ЧИНГИС ХААН БАНКИНД ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ БОЛОМЖ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛТЭН БА М.ЭНХБОЛДЫН "ХАЛААСНЫ ХҮН" ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-29 04:49

Сэтгүүлчийн үг

ЭМДЕГ-ын дарга  Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банкинд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогджээ. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг авсан нь ч батлагдсан юм.

Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга   Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх баасан гаригт /2020.03.27/  хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэжээ.   Хэргийн холбогдогч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт нийслэлийн прокурорын гаргасныг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн нь энэ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банкинд байршуулах эрхийг гурван жилээр хасч, Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банкинд байршуулах эрхийг гурван жилээр хасчээ. Энгийнчилбэл дээрх нэр бүхий этгээдүүд 86,2 сая төгрөг бэлнээр завшиж 37 сая төгрөгийн торгууль төлсөн гэсэн үг болж таарах гээд байна.

Эргэн сануулахад, “Чингис хаан” банк үйлчлүүлэгчдийнхээ хадгаламжийг Капитрон руу шилжүүлж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. “Чингис хаан” банкны хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм. Тодруулбал,  нийт хувьцааны 46 хувийг иргэн Д.Батаа, 31 хувийг Ш.Бүтэд, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг гэсэн үг.

Банкны 46 хувийг эзэмшигч Д.Батааг М.Энхболдын хотын фракцын хүн гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын баз хүргэн юм билээ. Дашрамд сануулахад, 2011 онд Н.Хүрэлбаатар ЭМЯ-ийн ТНБД, ЭМ-ийн сайдаар ажиллаж байх үед хэдэн сая юань буюу хагас тэрбум төгрөгтэй сейфээ хулгайд алдан энэ их мөнгөнийнхөө эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй УМБГ болон АТГ-т шалгагдаж байхад энэ их мөнгийг “миний мөнгө” хэмээн мэдүүлж байсан ч тухайн үед энэ мөнгөний эх үүсвэрийг тайлбардаж чадаагүйгээс авилга болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан удаатай.

Харин тус банкны 31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд нь банкны хэмээн нэрлэгддэг Шүхэртийн охин. “Нүүдэлчин” группийн ТУЗ-ын дарга. Бүр тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан д Ё.Отгонбаярын хадам эгч.

Тэгвэл “Чингис хаан” банкны 23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гээч нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх жишээний.

Эцэст нь тэмдэглэхэд, НДС болон ЭМДС-ийн мөнгө иргэдийнх... Иргэдийн мөнгийг эргүүлж, угааж, хүүлж хөлждөг нь улс төрийн хүрээнийхэн болох нь энэ удаагийн явдлаар эргэж буцалтгүй нотлогдож орхилоо...

СЭТГҮҮЛЧ З.СҮХЭЭ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-29 04:49

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?