Б.ГАНТУЛГА:СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛЧИХООД БАЙНА...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-09 07:27

Сэтгүүлчийн үг

УИХ дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл намын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Гантулгатай ярилцлаа.

-Ажил албаа танилцуулахаас яриагаа эхлэх үү, хоёулаа?

-Одоогоор би УИХ дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл намын зөвлөлийн ажлын албыг хариуцан ажиллаж байна. Бидний зүгээс байгуулагдсан цагаасаа эхлээд зөвлөлийн хурлаа тогтмол зохион байгуулж байна. Зөвлөлийн хурлын гол чиг үүрэг нь УИХ, Байнгын хороон дээр яригдах, хэлэлцэгдэх асуудлын дагуу намын байр сууриа нэгтгэдэг гэж ойлгож болно. Мөн иргэд олон түмний санал хүсэлтийг хэлэлцэхээр хуралдахаас гадна улс оронд хэрэгтэй шинэ санаачлага юу байгааг  мэдэж тодруулахаар хуралддаг. Мэдээж хурал зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах тал дээр төвлөрөн ажилладаг. Үүнээс гадна би, ШИНЭ нам үүсгэн байгуулагдсан цагаас хойш Баянзүрх дүүргийн ШИНЭ намын ерөнхий зохицуулагчаар сонгогдон ажиллаж байна. Намын үйл ажиллагааг сурталчлах, гишүүд дэмжигчдийн  үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрчимтэй ажилласны  үр дүнд манай намыг дэмжигчид болоод гишүүдийн тоо 100 мянга хол давсан. Гишүүд дэмжигчдийнхээ тоог баталгаажуулах үүднээс цаасаар болон онлайн хэлбэрээр бүртгэлжүүлэлтээ хийж баримтжуулж байна.

-Ардчилсан хувьсгал ялаад 30 жил болж. Алдаа оноо ч байх... Хэдийгээр ардчилсан замналаар замнаж буй ч төрийн эрх барих хэмжээнд хүрч томорсон эсвэл өссөн улс төрийн хүчин алга. Өөрөөр хэлбэл АН, МАН хоёр л ээлжилсээр өнөөдрийг хүрлээ. Шинэ тутам хүчний хувьд та бүхний барих гол чиглэл сонин, сонсууштай байна л даа?

-Бид хариуцлагатай улс төрийн хүчин байх зарчмаа барьж ажиллана. Монгол Улсад ардчилсан хувьсгал мандсанаас хойш 30 жилийн нүүр үзжээ. Эргээд харах нь ээ, цөөн хэдэн хувиа бодсон, мэдээлэлд ойрхон байдаг гэр бүл л цодойлоо. Ийм юм байж болохгүй. Уг нь ардчилал гэдэг маань хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэх ёстой. Харамсалтай нь ардчиллын үнэт зүйл болох эдгээр зүйлс эх оронд маань гажуудчихсан...

-Юунаас болж ийм байдалд хүрэв, таныхаар бол?

-Ардчиллаар түрий барьж хэдхэн хүн л тоглолт хийчихлээ. Хийхдээ хэтрүүлээд хийчихлээ. Арай хэтэрчихэж. Одоо тэгээд засаж залруулах л зам үлдсэн байна. Таслан зогсооё. Ардчиллыг анархизм болгосны хор уршиг нь даанч их. Ард түмэн бидний нүдэн дээр төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан хүмүүс сайн, муу гээд хоёр талцаад л  байдаг. Учраа олохгүй төөрөгдөл, хуваагдал, шударга бус явдал даамжирсаар 30 жил үргэлжиллээ. Энэ биш шүү... Заавал... нэн хурдан таслан зогсоох хэрэгтэй. Манай намын тухайд, иргэд олон түмний санаа бодол,  шударга бус байдлаас залхаж, шударга, жинхэнэ ардчилсан нийгмийг хүсэх хүсэл, итгэлцэл, зорилгын дүнд үүсэн бий болсон. Өөрөөр хэлбэл эв санааны нэгдэл, нийгмийн зайлшгүй захиалга л гэж хардаг. ШИНЭ буюу Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл гэдэг нэр томьёог цөөн хэдэн хүн ярилцаад сонгочихсон юм биш. Үзэл бодлоороо нэгдсэн иргэдийн санаа бодол дээр үндэслэгдэж өгсөн нэр. Анх төв зөвлөлийн гишүүд маань иргэдтэй уулзалт хийхээр 21 аймгийг тойрсон. Тэгж л иргэд олон түмний  сэтгэлийн дуудлагаар цоо шинэ нам улс төрийн хүчин  байгуулагдах ёстойг   ойлгосон. Товчхондоо, олон нийтийн санал хүсэлтийн дагуу байгуулагдсан нам...

-Ингэхэд та яг ямар мэргэжилтэй хүн бэ. Улс төрд сэтгүүлч, багш эмчийн хэрэг алга гэх шүүмж ч бас байх юм байна шүү?

-Би дизайнер мэргэжилтэй. Мэргэжил маань намын логог хийхэд ихээхэн хэрэг болсон шүү. /инээв/  Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгсчихөөд УБИС-д  Шугам зургийн багш, зураачийн мэргэжлээр элссэн. Оюутан болоод удаагүй ээ, нэгдүгээр курстээ орсон намартаа цэргийн албанд явсан. 032 буюу хүндэт харуулын албанд  хоёр жилээр цэргийн албаа хаагаад эргэж ирээд сургуулиа төгссөн. Намайг төгсөх үеэр улс оронд маань ардчиллын салхи сэвэлзээд эхэлчихсэн байсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн гэх цоо шинэ нийгэмд хөл тавьж байх Ардчилал сонинд зураачаар орж ажлын гараагаа эхэлсэн. Бас нэг үе Монголын дуу хоолой сонингийн зураач ч хийсэн. Тэгж явтал гадаадад суралцах боломж тохиосон юм. Урлаг дизайны сургуулийг график дизайнерын мэргэжлээр зургаан жил суралцаж төгссөн дөө. Сургуулиа төгсөж ирээд УБИС, СУИС, ШУТИС зэрэг улсын  томоохон их, дээд сургуулиудад багшилсан. Тэгээд 2000 онд дүрслэх урлаг ,технологийн  “Од” дээд сургуулийг үүсгэн байгуулсан. Өдгөө ч амжилттай ажиллаж тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Ярианы сэдэв баахан хальчихав уу... Ямартай ч өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг ашиглаад, олон түмний итгэл сэтгэл, хүсэл тэмүүллээр үүсэн байгуулагдсан ШИНЭ намынхаа лого тэмдгийг өөрөө зохиосон. Дэмжигчдийн маань сэтгэлд нийцсэн гэж л бодоод байгаа ш дээ...

-Улбар шар буюу оранж...Залуусын төлөөлөл эсвэл хүсэл гэдэг утгаар нь ч юм уу өнгөний сонголт хийсэн үү. Ямар нэг бэлгэдэл агуулж байгаа байх, тийм ээ?

-Шударга ёсны бэлэгдэл гэдгээр нь улбар шар өнгийг голлон авч хэрэглэсэн. Угтаа манай монголчууд улаан, цэнхэр өнгөнд дуртай байдаг юм ш дээ. Харин 40-өөс доош насныхан буюу залуучуудын сонирхдог өнгө нь өөрийн чинь хэлдгээр бол оранж. Залуусын 90 гаруй хувь нь улбар шар өнгийг сонирхдог гэх судалгаа ч бий. Тэгээд л энэ өнгийг намын логонд голлуулах нь зөв гэх шийдэлд хүрсэн юм... Шинэ үе ирж байна, шинэ өнгө төрх бидэнд хэрэгтэй гээд энэ өнгийг сонгосон. Нөгөөтэйгүүр, ургаж байгаа нараар төлөөлүүлсэн. Наргүй бол ертөнц ямархан байх вэ. Нар бол ертөнцийг тэтгэгч  гэдэг утгаар нь билэгдлээ болгосон. Нар гарч ирж байж манан арилдаг гэдэг дээ. Харанхуйг гийгүүлэгч наран гэдэг утгаараа тодоор гэрэлтээсэй. Басхүү уламжлал ёсоо харж байхад монгол айлын гэрийн толгой руу хардаг тооно, унь, шал нь дандаа л улбар шар байдаг. Монголчуудын маань билгэдэл болсон дулаан эрчим  хүчний  өнгө...  Намын логогоо олон түмний хүсэл мөрөөдлөөс гарсан олон түмний бүтээл гэж хэлнэ. Цаг хугацааны явцад ч логоны билэгдэл маань таалагдсаар байгаа. Уран бүтээлч хүнийхээ хувьд өөрийн намын логог хийж бүтээлцсэндээ бэлэгшээдэг гэх үү дээ.

Угаас мэргэжил маань болохоор цөөнгүй төрийн болон төрийн бус байгууллагын лого тэмдэгийг хийж өгсөн дөө. БНХАУ-ын томоохон их дээд сургууль болох Чинь Хуа их сургуульд 1992 оноос хойш магистр доктараас эхлээд бүхий л шатны сургалтуудад нь хамрагдаж  цаг хугацаанд нь төгссөн. Үндсэндээ 11-н жил  боловсролдоо анхаарч суралцсан байдаг юм. Басхүү Монгол Улсын боловсролын салбарт 30 гаруй жил ажиллажээ. Хувийн секторт ч ажилласан. Ажилласан болоод суралцсан он жилүүд маань надад арвин туршлага хуримтлуулсан хэрэг. Сурлаа ажиллаа, одоо сэтгэл шулуудан эх орноо аврах энэ цагийн дампуурлаас гарахад туслах хүсэл сэтгэл бол байна. Ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө муу бүхний эсрэг тэмцэх учиртай болоод ингээд явж байна даа. Хойч  үе маань шударга бус зүйлгүй, сайн сайхан  нийгэмд амьдрах эрхтэй. Ёстой ч юм...

-Улс төрийн тэмцэл хийхээр сэтгэл шулуудсан хүн гэж ойлголоо. Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамайг чирээд явна гэдэг шиг л... 

-Өнөөгийн нийгмийн болж бүтэхгүйг мэдсээр байж нүдэн балай явах сэтгэл алга. Тэгэх боломж алга. Тэмцдэгсэн үү, уриалдагсан уу эс бөгөөс учирладагсан уу... Нэн түргэн хөдлөх өөрчлөх шинэчлэх шаардлагатай болсон гэдэгтэй та ч гэсэн санал нийлэх байх. Өмнө нь ярьсан даа, өмнөд хөршид олон жил сурсан гэж... Хятадын аль ч дээд сургуулийн хичээлийн программд улс төрийн хичээл заавал ордог. Хятад оюутнуудад тус  улсын коммунист намын түүх  гэдэг хичээл ордог юм.  Нэг удаа  ангийнхаа хятад оюутны консфектийг уншаад үзтэл манай улсын талаар, бас бус юм биччихсэн байсан нь сонирхол татсан. Ямартай  ч Дэн Сяо Пины  улсаа хөгжүүлэх 10 зорилт гэсэн бүлэг хичээл  байсан. Мэдээж хэрэг 1992 онд тийм юм уншаад гайхсан. Хожим эргээд бодох нь ээ, хятадын хөгжлийн бодлого  аль эртнээс боловсролын агуулга хөтөлбөрт нь шингэчихсэн. Хөгжлийн цөмөө  боловсруулчихсан. Тэр нь өдгөө биеллээ олчихсон. Айхтар байгаа биз.   Нэг талаар  айхтар санагдаж байгаа ч гэсэн миний   хувьд болгоомжлол төрснийг нуухгүй. Тэр нь юу вэ гэхээр Хонконг улс хятадтай нэгдэж нийлсэн. Англи улстай 100-н жилийн гэрээтэй байсныг ойн дээрээ өөрийн улсдаа нэгтгэсэн  гэдгийг бид мэднэ. Хоёрхон жилийн дараа Макаог Португалиас хүлээж авсан. 300 жилийн гэрээтэй байсан  Макаог Хятад улс эргүүлээд авчихаж байгаа юм. 2027 онд байл уу одоо санахад Тайвань улсыг эх газартай нэгтгэнэ гэсэн том бодлого бас байсан. Уг нь хичээлийн хөтөлбөрүүд ш дээ. Тэрэнд нь улсдаа нэгтгэх дэд хөтөлбөрүүд байх. Тэр ч бүү хэл, 2034 байл уу, 2037 онд Монгол Улсыг  өөрийн болгоно гэсэн дэд хөтөлбөр байсан шүү. Яахаараа Монгол Улсыг өөртөө нэгтгэх тухай юм бичээд тэрийг нь оюутнууд нь уншиж танилцаад явж  байдаг билээ гэж гайхаж бас эгдүүсэн. Сүүлд ч гэсэн  учир мэдэх хүмүүсийн амнаас энэ тухай сонсож л байсан. 2049 онд буюу коммунист намын 100-н жилийнхээ ойгоор Африкийн Улс орнуудын эдийн засгийг 90 хүртэл хувиар эзэлнэ гэсэн зүйл бас байдаг. Тухайн үед ёстой том ярьж байна даа гэж бодоод шоолонгуй байж билээ. НҮБ дэлхийг тодорхойлж,  АНУ толгойлно гэдэг үе шүү дээ. 30 жилийн дараа эргээд харлаа, нас ч 50 шүргэчихлээ. Амихандаа өөрийгөө залуугаасаа л улс орныхоо төлөө зүтгэсэн гэж тоож явтал нэг биш ээ.

-Эмзэглэх, шүүмжлэх зүйл зөндөө л байна. Илүү их эмзэглүүдэг нь яг ямар асуудал юм бэ, таны хувьд?

-Өнөөдөр Монголын эдийн засаг Хятадаас 100 хувь хараат болчихлоо. Улсаа удирдаж байгаа нөхдүүд маань газар нутгаа гадаадынханд алдахадлаа тулаад зарим нь бүүр үнэгүй шахуу түрээсийн журмаар өгөхөөр болж байх шиг дүр зураг харагдаад эхэлсэн. Дорнодын талд ажиллаж байгаа Петро Чайна Тамсагийг та бүхэн мэднэ дээ. Минийхээр бол үнэгүй шахуу хятадуудад өгчихлөө л гэж харж байгаа. Матад, Халх гол суманд өгөөд байгаа нефтийг бид зүгээр шахуу өгөөд байна. Зүгээргүй өгч байгаа юм бол ард түмнээс нуух хэрэг юу байсан юм бэ. Зах зээлийн жишгээр ажиллаж байгаа юм бол нуухгүй ш дээ. “Но”-той учраас нууж хааж, ил тод болгохгүй байгаа хэрэг. Аймаг орон нутаг дахь стратегийн ордуудыг хар. Дандаа гадаадын иргэдийн өмчлөлтэй. Улс орон, газар нутгаа “өгсөн”-өөс ямар ялгаа байгаа юм бэ.

Бодоод үз л дээ. Монгол Улсын гадаад өр 30 хэдэн тэрбум долларт хүрчихсэн. Өрийн  70-80 хувь нэг улс буюу Хятад улсад хамааралтай байна. Урт хугацааны зээл ч байна уу,  юу ч байна тэрнийг нь барагдуулах чадал маньд байгаа билүү. Өгч чадахгүй өнөө Тажикстан нэг мужаа тавиад дуусан шиг нэг аймгаа өгөх хэмжээнд орох бий вий гэх эмзэглэл бодитоор нүүрлэчихлээ. Үр хүүхэд хойч үе маань хаана амьдрах вэ, харь орны иргэний харьяанд орохдоо тулах юм биш байгаа гэх болгоомжлол ч төрж эхэллээ. Үндэсний аюулгүй байдал  алдагдагдах бий вий. Ийм эмзэг аюултай байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хувьсгал хийхээс өөр арга бий юу. Хэрэв  сонгуулиар МАНАН гараад ирвэл  ийм байдал үүсгэчих эрсдэл өндөр байна. Тиймдээ ч бид эрсдэлээс болгоомилж, нэгдэж нийлсэн. Түүхч Өлзийбаатар гуай, Хурц гуай нарын яриад байгаа шиг төрийн эргэлтийг эерэг замаар буюу шинэ улс төрийн хүчин сонгох замаар өөрчлөхгүй л бол болохгүй цаг үе тулгараад байна. Өвөг дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалж үлдсэн газар нутгаа  алдчихвал хойч үедээ хараагдана. Хүссэн ч эс хүссэн ч хойч үеийнхэнд маань Монголын хувь заяа  очино. Аав ээж, эмээ өвөө минь энэ бүхнийг хараад зүгээр сууж байсан гэж үү хэмээн халаглана. Ийм эмгэнэлтэй байдалд хүргэхгүйн төлөө бид өнөөдөр шударга ёсны хувьсгал хийх ёстой юм. Хувьсгал гэхээр түүхэнд үлдсэн шиг өнгөт байна уу ямар байна хамаагүй.

-Хувьсгал заавал золиостой байдаг гэдэг байх аа. Бас хувьсгалыг ухаантнууд бодож олж, тэнэгүүд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг гэх үг бий?

-Үндсэн хуулийн дагуу шинэ шударга улс төрийн хүчнийг дэмжих замаар өөрчилж шинэчилж болно. Сонгуулийн хувьсгал хийнэ гэж бодож байна. Та бүхний мэдэж байгаачлан таван шударга Улсын их хурлын гишүүнээс гадна 50 шударга гишүүнтэй болохыг мөрөөдөж байна. Тэгж чадаж гэмээнэ өөрчлөгдөнө. Улс орон маань маш хурдан өөрчлөгдөж хөгжинө. Зөв бодолтой шударга хүмүүс гараад ирвэл тавхан жилийн дотор улс орны байдал ихээхэн өөрчлөгдөнө гэлэгт хувь хүний хувьд итгэж байна. Юун өр шир... Хүчтэй, хүчирхэг улс болох ирээдүй монголчуудад бий.

Төрийн эрх барих УИХ-д 20-30 жил сугуаад өгөршчихсөн этгээдүүдийн сэтгэхүйд   иргэдийг басамжилсан  өнгө аяс  суучихсан байна. Ингэж доромжлуулахгүй ээ. Улс орны аюулгүй байдлын үүднээс ч гэх юм уу сонгогч нартаа бид үүнийг сануулж байх  ёстой. Хүүхэд залуучууддаа эх оронч үзлийг төлөвшүүлэх ёстой. Үндснийхээ эрх ашгийг байнга нэгд тавих байх ёстой. Мөнгөтэй нь улс төрд гардаг гэх ойлголтоосоо салах ёстой. АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татаас авсан гэсэн. Мөнгөтэй хүнийг гаргах нь л дээ. Мөнгөтэй нь тэгээд улс орны төлөө явах уу, үгүй л байхгүй юу. Харин манай нам шударга, боловсролтой иргэдээ гаргах бодлого барьж байгаа. Манай намын бүх юм нээлттэй шилэн... Мэдээж сонгуулиар тодорхой хэмжээний зардал гарна. Нэр дэвшигч маань чадах нь ч бий, чадахгүй нь ч бий. Тиймээс хандивын аян зарласан. Өөр арга алга. Сонирхуулаад нэг жишээ хэлье. Дэлхийн  жуулчдыг соронз адил Дубай гээд Катар Улсын нэг гоё хот байна. Катарын уугуул  иргэд нь нэг сая ч хүрэхгүй. Катар иргэдийн дийлэнх нь гадаадад амьдардаг. Үнэндээ Катарт сая таван зуун мянган цагаач буюу гадаадын иргэд ажиллаж амьдардаг. Тэд бүхий л орлогоо Катарын банк санхүү татварын албанд тайлагнадаг. Катар бол нээлттэй улс. Гадаадын цагаач иргэдийн төлсөн татварын мөнгө нь Катар иргэдийнхээ сайн сайханд зарцуулагддаг. Товчхондоо, Катар улс ард түмэндээ баялгаа хүртээж чадаж байна. Дөнгөж төрсөн Катар хүүхдийн дансанд  нь 40 мянган доллар орж байна. Хүүхэд нь төрөхдөө л хадгаламжтай, дансанд нь   автоматаар л мөнгө орж ирдэг. Гэтэл манайх ямар байна вэ. Катарын нефтийн олборлолтоос 50 дахин их нөөцтэй гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яриад л байна лээ.  Мэдээд байгаа юм бол хуваарлилтыг зөв хийгээч. Хийлгэх арга хэмжээ аваач...

Нөгөөтэйгүүр улс төрд шинэчлэл хийхийн тулд шинэ хүмүүсийг гаргая гээд улиглая. Улс төрд олон жил явсан туршлагаар юм хэмжигдэхгүй.  Гагц улс орноо бодох  сэтгэлтэй хүмүүс л Монголыг хөгжүүлнэ. Заавал АНУ-ыг дуурайх албагүй ш дээ. Мужийн системтэй улс орны төрийн тогтолцоог Монголд нутагшуулах гээд байх шаардлага байна уу. Урд хөршийнхөн бол манай Их засаг хуулийн  баримжаагаар төрөө цогцлоосон. Бид өөрсдийн үүх түүхтэй хуулиасаа санаа авч хатуухан төрийн тогтолцоотой болмоор байна... Өнгөрсөн 30 жилийг хараад дүгнэхэд шударга хүн  төрд нэг ч гараагүй.

-Манай улсад лидер гэгдэх улстөрч гэж байхгүй гэсэн үг үү?

-Ж.Батзандан даргыгаа би заяагдсан хүн гэж хардаг. 2004 оноос хойш 16 жилийн турш цуг явж ард нь ажиллалаа... Залуу байхдаа улс төрөөс алсхан явлаа. 2005 онд докторын зэрэг хамгаалаад ирж байхдаа олон сайхан оюунлаг залуустай нэгдэж Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөнийг байгуулсан. Бид Архангай аймгийн Цэнхэр сум, Алтан дорнод Монголын  үйл ажиллагаанаас эхлээд нэг хүнийг тахин шүтэх хэмжээнд  очсон  экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг ажиллаж, талбай дээр жагсч явлаа. Сүүлд, Үндсэн   хуулийн дагуу Иргэний хөдөлгөөний намаа байгуулсан даа...

-Ингэхэд ИХН-ын үйл ажиллагаа хэр байна вэ, сураг алдарчихаа юу даа?

-Намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Анх үүсгэн байгуулалцсан  улс төрийн зөвлөлийн 11 гишүүний нэг Батсайхан,  Анод банкны Даваа нар маань  намаа үргэлжлүүлэн авч яваа. Тэр үедээ хамтдаа нийгмийн дуу хоолой болж явсан залуус одоо ч байна. Зарим нэг нь өөр намд элссэн тохиолдол бий ч чин хүсэл зорилго маань одоо ч нэг гэдэгт би эргэлздэггүй. Тэр үеэс л тууштай явсан .Аюулгүй, Амарсайхан,  Батбаяр, Батзандан  гээд олон залуус бий. Ж.Батзандан маань УИХ-д хоёронтоо сонгогдож, найман жил иргэд, олон түмнээ төлөөллөө. Энэ хүн бол иргэд биднйи дуу хоолой... Тэр гишүүн боллоо гээд дарга, сайд хийсэн үү. Үгүй..Ардчилсан намаас юу хүртсэн юм бэ. Юу ч хүртээгүй.

-Ер нь заавал нам дагаж ямар нэг юм хүртэх ёстой юмуу?

-Үгүй л дээ. Бусад шиг элдэв сандал суудалд шунаагүй л  гэж хэлэх гээд байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа, нийгмийн шинэчлэлийн төлөөх зүтгэлд тань амжилт хүсье.

 

Сэтгүүлч З.Сүхээ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-09 07:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ҮНЭН [202.126.88.xxx]

    Сайхан шулуухан ярьжээ. Их боловсролтой хүн гэж сонссон

  • Зочин

    ҮНЭН [202.126.88.xxx]

    Сайхан шулуухан ярьжээ. Их боловсролтой хүн гэж сонссон

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?