Я.ШИЙЛЭГМАА:ЕВРОПОД ХҮНИЙГ АЖИЛД АВАХААР ЯРИЛЦЛАГА ХИЙХДЭЭ ЁС ЗҮЙ, СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛЫГ НЬ ТҮЛХҮҮ ХАРДАГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-16 02:34

Сэтгүүлчийн үг

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, доктор  Шийлэгмаатай ярилцлаа. 

-Юуны өмнө өөрийгөө товч танилцуулаач?

-Миний хувьд МУБИС-тай хувь заяагаа холбоод 25 жил болж байгаагаас сүүлийн таван жил Эрдэм шинжилгээ, Инновацийн албаны даргаар ажиллаж байна. Энэ бол миний дурлаж сонирхож, сонгосон мэргэжил. Анх МУБИС-д 18 настайдаа элсэн орж, их сургуулиа төгсөөд дадлагажигч багшаас эхлэн 20 жил тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд магистр, докторын зэрэг хамгаалсан. Төдийгөөс өдий хүртэл үнэн сэтгэлээсээ ажиллаж багшаас, МУБИС хэмээх их айлын Эрдэм шинжилгээний ажлыг удирдан явж байгаа минь эрдэмтэн багш нарын маань үнэтэй зөвлөгөө, нөр их хөдөлмөрийн үр дүн. Тийм учраас  багш нарынхаа эрдэм мэдлэгийг биширч дурсах дуртай, дандаа үлгэр дууриал авч явдаг. Багш байхдаа харьцангуй завтай байсан бол одоогийн хашиж буй ажил маань тун завгүй, ачаалал ихтэй. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүрээнд ажлыг минь дэмжиж ойлгодог учраас ажиллахад урамтай байдаг. Мэргэжилдээ дуртай захиргааны ажил хийж байгаа ч мэргэжлийнхээ дагуу судалгаа хийж, магистр, доктор удирдан ажиллаж байна даа.

-Аливаа ажил албан тушаал хүнийг хөгжүүлж, ирлэж хурцалж, бас олон зүйлийг мэдүүлж, мэдрүүлдэг гэдэгтэй та  санал нийлэх үү?

-Энэ тал дээр өөрийнхөө болоод бусад удирдах ажилтнуудын  туршлагаас харж байхад юуны түрүүнд хувь хүн их санаачлагатай байх хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь хэн миний мэргэжлийг дээшлүүлэх бол, хэн надад дэмжлэг болох бол гэх хүлээлтээс илүүтэй өөрөө өөрийгөө хөгжүүлж, гадаад, дотоодод мэргэжил мэдлэгээ зузаатгах ямар боломж байна юэ гэдгийг байнга эрэлхийлэх нь чухал. Миний хувьд гадаадын төсөл, хөтөлбөрүүдэд бие дааж хүсэлт илгээн, хувь судлаачийн мэдлэг, мэргэжлийг хөгжүүлэх төслүүдэд хандан 10 орны туршлагаас судалсан нь мэргэжил дээшлүүлэх сайхан боломж хэмээн үздэг. Түүнчлэн манай сургуулийн зүгээс залуу багш нараа их дэмждэг бөгөөд миний бие хэдэн хэдэн төсөлд оролцож их зүйл сурч авсан. Ялангуяа гадны төслүүдэд хамрагдаж, туршлага судлаад ирэхээр өөртөө шинэчлэл хийх сэдэл төрж түүнээ ажил, судалгааны ажилдаа ашиглах урам зоригийг бий болгодог. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ бусдыгаа өөрийн төсөл, судалгааны багт олонтаа татан оролцуулж хөгжүүлж ирлээ. Өөрийгөө хөгжүүлсэн хүн амжилтанд хүрч, нэг их мэрийгээгүй нь байрандаа үлддэг. Өөрөөр хэлбэл, мэдлэгийн шалгарал явагддаг. Нөгөө талаас хүн өөрөө хөгжье, бусдад нөлөөлье, бусдад тусалъя гэсэн чин эрмэлзлэлтэй байх нь хүний эрхэм чанар... Биднийг анх багш болж байхад багшийн цалин бага, орхиод явах хангалттай шалтгаан байсан. Гэвч би ажил мэргэжилдээ дуртай болохоор үнэнчээр үлдсэн. Үнэндээ мэргэжилдээ дуртай, хайртай, сэтгэлтэй. Ингээд бодохоор хүний дурлаж сонирхсон зүйл л зүрх сэтгэлд хүрч тэр хүний амьдралын утга учир болдог юм уу даа. Хүн бүр өөрийн зорилго төлөвлөгөөтэй байдаг. Энэ зорилго төлөвлөгөө нь  хувь хүний, гэр бүлийн, ажил төрлийн хувьд эцэст нь нийгэм орчны гэх мэтээр олон эерэг нөлөө үзүүлдэг. Мэдээж үүнээс улбаалаад хэн ч гэсэн сайн хүн болж төлөвшин, сайхан гэр бүлийг бий болгон, сэтгэл ханамжтай ажилтайгаар амьдрах зорилготой байдаг. Тэрхүү эрүүл саруул нийгмийг бий болгоход миний сонгосон мэргэжил бага ч гэсэн хувь нэмрээ оруулбал хүн болсны утга учир тэр байх. 

 -Төлөвлөгөө, зорилго амжилтын үндэс гэдэг дээ? 

-Ажлын хувьд сэтгэл ханамжтай байдгаа дээр хэлсэн. Хэцүү үе байсан ч шантрахгүй ажилдаа дур сонирхолтой л байвал ажил хөнгөхөн, дургүй бол ямар ч амар хялбар ажил хүнд хэцүү л санагдана шүү дээ. Энэ үүднээс мэргэжилдээ дуртай болохоор ямар ч хүнд ажлын ард даваад гарах сэтгэлтэй ажилладаг. Нөгөө талаар ажлын харилцаа холбоо өргөжих тусам хүн өөрөө улам хөгжиж, улам үүрэг хариуцлага өндөржиж байдаг. МУБИС-д анх эрдэм шинжилгээний алба байгуулагдахад анхны даргаар томилогдсон нь түүхэн сайхан дурсамж. Багш нарын эрдэм шинжилгээний ажлыг сайжруулахын тулд хөрөнгө мөнгөөр дэмжих шаардлагатай гэдгийг захирлууд маань ойлгож дэмжсэн нь миний ажил нэр хүндтэй амжилттай хэрэгжих нөхцөл болсон. Үндэслэлээ гаргаад, зөв ойлгуулаад, зөв яривал үр дүнтэй ажил болдог юм байна гэдгийг эндээс олж харсан. Том сургуулийн Эрдэм шинжилгээний ажлыг удирдан нэгтгэж, зангидахад хүнтэй харилцахаас эхлээд их чадвар, туршлага шаардах нь гарцаагүй. Тиймээс өдөр бүхэн чадвараа хөгжүүлж, өдөр бүхэн л өөрийгөө хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна даа. Өмнө нь зөвхөн түүхийн хичээл заадаг багш байсан бол одоо их сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаад ирэхээр бүх шинжлэх ухааныг уншиж судлах, бүх мэргэжлийн багшийн хүрээнд ярих чадвартай байх шаардлага зүй ёсоор урган гардаг. Энэ хэрээр мэдлэгийн хүрээ тэлэхийн зэрэгцээ улам завгүй, хэд дахин илүү ачаалалтай ажиллах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм. Инноваци гэдэг бол шинэ тутам хөгжиж байгаа, Эрдэм шинжилгээ, Инноваци хоёр хоорондоо салшгүй холбоотой. Энэ бол тухай сургуулийн зүрх тархи. Энэхүү ажлыг хүлээж аваад сургуулийнхаа эрдэм шинжилгээний төсөв, төслийн төрөл тоог нэмэгдүүллээ, дүрэм, журам боловсрууллаа, хүндэт доктор профессорын хувцас, медилион хийлгэх, ёслолын үйл ажиллагааны дэг боловсруулах, сэтгүүлүүдийг  олон улсын дугаарлалттай болгох, эрдэм шинжилгээний хурал, семинар, сэтгүүлийг олон улсын жишгээр зохион байгуулах гэх зэргээр олон ажлыг санаачилж хийлээ.

-Инноваци гэснээс манай улсын хувьд сүүлийн жилүүдэд инноваци гэж нэлээд ярих боллоо. Инноваци гэж ер нь юуг хэлээд байна вэ?

 -Инноваци гэдэг шинэ мэдлэг бүтээж, шинэ онол гаргах асуудал биш юм. Харин аливаа нэг зүйлийг шинэ арга барилаар хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин уламжлалт аргаар хийж ирсэн юмыг илүү хялбаршуулаад, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх шинэ санаа шийдэл олохыг инноваци гэдэг. Заавал их мөнгө зарж, ямар нэг лабораторид инноваци бий болох албагүй ч шинжлэх ухаан технологийн хөгжил сайн байвал түүнийг дагаж инноваци хөгждөг юм. Гарааны бизнес гэдэг нь өөрөө инновацийн бизнес. Уламжлалт дэлгүүр, түц нээх, жижиг, бичил бизнес хийх нь startup биш л дээ. Startup бизнес нь инновациас ялгаатай. Startup бизнесийн амин сүнс нь ямар нэгэн цоо шинэ эсвэл сайжруулсан шинэ санаа санаачилга, оюуны бүтээл байдаг. Жишээ нь, үйлчилгээг хялбаршуулах аппликейшн бүтээж байна. Энэ бол инноваци.

-Тэгвэл инновацийг хөгжүүлэхэд  хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Инновацийг шинжлэх ухаанаас салгаж болохгүй. Бидний амьдарч байгаа эрин үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бүтээж эхэлж байна. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт минут секундээр хэмжигдэж байна. Мэдлэг эзэмшин инновацийг амьдралд нэвтрүүлэх мэдлэгээрээ шинэ инноваци бүтээдэг судлаачийн бэлтгэх нь манай сургуулийн зорилго юм. Үүнийг хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь санхүүжилт байдаг. Бид дотоод санхүүжилтээр инновацийн төслийг дэмжин хэрэгжүүлж, үр дүн нь гарааны компани болон бойжиж байна. Гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, хөгжингүй орнуудын шинэ төсөл шинэ инновацийг Монголд нутагшуулах, хамтарсан инноваци гаргах чиглэлээр манай эрдэмтэд амжилттай ажиллаж байгаа.  Тухайлбал, нэг жишээ дурдахад Японы засгийн газартай хамтарсан  физикийн сургалтын хэрэглэгдэхүүний “Моноцүкүри” инновацийн төвөөс хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 20 дунд сургуульд 1 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий 800 багажийг үнэ төлбөргүй нийлүүлээд байна. Бид цаашид дотоодын дунд сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлэх зорилт тавьж, хоёр гарааны компанийг байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Бид сургуулийн инновацийн бүтээгдэхүүний танилцуулгыг англи, монгол хэлээр хэвлэж, олон нийтийн хүртээл болгон ажиллаж байна.

 -Хоёулаа нэлээд ажил ярилаа. Одоо ярианы сэдвээ жаахан өөрчил. Эмэгтэй хүн гаднаасаа гэхээс дотроосоо гэрэлтэж байх ёстой гэдэг. Энэ тал дээр?

-Маш сайхан асуулт байна. Миний хувьд 10 жилийн сургуульд байхдаа гүн ухаан, философийн чиглэлийн ном их уншдаг байлаа. Хүнд муу санах хэрэггүй, гомдох шаардлагагүй, муу зүйл хийж болохгүй гэсэн ухагдахуун тэр л үеэс миний тархинд суусан. Харин одоо бясалгал, энергитэй холбоотой ном унших дуртай. Ер нь хүн сэтгэлдээ дандаа сайн сайхан зүйл хүсээд, хүнд сайн сайхан зүйл хийж явбал аяндаа бодол санаа нь бүтээд явна. Аав, ээж маань ёс суртахуун, зан төлөвшлийн амьд номууд. Биднийг багаас минь л сайн сайхан үйл хийж явах хэрэгтэй, хүнд байнга баярлалаа гэж хэлж бай, дандаа цэвэрхэн явж бай, цэвэрхэн явж байгаа хүнийг хараад лус баярладаг. Бас аяга тавгаа унтахдаа угааж бай, маргаашийн ажил чинь сайхан бүтнэ гэж хэлдэг байсан, тэр бүхэнд нь бид төлөвшиж цэвэрч нямбай байхыг багаас минь хэвшүүлсэн ажилсаг аав, ээжээрээ бахархдаг. Ээж маань зүйр цэцэн үгээр их хүмүүжүүлнэ ээ. Тухайлбал “Уг муутыг усан дотроос түймэр авна” гээд дандаа адилтгаж зүйрлүүлж хэлдэг. Энэ бүхэн нь өдөр тутмын амьдралд их мөрдлөгө болно. “Оролдлого сайт оройд нь гарна, оролдоод бай миний хүү” гэдэг үгийг намайг элсэлтийн шалгалт өгөх гээд гэрээсээ гарахад хэлж байлаа. Ээжийнхээ энэхүү үгсийг огт мартдаггүй, ээжийнхээ хэлсэн сургаал бүрийг амьдралдаа хэвшил болгох юмсан хэмээн хичээж амьдардаг даа. Тийм учраас хүний сэтгэл л цэвэр байх хэрэгтэй, сэтгэл цэвэр байхад үйлс цэвэр байна. Бид өнөөдөр мэдлэг л олгоод байгаа болохоос, сэтгэлийн боловсрол олгохгүй байгаа учраас хүүхдүүд хүнлэг биш болж хүмүүжиж байна. Үүнд харамсдаг. Бидний өвөг дээдэс судар сургаалиараа дамжуулаад эхлээд хүн болох хэрэгтэй гэж сургадаг байсан. Гэтэл өнөөдрийн нийгэмд хүнээр хүн хийх, хүн болгох тал руу нь сургахгүй, зүгээр л мэдлэгтэн бий болгоод байна. Нөгөөх нь хүн биш, ёс зүйгүй байдал гаргаад эндээс хүйтэн цэвдэг сэтгэлтнүүд гарч, нийгэмд сөрөг үр дагаврыг авчирдаг. Өвөг дээдэс маань тийм өндөр мэдлэг боловсролгүй хэрнээ амьдрахуй ухаантай, хэнд ч юуг ч зөвлөж чаддаг, ухаантай хүмүүс байлаа. Тийм учраас хүн байх л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хүн болох ухааныг эзэмшиж чадаагүй бол тэр хүнд мэдлэг хэрэггүй гэвэл хилсдэхгүй байх аа. Барууны орнуудад хүнийг ажилд авах гэж ярилцлага хийхдээ ёс зүй, сэтгэлийн боловсролыг нь түлхүү хардаг. Гэтэл манайд мэдлэгтэй, хүн биш хүмүүс авчихаад дараа нь хамт олон зовоод байдаг тал байдгийг үгүйсгэхгүй. Үүн дээрээ анхаараасай гэж хүсдэг.

 -Сайхан аав ээжийн үнэт сургаалд ухаажиж энэ хэрээр нийгэмд зөв хүн болж, зөв явах ухааныг давхар өөртөө бий болгож чадсан танд талархъя. Иймд таны бахархал юу вэ?

 -Миний хувьд сайхан өвөг дээдсээрээ бахархдаг. Ээж маань тайж удамтай хүн, ламын гэгээндээ нэлээд алдартай удмын хүмүүс байсан юм байна лээ. Аав маань угсаа гаралтай хүн байсан. 1932 онд манай ээжийн ах дүүс, хамаатан садангууд дүрвээд Өвөрмонголын нутаг руу гарсан гэдэг. Ээж маань тэднийгээ байнга дурсч ярьдаг, хүүхэд байхад яагаад? Удам угсаатай хүмүүсээ хэлмэгдүүлж хөнөөх болсон юм бол гэж бодох болсноос түүхийн багшийн мэргэжил сонгох үндэслэл болсон байхаа. Ингээд анх эмч болно гэж мөрөөдөж байсан хүн маань түүхийн ангид элсэн орвол удам түүхээ судлах байна гэсэн бодол зурвас орж ирсэн. Тэгээд МУБИС-ийн түүхийн ангид сураад, магистр, докторын ажлаа удам судрынхаа түүхийн хамаатай сэдвээр судалгаа хийж, хамгаалсан. Хэдийгээр би үзээгүй, уулзаагүй хараагүй ч “Өвөг дээдсийнхээ үнэн түүхийг тодруулах үүднээс судалгаа хийсэн учраас тэнгэрээс тэд нар маань харж баярлаж байгаа байхаа хэмээн боддог юм.

 -Хүссэн амжилтандаа хүрэхийн тулд яах ёстой гэж боддог вэ?

-Юуны түрүүнд өөрийгөө хөгжүүлж, шинийг сурах хэрэгтэй. Насан туршийн боловсрол гэж яригдаж байгаа энэ үед үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг. Өөрийгөө хөгжүүлж чадсан хүнд амжилт ойрхон. Амжилтын тухай мөрөөдөх хэрэггүй, хийж бүтээж байгаа цагт өөрөө хүрээд ирнэ гэж ойлгодог

-Ингэхэд таныг ном бичсэн гэж сонссон. Түүхийн мэргэжилтэй, хажуугаар нь байнга уншиж судалдаг хүний хувьд бичихэд төвөггүй байв уу, эсвэл?

 -Сайхан багш нартай учирснаа өөрийгөө азтай хүн гэж дээр хэлсэн. Хэн ямар ч өндөрлөгт хүрсэн, тэр хүнийг хэн зааж чиглүүлсэн бэ? Тэр хүний ачийг мартахгүй санаж явах учиртай. Би хэд хэдэн бүтээлтэй. Анхны бүхэн дурсамжтай байдаг. Би АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн талаар “АНУ-ын Ерөнхийлөгчид” нэртэй 40 хэвлэлийн хуудас анхны номоо 26 насандаа хэвлэж байлаа. Номондоо бүх Ерөнхийлөгчийн намтарыг, тэргүүн хатагтай нарынх нь зургийн хамт, хатагтай нар нь тухайн Ерөнхийлөгчийг өсч бойжиж, төрийн өндөрлөгт хүрэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? гэдэг талаар тодорхой бичсэн байгаа. Амжилттай яваа эр хүний ард талд яах аргагүй гэргий нар, тэр дундаа тэргүүлэгч гүрний Ерөнхийлөгчийн ар талд ямар эмэгтэй байсан бэ гэдэг нь сонин.

                                                                                                                                                                                   Сэтгүүлч Д.НЭРГҮЙ

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-16 02:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?