9 ИХ НАЯД 57 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАА, ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-13 00:32

Сэтгүүлчийн үг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.  Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Тус байнгын хорооны 2018 оны 1 дүгээр тогтоолоор Үндэсний аудитын газрын 2019 оны аудитын сэдвийг баталжээ. Аудитын байгууллагаас 2019 онд төсвийн бүх шатны захирагчийг хамруулан санхүүгийн 3958 тайланд дүгнэлт гаргасан бол баталсан сэдвийн хүрээнд гүйцэтгэлийн 165 аудитад 3368 байгууллага, нийцлийн 108 аудитад 7399 хуулийн этгээдийг хамруулжээ. Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 17 хувь буюу 1 их наяд 535.9 тэрбум төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулан, нийт 19.3 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоожээ. Мөн 1 их наяд 991,9 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлж, аудитын дүгнэлтэд үндэслэн 7524 зөвлөмж өгснийг танилцуулгад дурдав.

Мөн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”, Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг батлав. Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 5 дугаар тогтоолоор баталжээ. Энэ хүрээнд хийсэн аудитын төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, төрийн аудитын байгууллагын батлагдсан төсөв, Үндэсний аудитын газрын ажилтнуудын ажлын ачаалал болон бусад шалтгааны улмаас нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Тухайлбал, “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт’-д хийх 2 аудитыг нэгтгэжээ. Түүнчлэн “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл”-д хийх аудитын нэрийг ‘Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” гэж, УИХ-д хүргүүлэх хугацааг ‘2020.05.15’ гэснийг “2021.12.30" гэж өөрчлөв. Улмаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" сэдэвт аудитыг Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит" хэсэгт нэмж, УИХ-д хүргүүлэх хугацааг “2020.12.15" болгож, хэлэлцүүлэх Байнгын хороог “Эдийн засгийн байнгын хороо" гэж өөрчлөв.

Мөн хуралдаанаар “Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Үндэсний аудитын газар Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд  болон төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх аудитын нийт 30 сэдвийг төлөвлөснөөс хууль тогтоомжийн дагуу 22, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 6, мөн он дамжиж гүйцэтгэх 2 аудит байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа дурдсан юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-13 00:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?