С.ХҮРЭЛБААТАР:ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРСЭН ЦАГТ Л ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-15 03:27

Сэтгүүлчийн үг

Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа.

-Хоёулаа цаг үеийн  нөхцөл байдалтайгаа зохицуулаад дэлхийг “айлгаж” буй вирусын талаар ярилцая. Гэхдээ корона биш... Ер нь вирус гэж яг юу юм бэ. Мэргэжлийн хүний хувьд энгийнчлэн мэргэжлийн бус хүн ч ойлгохоор тайлбарлаад өгөөч?

-Хүн төрөлхтөн короновирустай тулчихлаа. Гэхдээ вирустэй анх удаа тулж байгаа юм биш шүү дээ. Өмнө нь сарстай, ДОХ-той нүүр тулсан. Өнөөдрийг хүртэл энэхүү халдварт  вирусуудыг хүн төрөлхтөн эмчилж чадахгүй байгаа нь хүчин мөхөсдөж буй нь үнэн. Дэлхий нийт таваас зургаан мянган вирусын асуудлыг ярьж байгаа ч яаж ялан дийлэхээ аргаа олохгүй байгаа нь үнэн. Тэдгээр вирус генетикийн хувьд далд хэлбэрээр тогтчихсон. Тэр бүрд нь хүн төрөлхтөн вакцинаа гаргаж чадах уу гэх асуудал тулгарсан. Вирусүүдээс урьдчилан сэргийлэх эм  бүтээж чадах уу... Чадахгүй. Өнөөдөр корона гараад ирчихсэн, маргааш бас ямар юм нь гараад ирэхийг мэдэж чадахгүй. Дэлхий нийт энэхүү вирусын өмнө эдийн засгийн хямралд ортлоо алуулж байна. Гэхдээ эмчилгээний асуудлыг маш хялбархнаар шийдэж бас болно. Вирус бол хамгийн жижигхэн амьтан. Энэ жижигхэн амьтныг хүн төрөлхтөн дийлж чадахгүй байна. Вирусийг эмчлэх эмчилгээ нь  тухайн вирусийн ДНК буюу РНК-г судалж, яг тохирсон эм хийх явдал. Гэвч эм хийх их явдалтай. Вирус чинь амьд амьтан учраас дүрсээ байнга хувиргаж байдаг. Тийм учраас хүн төрөлхтөн өдийг хүртэл ДОХ-ын вирусыг эмчилж чадахгүй байгаа юм. Шуудхан хэлэхэд шинжлэх ухаан ганцхан вирусыг устгах эм гаргахын тулд бүхнийг хийж байна. Өөрийн чинь хэлдгээр хүн төрөлхтнийг айдаст автуулаад байгаа корона вирусээр өвчлөөд нас барагсдын олонх нь хөгшид хүүхэд байгааг судалгаанаас харчихаж болно. Залуус харьцангуй цөөхөн. Үүнийг би биеийн ерөнхий  эсэргүүцэлтэй холбож тайлбарлана. Биеийн ерөнхий эсэргүүцэл гэж организмын өөрийнх нь бүрэн бүтэн байдлыг хэлдэг. Гэхдээ хүн төрөлхтөн, шинжлэх ухаан өнөөг хүртэл дархлаа гэж яг юу юм бэ гэдгийг нарийн тодорхойлж нээгээгүй л байна. Хэдийгээр дархлааг дэмжих эм гэж байдаг ч цаад үр дүн буруудчихдаг. Дархлаа дэмжигч янз бүрийн эм бүтээгдэхүүн хэрэглэж, тариа хийгээд дархлааг дэмжчихлээ гэдэг ч тэр эм тариа бие организмаас гарахаар ямар байдал үүсэх вэ гэдэг асуудал тодорхойгүй. Хүн төрөлхтөн, алдарт америк, хятадууд ч учрыг нь олж чадаагүй л байна. Энгийнчилбэл, уг вирусээр өвдсөн олон хүн, амьд үлдэж байгаа нь залуу дархлаа сайтай нэг ёсондоо биеийн эсэргүүцэл сайтай л гэсэн үг.

-Тэгвэл таныхаар дархлаа гэж яг юу юм бэ?

-Миний бодол, амьдрал практикаар гаднаас орж ирсэн биетийг организм өөрөө устгах чадварыг дархлаа гэнэ. Дэлхий нийтийн нэр томъёо л доо. Дархлаа чөмөгт болон хэмт ясанд үүсдэг юм. Харин удирдагч нь уураг тархи. Товчхондоо бие организмыг бүхлээр нь авч үзвэл нэг цогц. Зүрх цусаа шахна. Судас руугаа орно. Судас нь элгэндээ очино. Чөмгөндөө хүрнэ. Боловсрол явагдаад эргээд чөмөг рүүгээ очино. Буцаад цус руугаа очино, зүрхэндээ ирнэ. Энэ эргэлтийн системийг  цусны их, бага эргэлтийн систем гэж ярьдаг. Энэ системийн үйл ажиллагаа алдагдахаар дархлаа сулардаг. Өнөөдөр хүн болгон системийн алдагдалтай өөрөөр хэлбэл дархлаа сулралтай байна.

 -Яагаад, юунаас болж?

-Системийн үйл ажиллагаа доголдож алдагдаж байна гэдэг чинь гэмтэл. Нөгөөтэйгүүр бие организмын алдагдлыг эрчимжүүлэх эмчилгээ хийх ёстой. Их энгийн л дээ. Би хувийн эмнэлэг байгуулаад 30-н жил болох гэж байна. Ердөө л бариа засал, био орон зайн ховс эмчилгээгээр эмчилчихнэ.

-Та өмнө нь ДОХ-ыг эмчилж чадна гэж байсан. Одоо коронаг эмчилчилнэ гээд л  байнаа даа. Дэлхий нийт хүчин мөхөсдөөд байгаа шүү дээ?

-Элгэний В, С вирусыг эмчлэх тухай асуудал яригдсаар байна. Манайхны дунд их газар авсан өвчин л дөө. В, С вирусын өвчлөлтэй, эмчилгээ хийлгэж байгаа хүний судсыг бариад үзэхээр суурь өвчин байж л байдаг. Гэтэл бид зөвхөн В,С вирусыг устгаад суурь өвчнийг үл тоодог.  Шуудхан хэлэхэд, энэ цагт хүн гэдэг амьтан бизнесийн хэрэглэгдэхүүн, орчин болчихсон. Би энэний эсрэг хүн. Өмнө нь В,С вирусын эмийг 1000 гаруй ам.доллараар авч уудаг байсан ч одоо ЭМД-ын шугамаар үнэгүй өгч байх шиг байна. Хэдийгээр В,С вирусийг устгаж болох ч цаана нь үлдэж байгаа үлдэц нь  өвчин болчихдог. Ямар ч өвчлөлийн тухайд би нурууны яс ярих дуртай. Дуртай гэхээсээ илүү шалтаг шалтгаан нь болдог учраас хүссэн хүсээгүй ярих болдог хэрэг. Нурууны яс мурийна, мушгирна гэдэг чинь бүх өвчлөлийн үндэс. Нуруу мурийж мушгирсан нь комьпютерын шинжилгээгээр илэрдэггүй юм шүү. Мурийлт мушгиралтыг бүрэн оношлож чаддаггүй гэсэн үг. Харин нурууны зураг авахуулахад гулзайлт, мурийлт, мушгиралт бүгд тодорхой гараад ирнэ.

За тэгээд, тэгш байсан нуруу мурийхаар мэдрэл гардаг нүхийг гэмтээнэ. Мэдрэл гардаг нүхний гэмтлийг комьпютер мундаг оношлодог. Мэдрэл гардаг нүх нарийссан, дарагдсан байна гээд... Нуруунаас хоёр янзын мэдрэл гардаг юм. Энгийнчилбэл чи бидний гар хөлөө хөдөлгөх мэдрэл. Анагаах ухаанд артикулит гэдэг. Оюун ухааны  мэдрэл. Нөгөө нь ургал мэдрэл. Ургал мэдрэл нь зүрх, ходоод бүдүүн нарийн гэдэс, сав өндгөвч, төмсөг дотор эрхтэн системд очдог. Хамгйин харамсалтай нь хүний ургал мэдрэл дарагдсан эсэхийг оношлодоггүй. Дэлхийн анагаах ухаан, мэдрэлийн лут эмч нар ч энэ талаар ярьдаггүй... Хөөрхий юугаа ч ярих вэ дээ. Эмчлэх практик байхгүй юм чинь. Тийм ч учраас би онгирдог. Би энэ талаар дэлхийд нэг номерын эмч. Монгол Улсын мэдрэлийн зөвлөх эмч нараас асуугаарай. С.Хүрэлбаатар гэж хүний ярьж байгаа зөв үү, буруу юу гэж. Тийм ээ л  гэнэ. Хэлээд байна шүү дээ, миний өөрийн эзэмшсэн мэргэжил бариа  засал, ховс эмчилгээгээр энэ вирустэй тэмцэх боломжтой. Элэгний В, С вирусийг эмчилж байсан эмчилгээ маань баталгаа болчихно. Надад чадвар байна. Ер нь хүнийг эмчлэх дээ ганц л зүйлийг барьж болно. Товчхондоо, хүний биед  байгаа вирусийн эсрэг тэмцэх эсрэг биетүүдийг сэргээж өгнө гэсэн үг. Би энэ тухай өөрийн номондоо эмч хүн ойлгох хэмжээнд бичсэн байгаа. Ном маань тэр бүр хүнд хүрээгүй л дээ. Эгэл жирийн хүмүүс болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын хүмүүс олж уншиж судлаагүй байх. Магадгүй надтай холбогдохыг хүсээгүй ч байж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон эмч нар вирус алах  устгах талаар л ярьдаг. За яахав, вирус биед ороод хүндрээд эхлэхээр антибиотик, үсрээд л биеийн эсэргүүцэл сайжруулах ганц нэг эм хэрэглээд дээр нь хөл хорио тогтоогоод л байна. Гэтэл энэ нь эдийн засагт асар их хор хөнөөлтэй. 

-Тэгээд яана гэж... Европод хөл хорио тогтоогүйгээс өвчний халдварыг хяналтаас алдчихлаа шүү дээ?

-Манай улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд эхний ээлжинд хөл хориог  цуцлах ёстой. Сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, олон нийтийн үйл ажиллагааг зогсоож болно. Бусад  нийгмийн харилцаанд оролцох нийтийн үйлчилгээг хорионоос гаргах хэрэгтэй байна. эс бөгөөс нийгэм, эдийн засаг тэр аяараа суларч ойчих нь.  Элгээрээ мөлхөх нь... Төр засаг 11 дүгээр сар хүртэл хэдэн төгрөг өгнө, боломжоороо татвараас чөлөөлнө л гэж байна. Тэрнээс хойш хүмүүс яах юм бэ. Хөл хориог сулруулахгүй бол бид эдийн засгийн потенциальгүй болчихно. Хувийн  байгууллагууд хэдхэн сарын дараа дампуурахад хүрчихлээ. Бид байтугай дэлхий дайдаараа дампуурлаа зарлах нь модоо барих нь, эдийн засаг эвгүйтлээ гээд байгаа биз дээ, цаана чинь... Тиймээс Монголд корановирус илэрсэн ч дотоодын иргэдийн дунд   илрээгүй, тархаагүй. Орж ирж байгаа нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн хэлбэр. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүгд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байж байна. Энэ тохиолдолд бидэнд чөлөөтэй ажлаа хийж амьдрах боломж байна. Хэрвээ энэ хорио цээр удаан үргэлжилбэл эдийн засгийн тэмцлүүд гарч ирэх нь тодорхой. Эхнээсээ илэрч л байна. Үнэндээ иргэд, аж ахуй нэгжүүдийн “амьдрал” хэцүүдлээ. 

ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРСЭН ЦАГТ Л ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА...

-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга нь юу юм бэ. Хэдийгээр таны мэргэжил эмч ч гэсэн эмнэлэг ажиллуулж байгаа ажил олгогчийн хувьд нөхцөл байдлыг илүү сайн мэдэрч байгаа байх гэж бодоод асууж байна л даа?

-Монгол Улсын Засгийн газар хэдэн сар цөөн хэдэн төгрөг хаяад л алга болно. Илүү нэмэр тус болохгүй, чадах ч үгүй. Тиймээс цаашдаа эдийн засгийн байдлаа хэрхэн тогтворжуулах вэ гэдэг асуулт гарч ирнээ дээ. 

-Мэдээж...

-Шууд хэлчихье. Монголд гадаадын банк оруулж ирэх ёстой. Цаг нь болчихсон.  Өнөөдөр Монголд ажиллаж буй дотоодын банкууд ачаалал эрсдэл үүрч чадахгүй. Магадгүй хүссэн ч амжихгүй. За бараг л хүсэхгүй дээ... Үүссэн нөхцөл байдлыг дагаж, хангаж ажиллаж үнэхээр чадахгүй шүү. Жилийн гурван хувийн хүүтэй зээл олгодог банк байж гэмээнэ Монголын аж ахуйн нэгжүүд өснө өндийнө бас босно. Энэ боломжийг гадны банк л бий болгож чадна. Монгол банкууд чадахгүй ээ, чадахаасаа өнгөрсөн гэж би дүгнэдэг. Өнөөдөр УОК, томоохон зочид буудлуудыг өвчний хөл хорионы дайчилгаанд  ашиглах асуудал яригдаж байна. Мэдээж хэрэг тэрхүү тусгаарлалтад очиж ажиллах эмч нарын асуудал яригдана. Хэрвээ, Монголд цар тахал тархахад хүрвэл хувийн эмнэлэгийн секторыг татна гэж ярьж байгаа. Тийм нөхцөлд бид эл асуудалд татагдан орох нь ойлгомжтой. Бодоод үз дээ, би эмнэлгээ өргөжүүлэх төсөл бичээд банкинд хандлаа гэхэд хүүнд нь алуулсаар байгаад дуусах магадлалтай. Харин гадны банк ороод ирвэл бага хүүтэй зээл аваад эмнэлгийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж болно. Эмнэлгээ жинхэнэ утгаар нь эмнэлэгийн статустай болгоод томруулж сайжруулах хүсэл санаа хувийн юм ажиллуулж байгаа хүн бүхэнд бий. Алс хэтдээ болох л байлгүй.  Хүссэн хүсээгүй хөрөнгө оруулалтын асуудал хөндөгдөнө. Ний нуугүй хэлэхэд, иргэд улсын эмнэлгийг л эмнэлэг гэж үздэг. Хувийн хэвшлийн эмнэлгийг эмнэлэг гэж үздэггүй тал бий. Угтаа хувийн хэвшлийн бидэнд короно вирусийн эсрэг тэмцэх боломж бололцоо, хүч бол байна. Вирусийн эсрэг бүхий л хувь хүн, байгууллагууд чадах чинээгээрээ тэмцэж байна. Гандан гэхэд өвчний эсрэг номоо хурж уншиж байна. Миний хувьд боломж олдвол эл өвчний эсрэг өөрийн чадлаа зориулахад бэлэн...

-Гадны банк ороод ирвэл  бохир мөнгө угаагдах эрсдэл бий болдог гэж зарим эдийн засагчид үздэг, тэр хэрээр болгоомжилдог юм байна лээ?

-Эдийн засагчдад ганцхан юм хэлье. Тэр мөнгө бохир байна уу, цэвэр байна уу хэнд хамаатай юм бэ. Өнөөдөр монгол банкууд иргэддээ жилийн 20-30 хувийн хүүтэй  зээл өгч байна. Гадныхан гуравхан хувийн хүүтэй зээл өгч чадна. Найм дахин бага хүүтэй... Бод доо, нягтлаад үз. Гадны бохир мөнгө угаагдах эрсдэлтэй гээд л байдаг. Терроризм, хар тамхинаас олсон мөнгө байлаа гээд хэнд хамаатай юм бэ. Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдаж л байвал бол оо. Үүнийг яагаад эдийн засагчид ойлгохгүй байгаа юм бэ. Нэг л их цэвэр мөнгө ашигладаг хүмүүс. Төрд гарсан хүмүүс өөрсдөө өчнөөн тэрбумаар нь мөнгө хулгай хийж амьдарчихаад, өөрсдөө бохир мөнгө эргэлдүүлж эргэлдүүлчихээд албан ёсоор орж ирж байгаа банкийг яагаад  хардаад хориод байдаг юм бэ. 

Эмнэлэг маань өргөжвөл 50-100 хүнд эмчилгээ хийх чадвартай болно. Би ингэж л харж байна. УОК, энэ цаг үеийн байдлыг харгалзаад хувийн эмнэлгүүдэд хүү багатай зээл оруулж ирэхэд  санаа тавих ёстой. Дэлхйи дайдаараа үймж байхад манай улс цар тахлыг барьж чадаж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ алдахад хүрвэл тэр үед хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийгээд ямар ч хэрэггүй ш дээ. Бид дайчлагдан ажиллахад хүрвэл эмч ажилчдадаа нэг удаагийн хамгаалах хувцасыг бэлтгэнэ.  Ядаж л ариутгал халдваргүйжүүлэх багаж авч тавих шаардлага тулгарна биз. Товчхондоо цаг үеийн онцгой байдалд бэлдэх шаардлага тулгарчихаад байна гэж хэлээд байгаа минь энэ. Гашуун ч гэсэн үнэн нь хувийн жижгэвтэр эмнэлгүүд өөрсдийн яг одоогийн нөөц бололцоогоор авч чадахгүй. Тиймээс халдварыг хяналтандаа авчихсан харьцангуй тайван байгаа энэ үедээ л  хүссэн зээлийг нь урьдчилж өгөх шаардлага УОК-т тулгараад байна. Энэ нь корановирусээс урьдчилан сэргийлэх арга ажиллагаа болно. 

-Хувийн хэвшлийнхэн тэр тусмаа эмнэлгийнхэнд урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэлээ базаах боломж олго гээд байна гэж ойлголоо?

-Тийм. Бусад хүнсний үйлдвэрүүд ч бас хамаатай. УОК-ийг ахалж байгаа Шадар сайд Ө.Энхтүвшин дарга цар тахлын өмнө хүчин мөхөстөөд ирэх цагт биднийг гуйгаад л ирнэ. Бид ч  чадлаараа зүтгэнэ. Нөгөөтэйгүүр өвчин хэлж биш, хийсч ирдэг. Ойр дотныхноос нь өвчний халдвар аваад улсын эмнэлэг хүч хүрэхээ болих цагт биднийг гуйгаад ирэх л байх... Ярьж буй сэдвээсээ жаахан хазайчих уу.  Сүүлийн үед үүссэн нөхцөл байдлаас болоод эрүүл мэндийн ажилтнуудыг арай өөр өнцгөөс харж эхэлж байх шиг байна. Өмнө нь эмч нарыг тангараг өргөсөн чинь юм хуцна биз гэсэн янзаар ханддаг байсан ч сүүлийн үед арай өөр болох шинж харагдаж байна. Эмч гэж ямар хүмүүсийг хэлдэг юм. Энэ хүмүүсийн ажил мэргэжлийн хэрэгцээ онцлог ямар юм бэ гээд судалж эхэлж байна... Үхэлтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг нь эрүүл  мэндийн ажилтнууд. Вирустэй тэмцэх тэмцлээр дэлхийн гуравдугаар дайн эхэлчихлээ. Энэ “дайн”-д эмч нарын үүрэг оролцооноос гадна эмч эмнэлгийн байгууллагын ажилтнууд өөрсдөө өвчин тусах эрсдэл асар их байна. Дахиад хэлье. Эрсдэлтэй энэ цар тахлын үед улсын эмнэлгээс гадна хувийн хэвшлийн эмнэлгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, бэлэн байдалд байлгах шаардлагатай байна. Хар даа, ОХУ, ХБНХУ, Хятад гээд олон улс шинэ эмнэлэг байгуулчихлаа. Шинэ эмнэлэгтээ ажиллах дэлхийн эмч нарыг урьж эхэллээ. Сайн дураараа кораногийн эсрэг тулалдуулахаар эмч нарыг дуудаж байна. Харин бидэнд буюу манай улсын хувьд шинэ эмнэлэг тэр дор нь босгох нөөц бололцоо харамсалтай нь байхгүй. Тиймээс л хувийн эмнэлгүүдэд хөрөнгө  оруулалт хийгээд цар тахлын үед парклаад дайчлах хэрэгтэй. Танайхыг ашиглана шүү гээд дарамтлах хэрэгтэй юм байхгүй юу. Миний ярьсан хэлснийг онцгой комиссынхон олж уншаасай... Нэмээд хэлэхэд, ахмад настны амралт сувилалд хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарлаа хандуулаач ээ. Өнөө маргаашгүй хэрэгжүүлээч ээ. Ахмад настнуудын амралт сувиллын газруудыг долоодугаар сарын 1 хүртэл хааж болохгүй ш дээ. Корано вирус дотоодод дэгдлээ гэхэд биеийн эсэргүүцэл сайтай байж гэмээнэ давж гарна. Тэр тусмаа ахмад настай хүмүүс бие нь чийрэгжиж байж л аюулыг гэтэлнэ. Эмчилгээ хийлгэж, сувилалдаа амарч байсан хөгшчүүл чинь өвчин эсэргүүцэх үхлийг даах чадвартай болно. Дархлаа сайжруулах үйлчилгээ нэн чухал гэдгийг надаар хэлүүлтгүй мэдэж баймаар юм... Уучлаарай УОК-ийнхоон, би та бүхний хийж байгаа ажлыг маш сайн ойлгож дэмжиж харж байгаа. Дарга ч бай даамалч бай хамаагүй аюулт вирусээр  өвддөг л юм бол эмчийг бараадаад уйлан дуугараад гүйнэ. Нөгөөтэйгүүр энэ бол цар тахал. Ахиад хэлчихье. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үйл ажиллагааг нь дэмжиж буй амралт сувиллын газрын буянаар л цар тахлыг дарж чадна шүү...

ЯПОН МОНГОЛЫН СУРГАЛТЫН ТӨВИЙГ “АШИГЛАХ” ХЭРЭГТЭЙ, ЦАГ НЬ БОЛЧИХСОН...

-Үнэндээ ч улс орнууд гурав хоногт эмнэлэг барилаа л гэж сонсогдох юм. Бидэнд тийм “чадал байх биш дээ?   

-Анагаах ухааны үндэсний их сургуулийн  дэргэд баригдсан шинэ эмнэлгийг ашигламаар байна. Ашиглах цаг нь энэ. Улс өөрөө тэр эмнэлгийг ажиллуулж чадахгүй байгаа юм чинь өвчнөөр далимдуулаад хувийн хэвшлийнхэнд лизингээр өгчих хэрэгтэй. Нэг давхрынх нь нэг жигүүрийн талбайг түрээслээд ажиллабал улсад ч, бидэнд ч, нийгэмд ч хэрэгтэй. 50 ортой эмнэлгээ байгуулаад зүтгэхэд бид бэлэн. Тэнд орчин үеийн тоног төхөөрөмж нь байна. Тоног төхөөрөмжийг нь ажиллуулдаг рентгэний багийг оруулчихна. Эмчилгээнийхээ багийг би эмнэлгийн нэг жигүүрт нь нээчихнэ. Эмэгтэйчүүдийн эмнэлэг нөгөө жигүүрт нь нээгдчихнэ. Энэ эмнэлгийг зориулалтаар нь аваад явах бололцоо бүрэн дүүрэн бий болно. Японы хөрөнгө оруулалт ороод ирдэг юм бол цар тахлын үед хувийн хэвшлийнхэнд бэлэглэчихээч. Анагаах ухааны их сургууль аятайхан аваад явчихаж чадахгүй байна. Анагаахын багш нарт үзүүлдэг хүмүүс цөөрсөн ш дээ. Тэд  онол л ярьдаг болсон. Би анагаахын багш нарыг муулж байгаа юм биш шүү. Бодит үнэнийг л хэлж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө тус сургуулиар ороод гарахад ходооны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслээ ялгахгүй хүмүүс л багшилж суугаа харагдсан. Практик дээр хэрхэн ажиллахыг огт заахгүй. Гэтэд эмч нарт онолоос гадна практик дадлага маш чухал. Энэ байдалд аль эрт алдагдсан. Тиймд ээ ч анагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмнэлгийг бидэнд хувьчлаад өгөөч гээд байна. Япон улсын засгийн газарт бидний хүсэлтийг уламжлаад өг гэж танай сониноор дамжуулан хүсч байна. Харин бид анагаахын оюутнуудын дадлагыг хийлгэх үүрэгтэй. Гал тогоонд нь гэдэг шиг л сайн чанартай хийлгэнэ. Хийхгүй эс бөгөөс хангалтгүй бол эмч болох эрх олгож болохгүй нөхөр байна гээд сургуулийн захиргаанд нь уламжилна. 

-Хоёулаа ярианыхаа сэдвийг ахиад вирус рүү чиглүүлье. Та коронаг эмчилж болно би чадна гээд байгаа. Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?

-Вирус гэдэг жижигхэн “амьтан” далд хэлбэрээр хүний биед ороод нуугдчихдаг юм. Тухайлбал, хүмүүсийн хамгийн сайн мэддэг өвчин болох сүрьеэгийн нян. Вирус  нь биеийн эсэргүүцэл сайн байхад яах ч үгүй, харин биеийн эсэргүүцэл муудаад ирэхээр идэвхжээд тухайн хүний ханиаж халдвар авсан хоол хүнсийг өөр хүн хэрэглэхэд халдварлаад эхэлнэ. Өөрөөр хэлбэл, вирусийг бүрэн дүүрэн дарж устгахгүй бол хүний биед далд хэлбэрээр үлдчихдэг. Хожим хойно хэзээ нэг өдөр эргээд дэгдэх магадлал өндөр л гэсэн үг.

БНХАУ-ын Ухань хотод вирусын эмчилгээ хийлгээд эрүүл болсон залуу  автобусаар явж байгаад зүрх нь зогсчихсон. Шинжилгээгээр эв эрүүл гарсан ч бүрэн эмчлэгдээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний биед ямар хэмжээний үлдэц үлдэнэ,  тэр хэрээр дараачийн эрсдэлийг бий болдог. Одоогоор эл өвчнийг уламжлалт ховс бариа засал эмчилгээг хавсарч хийхгүй л бол бүрэн эдгээж барахгүй. Өвчтөнд урхаг үлдсэн эсэхийг энергийн эмчилгээний үеэр мэдэх боломжтой. Үлдсэн эмчилгээг уламжлалт анагаах ухаанд даатга. Тэгж байж л төгс эмчилгээ болно. Корановирусын хувьд өвчтэй хүний биед хүрч болохгүй гээд байгаа. Гэтэл ховс болон энерги эмчилгээ хийхийн тулд хүний биед хүрэх учраас жаахан асуудалтай... Гэхдээ би их сонин хүн ш дээ. Шууд л биед нь хүрээд эмчлэх гээд шийдчихдэг,  хамаагүйдүү зантай хүн. Миний энэ аашийг мэдэх нэг нь мэднэ. Тэгэхээр эмчлэгдээд вирус илрэхгүй болсон үед нь надад хандвал сайн байна. Би иймээ тиймээ гэж бодохгүй асуудал руу шууд дайрч ордог зантай хүн. Цэрэвдэггүй. Тэгэхээр урхаг буюу үлдэцийг зөвхөн “Сэтгэшгүй” эмнэлгийн С.Хүрэлбаатар л эмчилж чадна гээд шууд хэлчихье. ДОХ өвчин туссан хүний биед өнөө вирус нь 20-30 жил хадгалагдаад бүрэн эрүүлжихгүй байна гэх асуудал бий. Би 15 жилийн өмнө ДОХ-ыг эмчилж чадна хэмээн ярилцлага ч өгч байсан. Хүмүүс намайг доромжилсон. Дэлхийн нийт ДОХ-ыг эмчилж чадаагүй байхад Хүрлээ яаж эмчлэх юм гэж дооглож байсан. Ингэхэд эл өвчний вирусийг судлаад сууж байгаа эмч нараас би юугаараа дутуу юм бэ. Тэд вирусийг алах тухай л ярьдаг. Миний хувьд зүгээр нэг эмчлэхгүй хүний биеийн эсэргүүцлийг сайжруулах замаар курс курсээр эмчилгээ хийнэ гэж хэлсэн.  Дэлхий нийтийн үнэ ханшаас гурав дахин бага үнээр эмчилгээ хийнэ. Эмчилгээ хийгдэж байх үед хавсарсан эмчилгээ хийж болно. Антибиотикоо тарина уу, дэлхийн эмчилгээний жишгээ дагана уу хамаагүй. Давхар урдчилан сэргийлэх эмчилгээг хийх хэрэгтэй. Тодруулбал, бариа засал нурууны эмчилгээ... Бүх биеийг тэнцвэрт байдалд оруулна гэсэн үг л дээ. Энэ эмчилгээг ганцхан манай Сэтгэшгүй эмнэлэг л хийнэ, чадна. Эмчилгээний хугацаа урт богино байх нь тухайн хүний нурууны суулт, нурууны ясны бүтэц тэжээлийн систем дээрх байдлаас шалтгаална. Ер нь аливаа вирусуудын хэлбэр хүрээлэн буй орчинд янз бүр оршдог. Огт мэдэгдэхгүй унтаа байдалтай байж байгаад гэмтэл бэртэл авахаар сэргэх магадлалтай. Энэ бүгдийг давж гарах ганц зүйл бол дархлаа.

-Та дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүнд таагүй ханддаг байх аа. Гэхдээ манайхан гэлтгүй хүн төрөлхтөн дархлаа дэмжих эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд найдвар тавих юм байна шүү дээ?

-Өмнө нь мөн ч олон хэлсэн дээ. Өнөөдөр дэлхий нийт дархлааг удирдаж чадахгүй. Монголын эрүүл мэндийн ажилтнууд, зөвлөхүүдээс асуу... Хүүмүүс дархлаагаа сэргээхээр кундам гэдэг  тариа хийлгэдэг. Кундам тарианы үйлчилгээ жилийн дараа гарахдаа эмчилгээ болох нь бүү хэл биеийн дархлааг маш ихээр унагасан байдаг. Угаас аливаа эм эмчилгээ гэдэг тухайн хүндээ  тухайн үедээ сайнаар нөлөөлж болох ч дараа нь гарах сөрөг нөлөө асар их байдаг юм. 

Одоо хүмүүс аюултай вирусын эсрэг хэрхэн тэмцэх вэ гэхээр, маск зүү л гээд байна. Миний хувьд маск зүүхийг эсэргүүцэж байна. Харин маск ав, хадгал. Одоогоор Монголд  дотооддоо өвчилж халдварлаагүй байна. Яг цар тахал дотоодоос гараад ирвэл маскаа зүү. Гаднаас зөөвөрлөгдөж ирсэн нь хяналтад байхад аюулгүй ш дээ. Мэдээж, гаднаас эх орондоо авчирч байгаа хүмүүстээ тавих хяналтаа улам сайжруулж, чангатга. Ахиад хэлэхэд, ахмадуудаа өвчлөлөөс хамгаалж сувилалд амрааж хэвтүүлмээр байна. Фитнесүүдийг нээмээр байна. Бас та халуурч байвал маскаа зүү. Үгүй бол хадгалд. Жинхэнэ бодит аюул нүүрэлсэн цагт хэрэг болно. Нөгөөтэйгүүр биеийн эсэргүүцэл сайжруулах ганц зүйл нь спорт заал. Дээр нь идэж буй хоол хүнс.  Өөр юу ч биш шүү. 

1980-аад онд би анагаахад сурч байхдаа хамрын ханиад хүрвэл хэдэн давхар бэлтгэлийн хувцас өмсч гараад биеэ халтал  корост гүйдэг байлаа. 5-10 км гүйгээд ороод ирээд зааланд дасгал хийхэд хөлс сад тавиад л халуурч байсан ханиад зүв зүгээр болох жишээний. Эцэст нь хэлэхэд, эх оронд маань цар тахлын хүрээ тэлбэл би өөрийн чадлаа далд байдлаар ч болтугай нэмэрлэнэ. Олон хүнийг хамарч эхэлвэл би сайн дураараа хүчээ өгнө. Би вирустэй хутгалдаад ажиллаж чадна. Надад  ажиллах эрмэлзэл хүч байна. Гар, сэтгэл нийлсэн байхад би болгоно гэж боддог. Гараас гарч байгаа энерги байна. Энерги байхад өвчин асуудал биш. Гэхдээ Монголын төр намайг ашиглая гэхгүй байхад би ч үсрээд тонгочоод байхгүй. Цар тахалд хүчээ өгье гэхээр эрх мэдэлтнүүдийн нөлөө бас байх янзтай. Эцэст нь, өмнө нь улсын зардлаар бэлдчихсэн хүмүүсээ сайн ашигла гэж хэлье. Халдвар хамгааллаар мэргэшсэн томоохон мэргэжилтэн, Норов гээд мундаг эмч ээ тоох ч үгүй байснаа кораногийн дуулианаар эрэлт хэрэгцээг нь мэдэрч ажиллуулж байх шиг байна лээ. Зүй нь мундагчуудаасаа суралцаж дараагийн үеэ бэлдэж байх хэрэгтэй юм байхгүй юу. Нарийн мэргэжлийн эмч ажилтнуудыг төр бодлогоор бэлдэхгүй бол бид мянга хашгираад нэмэргүй ш дээ. Норов эмч өндөр настай ч халдварын үед халдваргүйтгэлийнхээ ажлыг хийгээд л явж байна. Тэтгэвэрт гарсан эмчээ эргэн татаж хамтарч ажиллаж байна гэхээр  халдвар хамгаалалтынхаа нарийн мэргэжлийн эмч нараа бэлтгэж чадаагүй байна гэж л харагдаад байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-15 03:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.229.178.xxx]

    эмч хүн гэхэд харин зөв л юм хэлж дээ, гадаадын банкнуудыг оруулж ирэх нь зөв ...

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?