"САХИГТУН" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС ХУУЛЬЧ Я.БАТ-ЯЛАЛТ ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

“Сахигтун” Үндэсний хөдөлгөөнөөс

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ,

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ДАРГА Х.БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ

САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ САЙД Ц. НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР

Б. ЖАРГАЛСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН НАРТ шаардлага хүргүүллээ.Шаардлагад, 

"Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 10 дугаар заалтын дагуу эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд Иргэний хөдөлгөөний байгууллагууд нэгдэн “Сахигтун! Үндэсний хөдөлгөөн” байгуулан ажиллаж байгаа билээ.

Улсын Их Хурлын сонгууль болох хариуцлагатай цаг үе ойртож байгаа үед манай хөдөлгөөний гишүүн - Монголын Хүний төлөө намын дарга, Иргэдийн шударга шүүх ТББ-ын Тэргүүн Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих арга хэмжээ авч байгаад бид эсэргүүцэж байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг хүний эрх, ЭХБШТ Хуулийг ноцтой зөрчиж, өмгөөлөгчтэй байцаалт өгөх боломжийг нь хангахгүй, ашиг сонирхлын зөрчилтэй эрүүгийн байцаагч, прокуророос татгалзах эрхийг нь эдлүүлэхгүй эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх хэлбэрээр ажиллаж байгааг эсэргүүцэж байна. Тухайлбал:  “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5-д “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.” Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 9-д “Хэнийг ч дур мэдэн баривчлах, хөөн зайлуулах ёсгүй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 10 “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шудрагаар шүүлгэх эрхтэй.”

Үндсэн хуулийн 19-ийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Үндсэн хуулийн 16-гийн 10-д “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Үндсэн хуулийн 16-гийн 12-д “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх  эрхтэй.” Үндсэн хуулийн 16-гийн 13-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.”  

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 7.6.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана”. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 9.6.6-д “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12-т заасан Гэмт хэрэг үйлдсэн этгээд Л.Эрдэнэчимэг нь илтээр худлаа мэдүүлэг өгч, хуулийн байгууллагынхантай хамтран  эрүүгийн хүнд гэмт хэрэгт Х.Бат-Ялалтыг гүтгэн, доромжилж 4 жил гаруй хугацаанд удаа дараа худлаа мэдүүлэг өгч, олон нийтэд худлаа мэдээлэл цацаж, өөрийн хийсэн гэм буруу, гэмт хэргээ Х.Бат-Ялалтад үндэслэлгүйгээр тохож шийдвэрлүүлэх гэж байгаа үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймээс Та бүхнийг дээрх хэрэгт анхаарлаа хандуулж, өөрсдийн эрх мэдэл, ажил үүргийн дагуу хуулийн хүрээнд асуудлыг шийдэхэд хяналт тавьж ажиллахыг шаардаж байна.

Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас хууль баримтлахгүй, хэлмэгдүүлэх хэлбэрээр явуулж буй үйл ажиллагааг нэн даруй зогсоож Х.Бат-Ялалтын цагдан хорих арга хэмжээг цуцлуулахгүй бол бид тэмцлийн дараагийн арга хэмжээ авахаа үүгээр мэдэгдэж байна." гэжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?