Ж.ЗАГАС: СПОРТ ЯЛАЛТ, ЯЛАГДЛЫН ДУНД ОРШДОГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-24 02:50

Сэтгүүлчийн үг

Волейболын спортын ОУХМ, Пара волейболын ОУХМ, Модон бөмбөгийн олон улсын дасгалжуулагч, Модон бөмбөгийн спортын ОУХМ, ММБХН-ы ахлах дасгалжуулагч, Бизнесийн удирдлагын доктор, ХААИС, СБТ, ББХТ ахлах багш Ж.Загастай ярилцлаа.

-Эмэгтэй хүн залуу нас бие сэтгэлээ спортод спортод зориулна гэдэг хатуу даваа шиг санагддаг?

-Миний бие 1987 онд УБДэС-ийн тэр дундаа Монгол Улсад анх удаа Биеийн тамирын багш, Цэрэгжилтийн багш гэсэн хоёр мэргэжлээр төгссөн. Дунд сургуульд Биеийн тамирын багш хийж байгаад, 2000 оноос ХААИС-д багшаар ажиллаж байна. Багшилна гэдэг миний багын мөрөөдөл. Тэр дундаа Биеийн тамирын багш болно гэж илүү их хүсдэг байлаа. Энэхүү хүүхэд насны минь гэгээн хүсэл намайг энэ хэмжээнд авчирсан болов уу гэж билэгшээж явдаг. Биеийн тамирын багш байна гэдэг биеийн тамирын хичээл заахаас илүүтэй, өөрөө биеийн спортыг зөвөөр хийж, мэдэрч,хөгжүүлэх зорилго чиглэлтэй байдаг. Энэ хугацаанд одоогийн байдлаар хоёр спортын төрлөөр хичээллэж, ялангуяа 1977 оноос эхлэн гар бөмбөгийн спортоор  хичээллэснээс хойш эдүгээ 42 жил болж байгаа.  Өөрөөр хэлбэл волейболын спортыг төгс эзэмшжээ гэж хэлж болно. Нөгөө талаас Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийг Биеийн тамир, спортод татан оролцуулахын тулд заавал мэргэжлийн хүний туслалцаа хэрэгтэй. Тийм учраас 2008 оноос Пара буюу волейболын тамирчидтай тоглож эхлээд улмаар Монгол Улсын шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнд орж тоглосон. 2007 онд Бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотод болсон олон улсын тэмцээнд оролцож, хүрэл медаль, 2014 онд Азийн наадамд үндсэн багийн бүрэлдэхүүнд орж тоглосон. Багийн ахлагчаар ч явж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мэргэжлийн тамирчид гэж үзэхгүй бол энэ спорт хөгжихөд хэцүү. Спорт хэн нэгэн хүний сэтгэлийн дэм,идэвх сонирхолоор хөгжих учиртай. Тийм учраас би “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод татан оролцуулах, суугаа волейболын спортыг Монгол Улсад хөгжүүлэх” сэдвээр 2010 онд Боловсролын их сургуулийн докторонт болсон. “Монголын Параолимпийн  байгууллагын хөгжлийн судалгаа” гэсэн сэдвээр доктор хамгаалсан. 

-Таны эрдэм судалгааны ажлын сэдэв үнэхээр чухал. Пара спортыг ингэж ярьж тэмцэж байж л хөгжүүлнэ?

-2010 оноос пара спортын холбоодын бүтэц зохион байгуулалтыг сайжруулахын тулд бүтцийнх нь тал дээр судалгааны ажил хийсэн. Судалгааны ажлын удирдагч маань монголын пара олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Оюунбат байсан. Тэрбээр пара спортыг монголд хөгжүүлэхэд ямар ямар асуудал тулгараад байна, өмнө нь яаж хөгжиж ирсэн бэ, цаашид тамирчдыг амжилт гаргахад юу нөлөөлөөд байна вэ гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлээч гэж докторонтын хувьд хүсэлт тавьсан. Энэ дагуу Монголын пара олимпийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох арга зам сэдэв байсан бол судалгааны явцад өөрчлөгдсөн.

-Та ХААИС-ийн оюутнуудыг спортод дурлуулж, улмаар амжилтанд хүргэж байгаа?

- Оюутан залуучуудын бие бялдрыг хөгжүүлнэ гэдэг  зөвхөн хичээлээр хязгаарлагдахгүй, хөдөлгөөний дутагдалд орсон оюутнууд биеийн тамирын хичээлийг судалж үзэхдээ өөрсдөө заавал хөдөлгөөнийг дагаж хийгээд, ажил дээр гараад хэрэгжүүлбэл маш сайн, хүн хөдөлгөөнөөс болж хохирдоггүй юмаа гэдгийг мэдүүлэхийг манай сургууль шаардаж байгаа. Тийм учраас 2011 оноос Хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байгаа боловсон хүчнүүдийг модон бөмбөгийн спортын дугуйлан хичээллүүлж байгаа. 2003 оноос 23 спортын мастер төрсөн. Үүнд Оюутны дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадамд тамирчид маань оролцож,  спортын зэрэг цолтой болж төгсөөд ажил дээр гараад 10 хувиа аваад, оюутан байх хугацаандаа хичээл,судалгааны ажлаасаа гадна өөрийгөө ойлгуулах чадвартай тамирчин оюутан бэлтгэгдэн гарч  байгаад нь баяртай байдаг. Энэ бол миний туйлын гол зорилго юм.

-Спорт гэдэг гайхамшигтай.  Та ч  өөрөө Монгол Улсынхаа нэрийн өмнөөс олон уралдаан тэмцээнд оролцож явсан хүний нэг?

-Спорт бол ялалт, ялагдлын дунд оршдог. Юуны түрүүнд тухайн бэлтгэж байгаа тамирчнаа сэтгэл зүйн хувьд маш их бэлдэх хэрэгтэй байдаг. Түүнээс нэг удаа ялчихаад маш их өндөр сэтгэгдэлтэй байж байгаад дараагийн удаа ялагдахдаа сэтгэл зүйн асар их дарамтанд орох нь бий. Тэгэхгүйн тулд өнөөдөр чи болоогүй байна, улам сайн сур, хажуугаар нь хичээлээ сайн хийж  байж сайн тамирчин болно гэсэн ойлголтыг тамирчин оюутнууддаа өгдөг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хоёр оюутан маань хамрагдсан. Төгсөөд гарахдаа нэг нь Спортын мастер, нөгөөх нь ОУХМ болсон. Оюутнуудыг зөвхөн хичээл хийлгээд зогсохгүй, Боловсролын байгууллагаас оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэхдээ гадагшаа тэмцээнд явуулж, тэр том тоглогчдыг хэрхэн яаж тоглодгийг нь нүдээрээ очиж үзээд, ямар цохиур бөмбөг хэрэглэдэг юм, эд нар яаж хувцасладаг юм гэх мэт  маш их соёл энд явж байгаа юм. Тиймээс оюутнуудыг спортоор хичээллэх боломж, дээрээс нь соёлд сургах гэсэн чин зорилго байдаг.  Цаг наргүй тэмцээн уралдаан гэж явдаг болохоор спортоороо маш их бахархдаг. Спорт бол хүнийг бүх талаар хөгжүүлж, бие хүнийг бий болгодгоороо гайхамшигтай. Энэ бүгдийг би амьдралынхаа туршид ойлгож байна. Тухайлбал, хүний үг дааж сурах, идэвх чармайлт,спорт хичээл хоёроо зэрэг авч явах, бие хүний төлөвшил гээд олон зүйлд сургадаг. Миний үед үе үеийн сор болсон хүмүүс ажиллаж байсан. Тухайлбал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч миний бөхийн багш З.Дүвчин, Жаамаа гэж байтын багш, О.Уранчимэг багш бас манай байтын багш, Долгормаа гэж хөл бөмбөгийн багш, Цолмон гээд гимнастикийн багш байлаа. Тэр сайхан хүмүүсээс үлгэр дууриал авч, бахархаж суралцах нь миний туйлын зорилго байсан. Тухайн үед Биеийн тамир, Кино драм хоёр цуг байсан. Кино драмын ангийг төгссөн нэвтрүүлэгч Цовоо болон урлагт авьяас билгээ зориулж яваа чадварлаг жүжигчид олон байна. Тийм учраас Биеийн тамир, спорт  ямар ч байсан гэсэн цуг байж амжилт гаргадаг юм байна гэдгийг ойлгож байна. МУБИС-д бакалавр, магистр болоод, докторонтурт ороод суралцаж байгаадаа маш их бахархдаг. Багшийн мэргэжлээсээ өөр ажил хийж үзээгүй. Тийм учраас багш гэдэг өндөр хувь заяатай миний амьдрал хамтдаа яваа. Монгол Улсынхаа нэрийн өмнөөс олон жил тэмцээн уралдаанд оролцож, тухайн улс орнуудаас шагнал авахаас гадна 2011 онд Алтан гадас одон, Олимпийн хорооны Олимпийн алдар, Алтан-Очир одон, Монголын багш нарын холбооны одонгоор энгэрээ мялаасан. Спортын байгууллагынхаа бүх шагналыг авсан. Нэг хүн нэг л спортын төрлөөр хичээллэдэг бол би хоёр спортын төрлөөр ОУХМ цолтой. Цаашдаа гаргасан амжилтуудыг маань төр засгаас үнэлэх байхаа.

-Тантай ярилцаж суухдаа нээрээ л спортын хүний хатан тэвчээр зориг, төлөвшил, соёл гэж үүнийг хэлэх байх гэж бодлоо?

-Аав маань Монгол Улсынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө цэл залуу насаа зориулж явсан Монгол Улсын баатар Жамбаа гэж хүн бий. Миний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн. Худлаа битгий ярь, хэлсэн үгэндээ хүрч бай гэсэн хүмүүжлээр хүмүүжсэн болохоор би  шударга байх, хүнд үнэнээ хэлж сурах гэсэн голч үзэл баримтлалыг баримталж ирсэн. Хойч үедээ ч энэ үгийг хэлэх дуртай. Хэдийгээр ээж аав мань олон хүүхэд төрүүлж өсгөөд хөрөнгө бэл цуглуулаагүй ч гэсэн тэр үеийн  хүмүүсийн нэгэн адил тууштай байх, өглөгч өгөөмөр сэтгэл, аливаа юмны хойно суудаггүй чанарууд нь надад өвлөгдсөн юм шиг байгаа юм. Боломжгүй байлаа ч гэсэн боломжтой юм шиг амьдрах  л хамгийн их сэтгэлийн хат гэж ойлгодог. Түүнээс нийгмийг дагаад хувьсч өөрчлөгдөөд байвал тэр хүн хэзээ ч төлөвшихгүй. Хүний уурлаж бухимдаж хэлсэн үгийг нэг удаа өнгөрөөх, нөгөө мэргэн ухааны үндэс тэвчээр гэж ярьдаг шиг энэ л миний амьдралын гол зарчим гэж боддог. Одоо би модон бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж,  энэ спортынхоо талаар  багш маш сайн тайлбарлаж өгөөд чи тэвчээртэй байвал богино хугацаанд амжилт гаргах спорт шүү гэхээр хүүхдүүд сонирхоод эхэлдэг. Нар салхинаас айдаггүй хүн л энэ спортоор хичээллэнэ.

-Манайхан пара спорт гэхээр л хоёрдугаарт тавьдаг. Харин та энэ талаар дээд газраа дуу хоолойгоо хүргэж байв уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн уралдаан тэмцээнд орох зардлаасаа эхлээд амаргүй. Суугаа спорт бол багийн спорт, олон хүн оролцдог. Нэг удаа  20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явна гэхэд зардал  мөнгө хэцүү. Гэтэл  төр засгаас багийн биш, хувийн спортыг л дэмжээд байдаг. Манайд пара спортын шигшээд буудлага, байт, жүдо, хүндийн өргөлт, таквондо гэсэн таван спортын төрөл байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багийн спортыг дэмжинэ гэж хууль гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэмцээнд яваад ирэхэд ерөөсөө шагнадаггүй. Аргагүй л алтан медаль аваад ирэхэд нэг хөдөлдөг. 2008 онд Бээжингийн олимпоос анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл хүн шиг амжилт гаргаж болдгийн тод жишээг харуулсан. Түүнээс хойш нийгмээрээ жаахан анхаарсан. Пара спортыг дэмжих талаар саналаа оруулж байсан ч хойрго ханддаг. Ядаж тэмцээнд ордог хэдхэн хүнээ хөгжүүлье гэхэд заал танхим байхгүй, тамирчдаа нийгэмшүүлэх, пара спортыг эрүүл спортын нэгэн адил авч үзэх асуудал тулгамдаад байгаа. Хэрэв анхаардаг байсансан бол өнөөдөр пара спороор олон доктор төрчихсөн байх ёстой. Мөн Пара спорт анагаах ухааны төвтэй байх хэрэгтэй. Тамирчдыг диспансерийн үзлэгт хамруулдаггүй. Эндээс харахад спортын менежмент буруу явагдаад байна. Тийм учраас менежментийг зөв явуулах, ямар тамирчдыг тэмцээнд оруулах,заал танхимаа яаж зохицуулах гээд олон асуудал байна аа.

СЭТГҮҮЛЧ Д.НЭРГҮЙ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-24 02:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?