах бүх гарцыг зааж өгч, сэтгэлийн хат хайрладаг буянтан. Уран гоё үг, худал үйлдэл, хуурамч занг нэгээхэн ч тэвчдэггүй, голч  шулуун шударга  зантай, үнэнд дуртай, түүнийхээ хариуцлагыг  ч хүлээж чадна. Шуурхай,  эрч хүч шигээ   цагийг  юунд зориулах вэ, надад ямар боломж байна вэ, би мэргэжлээрээ, уншиж мэдсэнээсээ хүмүүст яаж туслах ёстой юм, яавал тэдэнд хүргэх вэ  гэдэг  гарцыг одоо ч  эрж хайсаар л яваа. Ингэж  өргөн түмэндээ эрүүл мэндийн ямар тустай ажил хийж болох вэ гэдгийг соргог  харсан тэрээр Иргэдийн эрүүл мэндийн боловсролын талаар жинтэй үг дуулгах өдөр мөдхөн ирнэ. Мэдлэг чадвар, удирдан зохион байгуулах, нэгтгэн зангидах  авьяас, хүнтэй амархан эв зүйгээ ололцдог эгэлхэн зантай  гээд түүний талаар элдвийг энд нурших нь илүүц. Нөгөө талаас хэдийгээр эмчтэй эртний танил хэрнээ яагаад ч юм зарим үед  хүндлэл талаас нь харилцахад цэрвэх үе бий. Гэтэл цаанаа тун энгийн, цайлган цагаан, өгөөмөр эргэж хараад л хайрлана, хүндэлнэ, урам өгнө, дэмжинэ, туслана, боломж олгоно. Нүүр тулаад  асуудлаа ярихад бүр ч эерэгээр, эгчийн хувиар “Цаг хугацаа гэдэг асар үнэтэй, унш, мэд, чамд боломж, бурхнаас өгөгдөл авьяас чадвар байна, өөрийгөө дайчил, сайхан амьдар гэж хүнд хийж бүтээх, өөрчлөлт хийх  сэдлийг өгч, үгээр, үйлдлээр туслахад нь сэтгэлийн гүнд хаа нэгтээ оршсон  бодлын  учиг,  хэн нэгэнтэй хуваалцмаар санагдсан тэрхүү зангилааг минь тайлаад, орчин солигдох мэт гэрэл гэгээ,урам зоригийг таниасаа  л авдаг шүү. Ийм л гайхалтай мэдрэмжтэй, хүртээмжтэй эмч дээ.  Бараг хэн нэгний бодлыг хэдийнэ урьдчилаад ыуншчихсан байдаг гэвэл хилсдэхгүй. Харин жаахан сэтгэлд нь хүрэхгүй зүйл хийсэн бол  үгээрээ “хөөрхөн” чимхээд авахаа ч тэр мэднэ. Гэсэн ч ямагт хүнд сайныг л хүснэ үү гэхээс хийсэн гэмийг нь хэзээ ч сөхөж, эргэж харж, дарамт мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэггүй. Хүний амьдрал, хийж байгаа үйл бүхэн өөрийн сэтгэл зүрхийг чагнаж байж л шийддэг асуудал гэдгийг төвөггүйхэн ухааруулаад өгдөг юм билээ. Энэ бол хувь хүний угийн эрхэм чанар гэлтэй. Тэр хэзээний эрх мэдэл, эд мөнгө, материаллаг зүйлд шунадаггүй, эвийн хүчийг эрхэмлэдэг, итгэлийг нь эвдээгүй  хэн нэгнийг хаврын яргуй, зуны ногоо шиг дэлгэрсэн сэтгэлээр хөглөж өгдөг, сайн зөвлөгч, урамшуулагч,дотны туслагч, бас шүүмжлэгч. Гэхдээ тэрхүү  шүүмжлэл нь үнэ цэнэтэй, хүнийг ахиж дэвших, алдсанаа ухаарах, сайн, сайханд хүргэх гэсэн үнэн сэтгэлийн шүүмж байдагт нь талархнам. Өөрөө ч түүний бодит үлгэр дууриалал. Төсвийн цалингаас хувийн эмнэлэг байгуулсан нь хамгийн зөв сонголт болсон. Учир нь  аль нэг эмнэлгийн дарга байснаас хувийн гэгдэх өмчөө зөв менежментээр өөд нь татаад явах нь эмчид маань аз жаргал бас хөгжил, өөрчлөлт  авчирсныг хэлэхэд таатай байна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд санаа тавьж бага, багаар ар гэр, амьдралд  нь тусалсаар ихэнхийг  нь шийдвэрлэсээр  ирсэн. Нэг үгээр хэлбэл ажлынхаа амт шимт, үр өгөөжөөс хамт олондоо зориулдаг, дахиад ч түүнд өгөхсөн, туслахсан гэсэн  сэтгэл бий.

Ажил мэргэжлийн хувьд нь ярих юм бол  Чулуунаа эмч  эргээд харахад  нүүр улайхааргүй эрүүл мэндийн тогоонд чанагджээ. Оюутан байх үеийн эрч хүч, нямбай зан нь  өнөө ч хэвээр. Энэтхэг улсын Дели хотноо Зүү-төөнүүр, Соронзон эмчилгээний дээшлүүлэх курс, Цэргийн их сургуулийн англи хэлний анхан, дунд, дээд шатны дамжаанд хамрагдан төгссөн. Израйль Тел-Авив хотноо “Carotid -Doppler –Гүрээний артерийн эмгэгүүд, тэдгээрийг оношлон эмчлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сурах бол түүний сонирхол агаад  тэр дундаа эмч хүн бүх насаараа сурах мөнхийн онцлогтой алба, сурч мэдэхээс  хол байх учиргүй гэдгийг сайтар ойлгосон хүн. Ингэж  ажиллаваас үйлчлүүлэгчдээр хүрээлүүлж, ажил, үйлс нь өөдрөг өнгөтэй явдаг байх. Швейцарь улсын Женев хотноо  Гамшгийн үед эмнэлгийн албыг зохион байгуулах, Олон улсын энхийг сахиулах, хүчний сургалтанд орчуулагч багшаар ажилласан. НЗДТГ, Эмэгтэйчүүдийн академиас  “Шилдэг удирдагч” өргөмжлөл, ҮШН дээд шагнал, Цагаан сүлд одонгоор энгэрээ мялаажээ. НАХЯ одоогоор ТТАХНэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч, Мэдрэлийн тасгийн эрхлэгч, тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч, Улсын Клиникийн төв эмнэлэгт Мэдрэл судлалын клиникийн эрхлэгчийн албыг хашиж,мэдрэлийн гаралтай өвчнийг бууруулах, түүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт бодлогын түвшинд ажиллаж явсныг  олон үйлчлүүлэгчид нь андахгүй. Мөн Монголын өвдөлт намжаах Нийгэмлэг, Монголын Термографийн холбоо байгуулан, тэргүүнээр нь  ажилладаг, Монгол Улсын эрүүл мэндийн яамны Өвдөлт судлал, анагаахын ерөнхий мэргэжилтэн билээ. “Чулуунаа” эмнэлэг Термографийн оношлогоо, өдрийн эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал хийж өдөржин үйлчлүүлэгчдийн хөлд дарагдана. Ажлын байр нь ч  өөр шиг нь эмх цэгцтэй, бичиг баримт, өвчтөниий өвчний түүх болон бусад нэмэлт үйлчилгээ нь эмнэлэгт мөрдөх ёстой ариун цэврийн шаардлагад  ян цав нийцнэ. Чулууны эмчийн үзлэгийн дугаар   дуусдаггүй, түүнд л үзүүлбэл эдгэрнэ гэсэн иргэдийн итгэл улам лавширсаар. Эдүгээ  оношлох, эмчлэх оновчтой арга барилаа өдрөөс өдөрт, жилээс жилд хөгжүүлж, сайжруулж чадаж байгаа ч жирийн эмч байснаа тэр мартаагүй. Үнэн чанартаа  Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд мэргэжилдээ эзэн болсон эмч л хэрэгтэй. Тэгвэл Чулуунаа эмчийн хувьд  нийгмийн аливаа  асуудалд чин сэтгэлээсээ нягт нямбай, гярхай ханддагийн зэрэгцээ ямар ч  хатуу ширүүн тэмцэлд нугарч хугараагүй хатуужсан жинхэнэ итгэл даасан эмч. Хичнээн завгүй байсан ч байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлж, цэнэглэсэр ирсэн, одоо ч олон улсын хурал зөвлөгөөнд оролцсоор  мэдэхэд илүүдэхгүй гэдгийг харуулсаар л явна.  Үзсэн дуулсан, уншсан мэдсэн бүхнээсээ шинэ санаа олно.  Хэрсүү бодол, шийдмэг зан, зоримог чанараараа аливаа зүйлийн гарц гаргалгаа, боломж шийдлийг түрүүлж харахыг хичээдэг, цагийн менежмент сайтай, шилдэг удирдагч эмч  юм. Эндээс  хүний төлөө цаг наргүй нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа нь харагддаг. Tэр ч утгаараа Монголын Эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн өнгө гэрэл, өөрийн гэгдэх ертөнцөөрөө гялалзаж, иргэдээ, эдгэрүүлэх эрүүлжүүлэх үйлсэд нөлөөлөх чадвар түүнд үлэмж их бий. Тийм ч учраас Чулуунаа эмчийн ухаарлын дуу хоолойг сэтгэлдээ  алга ташин сонсмоор санагддаг шүү. Холыг харж, бусдыг  бодож,  оюун  санаа саруул байх тусам хүн өөдрөг тэмүүлэлтэй амьдардаг. Чулуунаа эмч тийм л хүн. Магадгүй түүний сэргэлэн цовоо төрх, хүнийг ойлгож, урам хайрлаж дэмждэг чанар нь  амжилтынх нь нууц байж болох юм. Ийнхүү өөрийн түүхийг оюун санаа, эзэмшсэн мэргэжил, хувь тавилангаараа бүтээж,хийсэн бүтээсэн нь нүднээ ил, амжилт нь алган дээр багтаж байгаа эрхэм эмчийн дотоод ертөнцөөр бага ч атугай аялсан минь энэ буюу.

Танд дахин дахин талархая. Чулуунаа эмч ээ.

                                                                                                                                                                                                       Сэтгүүлч Д.НЭРГҮЙ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [150.129.140.xxx]

    эмч нарын баярын мэнд хүргэе

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?