С.ЭРДЭНЭЧИМЭГ:ДУТУУ ДУЛИМАГ БҮТЭЭЛ ГАРГАХ ДУРГҮЙ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-22 10:11

Сэтгүүлчийн үг

МЗЭ-ийн шагналт, зохиолч яруу найрагч  С. Эрдэнэчимэг “Дэндүү гэгээн хайр”, “Хөлчүү цагийн хүсэл”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Хөх хун”, “Надад итгэ”, “Газрын тамга” зэрэг яруу найргийн түүвэр, Жорж Хиейртийн “Вильгельм”түүхэн роман, Луйза Хейгийн “Амьдрал ба гайхамшиг”, сэтгэл зүйн роман, “Амьдралын дараачийн учрал”,Тэнгэр уулын монгол цэрэг роман”, “Ил хан Хүлэг”, “Ил хан Өлзийт”түүхэн роман  зэрэг олон жинтэй бүтээлүүдээрээ уншигчдынхаа талархлыг хүлээж явна. Түүнтэй уулзаж сүүлийн үеийн уран бүтээлийн нь талаар хөөрөлдлөө.  

-Таныг олон орноор аялж  тэндээсээ уран бүтээлийнхээ санааг олдог гэж эртнээс сонсч байсан юм байна. Хамгийн сүүлд гэхэд л Дундад Азиар аялсан гэлээ?

-Тийм ээ, зөвхөн би ч гэлтгүй сүүлийн үед хүмүүс их аялах дуртай болсон байна. Ингэснээр ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, өөрийгөө ямар улс оронд хэрхэн яаж амьдарч байгаагаа бусадтай харьцуулж үзэхэд маш дөхөмтэй. Өөрөөр хэлбэл хүний оюун  санааг нээж,  юм үзэж нүд тайлах гэх мэтээр олон талын ач тустай гэсэн үг. Миний хувьд залуу байхаасаа олон орноор аялсан. Эхлээд зорилгогүй аялдаг байсан. Харин сүүлийн үед өөрийнхөө мэргэжил болон монголын түүхийг сонирхож явдаг болсон. Үүний нэг жишээ  жил гаруйн өмнө Дундад азиар аялсан явдал юм. Миний хувьд түүх газар зүйн багш, явахынхаа өмнө урд өмнө судалж байсан зүйлүүдээ сэргээж явсан учраас хөтлөгч буюу дээдэстэй нь тухайн улсын үүх түүхийнх нь талаар ам уралдан ойлголцож чадсан. Би монгол хүн, манай монголын дундад зууны үеийн түүх танай түүхтэй маш холбоотой гэж хэлэхэд л тэд манай түүхийг маш сайн мэддэг юм байна лээ, манай нийслэл Улаанбаатар болон бараг хүн амынх нь тоог хүртэл мэдэж байсан. Үсрэнгүй хөгжиж байгаа гээд маш олон баримтуудыг биднээс илүү мэддэг юм байна лээ. Энэ дундаас Узбек орон түүхийнхээ дурсгалыг маш сайн хадгалж үлдсэн нь маш их таалагдсан. Харамсалтай нь манайх түүхэн дурсгалаа бүх цаг хугацаанд эвдэлж сүйтгээд алга болгосон байдаг. Гэтэл тэнд  бүх  барилга байгууламжуудаа хэвээр нь хадгалж үлдээсэн, шинэчилсэн, засварласан, сэргээн босгосон байдаг юм билээ. Тийм учраас цаашдаа бид үүх түүхээ уламжлал болгон хадгалж явбал бидний ирээдүйн хөрөнгө оруулалт юм байна  гэдгийг эндээс олж мэдсэн. Монголын түүх, Чингис хаантай холбоотой маш олон түүх байдаг. Цагаадай ордны нутаг дэвсгэрт Узбек улс тооцогддог. Алтай ордны улсын нутаг дэвсгэрт Киргизийн зүүн талын  хэсэг тооцогддог байсан. Тиймээс тэдгээр улсуудын түүх манай түүхтэй салшгүй холбоотой.  Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан хүчирхэг улс учраас  дэлхийн бүх улсуудын түүхэнд монголын түүх ордог.  Энгийн ард түмэн нь маш сайхан хүлээж аваад өөр өөрсдийнхөө дурсамжуудыг ярьж сэтгэгдлээ хуваалцаж байсан. Энэ мэтээр гадаадын олон аяллуудаас гадна сүүлийн үед  дотоодын аяллуудыг сонирхдог болоод байгаа. Өнгөрсөн жил Баян-өлгий аймагт орших Алтай таван богдоор аялаад ирсэн. Энэ нь Хятадтай хиллэдэг. Маш үзэсгэлэнтэй  ялангуяа зуны улиралд сэтгэл сэргээж, хийморь бадраасан сайхан газар байдаг болохоор аялал жуулчлалаар маш их хүмүүс очдог юм билээ. Гэхдээ маш их өргөлийн идээ их будаа авч явж байгаль орныг бохирдуулаад зохисгүй санагдсан. Европоос маш их жуулчид, Америкаас дугуйчид явж байна лээ. Бид 7 дугаар сард очсон. Бороо хур гээд зам нэлээд төвөгтэй юм билээ. Тэгэхээр  хүмүүс аялж их зүйл мэдэх нь зөв ч гэлээ байгалтайгаа зөв харьцаарай гэж хүсч  байна.

-Одоо ямар аялал төлөвлөөд байна?

-Одоо Дорнод аймаг, Мэнэнгийн талыг үзэхийн зэрэгцээ Нөмрөгийн сав газраар орох сонирхолтой байгаа. Жанрайсаг бурхны талаар дуу бичсэн. Дууныхаа газрыг бодитоор очиж үзэх гэх мэт олон мөрөөдөл байгаа. Мөн  Швейцарь улс руу явах санаатай байна.  Дараа нь ил хаант улсын нутаг дэвсгэрийг бүрдүүлж байсан улсуудын нутгаар бүтэн явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ дундаас миний хамгийн том мөрөөдөл бол Иран улсад оршдог Өлзийт хааны бунхан руу явна гэж зорьж байгаа. Ил хаан өлзийт номоо бичиж байхдаа л тийш явах бодол төрсөн. Энэ мөрөөдөл маань хэзээ нэг өдөр биелнэ гэдэгт итгэдэг. Тиймээс хүмүүс дундад Азиар аялах болбол түүхээ сайн уншаарай, монголынхоо түүхээр бахархаж яваарай ийм тохиолдолд та бүхэнд улам сонирхолтой байх болно гэж хэлмээр байна.

-Та  уншигчдын амтархан унших дуртай  том том түүхэн роман бичдэг. Ер нь нэг уран бүтээл хэдий хугацаанд гараас гардаг вэ?

-Шүлэг яруу найргийн хувьд төдийд өдийд гэсэн хугацаа байдаггүй орж ирсэн үед нь л бичдэг. Романы хувьд тухайлбал “Ил хаан” хүлгийг 16 жил бодож байж бичсэн. Одоо судалгааны бүтээл дээр ажиллаж байна. Энэ бүтээл маань 5 жил дуншиж байж гарах тал руугаа хандаж байгаа. Одоогоор номынхоо нэрийг нууцлая. 2019 онд яруу найргийн 6 дахь түүврээ гаргасан. Энэ бүтээлээ даруй гаргачихвал дараа нь Дундад Азиар аялсан тухайгаараа ном гаргах зорилготой байгаа.

-Таны  уран бүтээлээсээ авдаг эрч хүч, сэтгэл ханамж гэвэл?

-Хүний амьдралд олон сайхан зүйл тохиолддог. Энэ дундаас хийе гэж бодож байсан бүтээлийнхээ ард гарчихаад за ашгүй дээ,гайгүй бүтээл болчихвуу даа гэж боддог. Эндээс л уран бүтээлийн эрч хүч, урам зоригийг авдаг даа. Харин дутуу  дулимаг бүтээл гаргах дургүй. Цаашдаа түүхэн сэдэвтэй романууд, түүхээс сэдэвлэж, баримтаар баталгаажуулсан роман нэлээд бичих зорилготой байгаа. Түүх, газар зүйн багш мэргэжилтэй хүний хувьд залуугаасаа түүх судалж уншдаг байлаа. Сүүлдээ сонирхоод бүр гүнзгийрэх хандлагатай болсон.

-Олон жилийн уран бүтээл тань танд юуг өгсөн гэж боддог вэ?

-Уран бүтээл гэдэг бол хүний жирийн амьдралаас өөр юм л даа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бид лалын мөргөлтэй хүмүүсийг буруу ойлгож байсан байна лээ. Гэтэл огт  архи уудаггүй, эрчүүд нь маш журамтай, эрчүүд нь амьдралынхаа бүхий л ачааг нуруун дээрээ үүрсэн үүргээ ухамсарласан хүмүүс юм билээ. Дайн байлдаанаас эхлээд л дандаа л буруу зүйл хийгээд байна гэсэн ойлголттой байсан бол яг амьдрал дээр өөр байдаг юм байна лээ гэж хэлэхийг хүсч байна.

                                                                                                                                                   Сэтгүүлч Д.НЭРГҮЙ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-22 10:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?