ХЭРЭГЛЭХГҮЙ ХУВЦСАА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ӨГӨӨРЭЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-06 03:26

Сэтгүүлчийн үг

Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэдэг. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис юм байна. Тиймээс бид бага худалдан авч удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм. Их Британи улс гэхэд 2017 онд 11 мянган хандивын дэлгүүрээр дамжуулж 330 мянган тонн хувцасыг газарт булахаас сэргийлж, хэрэгтэй хүмүүст нь хандивладаг аж.

Монголд анх удаа өнгөрсөн онд хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй болжээ. Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцагт хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх аж.

Эхний ээлжинд хоёр газарт уг цэгийг байгуулсан бөгөөд зургаан хоногийн дотор хувцас хийдэг сав нь дүүрсэн байна.

Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-өөс санаачлан ийн хуучин хувцас авах цэг байгуулсан нь олны талархалд нийцсэн төдийгүй тэдний хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ. Эхний ээлжинд хоёр газарт уг цэгийг байгуулсан бөгөөд зургаан хоногийн дотор хувцас хийдэг сав нь дүүрсэн байна.

Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд хоёр газар байршуулсан байгаа аж.  Нэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна. Харин хоёр дахь цэг нь “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард талд байрлаж байгаа юм байна. Хан-Уул  дүүргийнхээ хороодтой хамтран ажиллаж, тус цэгүүдэд байршуулсан хуучин хувцсыг хороодын ажилчидтай хамтран хэрэгцээтэй иргэдэд хүргүүлэх юм байна.

Мөн энэ ажил нь эхний ээлжинд туршилтаар хоёр цэгт байршуулсан байгаа. Туршилтын хугацаанд иргэд идэвхтэй оролцож, хандлага сайн байвал цэгийн тоог нэмнэ. Ерөнхийдөө 4-5 газар нэмж байршуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс иргэддээ хэлэхэд өөрт хэрэггүй болсон хувцсаа хаялгүй тус цэгийг зориорой гэдгийг тус дүүргийн Тохижилт үйлчилгээний олон нийттэй харилцах мэргэжилтэн онцолж байлаа.

Тэд тус хайрцагт хийсэн хувцсыг ХУД-ийн IV хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна. Цэг дүүрсэн тул иргэдийн өгсөн хувцасыг ангилж, ялган дүүргийнхээ хороодын зорилтод иргэдэд өгөх гэнэ. Иргэдийн хувьд ихэвчлэн хүүхдийн хувцас, гутлыг уг саванд хийснээс гадна цэвэрлэж, ууталж хийсэн байжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-06 03:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?