"ЧИНГИС ХААН" БАНКНЫ ХОХИРОГЧИД ХОЛБОО БАЙГУУЛЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-07 06:43

Сэтгүүлчийн үг

Бид "Чингис хаан" банк "Капитрон" банк руу хөрөнгөө татаж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл "Чингис хаан" банкинд мөнгөө байршуулаад авч чадаагүй 30 орчим иргэн, аж ахуйн нэгж нэгдэн, "Чингис хаан банкны хохирогчдын холбоо" байгуулжээ. Эргэн сануулахад, оны эхнээс эхлэн “Чингис хаан” банк харилцагчдын мөнгийг өгөхгүй байгаа бөгөөд хоёрдугаар сараас эхлэн шаардлага тавихад "удахгүй өгнө" гэсэн үгээр тагласаар өдийг хүрсэн.

Ямартай ч “Оны эхнээс эхлэн Чингис хаан банк харилцагчийн гүйлгээг саатуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Бидний хувьд хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл гэрээтэй байсан болохоор энэ хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Гэрээ дууссан өдөр нь банкинд шаардлага тавьсан. Банкны тухай хуулиар анхны шаардлага тавимагц л үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл биелүүлэлгүй өдийг хүрлээ” гэж “Чингис хаан” банкны харилцагчид хэллээ. 

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс шалгаж, улмаар арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр НПГ-т шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийг прокурор хянаад зарим зүйлийг зайлшгүй тодруулах шаардлага хэмээн өнгөрсөн оны сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан юм. Тэгвэл уг хэрэгт зайлшгүй хийхийг даалгасан прокурорын даалгаврыг АТГ-ын мөрдөгчид биелүүлээд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т дахин хүргүүлжээ. Хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сард багтаан шүүхэд шилжүүлэх бололтой.

Хэргийг сөхвөл, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон. Тэдэнтэй хамт “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг яллагдагчаар татаад буй. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулж, дөрвөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан гэж Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нарыг буруутгасан. 

Харин “Чингис хаан” банкийг Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэн яллагдагчаар татсан билээ. 

Өөрөөр хэлбэл, ЭМДЕГ-ын удирдлага  2017 оны наймдугаар сарын сүүлчээр “Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээг жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулжээ. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкан дахь 3201…. дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар тогтсон ч хоёр сарын дараа 6 хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн.  Энэ нь хууль, журмын дагуу хийгдсэн гэж буй ч  30 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулах гэрээ нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болно.  Тиймдээ ч үүнийх нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож, таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон юм.

Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцож, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноов. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Эцэст нь тэмдэглэхэд, банкны 46 хувийг эзэмшигч Д.Батааг М.Энхболдын хотын фракцын хүн гэдэг. Тэрбээр Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын баз хүргэн бол тус банкны 31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд нь банкны хэмээн нэрлэгддэг Шүхэртийн охин агаад “Нүүдэлчин” группын ТУЗ-ын дарга. Бүр тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан д Ё.Отгонбаярын хадам эгч. Харин “Чингис хаан” банкны 23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гээч нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч билээ. 

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-07 06:43

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.9.46.xxx]

    Dampuurlig zarlaad irgediin mungiig ehleed olgoyo

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?