Ш.ЧИМЭГСҮРЭН:НУУЦ БИШ НУУЦЫГ И ЛЧЛЭХ ЦАГ НЬ БОЛЧИХСОН...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-13 12:15

Сэтгүүлчийн үг

“Нэр төр” хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэн байгуулагч, эрхзүйч Ш.Чимэгсүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Хатуухан хэлчихэд харгислал хэвийн үзэгдэл мэт дуулдах болж. Энэ талаар эрхзүйч хүний байр суурийг сонирхох нь зөв байх?

- Би эрхзүйчээс гадна эмэгтэй, ээж хүн. Мэргэжлийн зүгээс гэхээс илүүтэй эмэгтэй хүний хувьд нийгмийн энэ их бухимдал, ядууралд хамгийн ихээр хүүхэд эмэгтэйчүүд өртөж буйд эмзэглэдэг.

 Статистикаас харахад, нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн дүр зураг өссөөр байна. Тухайлбал, хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 11.2 хувиар буурсан тоон мэдээ байна. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана явагддагаараа хамгийн аймшигтай. Гаднаас нь харахад эвтэй найртай элэг бүтэн гэрр бүл мэт ч хаалганы цаана төсөөлөхөд бэрх зүйл нуугдаж байдаг.  Басхүү эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдлаасаа болоод хүлцэн тэвчдэг. Зарим нэг нь цагдаад хандаж, аврал, хамгаалал эрдэг ч гэр бүлийн асуудал гээд хайнга хандах, согтуу нөхрийг нь эрүүлжүүлчихээд буцаах явдал түгээмэл. Харин өнөө хүчирхийлэгч нь гэмшиж ухаарах нь бүү хэл улам хэрцгий нуугдмал байдлаар хүчирхийллээ үйлддэг...  Манайхан анзаардаггүй. Аль эсвэл мэддэггүй юм болов уу гэж би гайхдаг юм.

-Юуг тэр вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гээд заачихсан. Басхүү Олон улсын Хүний эрхийн конвенцид “...Хүний халдашгүй эрх гэж өөрийнх нь төрөлх жам ёсны хэрэгцээнээс үүдэлтэй, мөн чанарын хувьд төрөөс тогтоосон биш зөвшөөрсөн бөгөөд эрх зүйн хэм хэмжээгээр бэхжигдэж, хамгаалагдсан ямар ч тохиолдолд хөндлөнгийн хэн ч дур мэдэн хөндөж хязгаарлаж болохгүй." гээд заачихсан. Хэд хэдэн туйлын эрхийн тухай цогц ойлголт байдаг ш дээ.  

-Тодруулбал?

-Чөлөөтэй байх, бие эрхтэн, орон байр, нууц, нэр төр, өмчийн халдашгүй эрх гэсэн элементүүдээс хүний халдашгүй эрх бүрдэнэ. Эдгээр эрхүүд нь ямар ч тохиолдолд нэг нь нөгөөгөө зайлшгүй байдлаар нөхцөлдүүлсэн хүний хувийн цөм эрх яах аргагүй мөн. Хүний жам ёсны эрх нь хүүхдийн жам ёсны эрх бөгөөд насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүүхдийн халдашгүй байдал олон талаар зөрчигдсөөр байна.

Насанд хүрэгчдийн давуу байдлаа ашигласан сэтгэл зүйн,гэр бүлийн харилцаан дахь бие махбодь, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах, санхүүгийн боломжоор хүүхдийн хэрэгцээг хязгаарлах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хязгаарласан хүчирхийлэл... Ялангуяа хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх мэдээг та бид бүгд хирдхийн сонсдог. Олны танил нас тогтсон эрхмүүд хүртэл ийм төрлийн хэрэг үйлдэж ялаа эдэлж буйг нийгэм даяараа л мэдэж байгаа шүү дээ.  Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийн бие махбод, сэтгэл зүйд хүнд хор уршиг учруулдгаараа аюултай. Түүнчлэн тухайн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад хохирогчийн аюулгүй байдал, нэр төрийн баталгаа, хувийн нууц мэдээлэл гээд олон талын хамгаалалт хөндөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэргийн хохирогчдын хамгаалалт хязгаарлагдмал, гэр бүлийн дарамт, шахалт, сүрдүүлгээс айж хохирогчид хэргийн талаар бүрэн мэдүүлдэггүй, мэдүүлгээсээ буцдаг эсвэл  тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл гэмт хэрэг үйлдсэн хүнээс тусгаарлагддаггүй, бага насны хүүхдийн хувьд эцэг, эхээс бүрэн хараат байгаа нь хууль ёсны эрх ашгаа бүрэн хамгаалуулж чадахгүй байгаа нь нууц биш.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн олонх нь насан туршийн сэтгэцийн оёгтой болдог гэх юм билээ. Маш сайн сэтгэл засалчтай хамтарч ажиллаж байж л хэвийн хэмжээндээ очдог гэх судалгааг уншиж байсан юм байна. Харамсалтай нь манайд энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ муу санагддаг?

-Байхгүй ч гэж хэлж болно. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нарын 10.8 хувь буюу бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, жирэмсэлсэн, "гэмтлийн дараах дарамтат эмгэг”, "хүчирхийллийн дараах сэтгэл гутрал”, "сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг” зэрэг сэтгэцийн эмгэгтэй болдог нь судалгаагаар нотлогдсон. Хамгийн аймшигтай нь бага насны хохирогчдын 26.3 хувь буюу 56 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд давтан өртсөнөөс 30.4 хувь буюу 17 хүүхэд удаан хугацааны турш буюу 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан байдаг юм билээ.

Үнэндээ энэ мэтийн тоо баримт ярьж судалгаа хийдэг ч урьдчилан сэргийлэх хамгаалах талаар хийсэн юм хомс. Улсын бүртгэлээс харахад энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд олон л байдаг юм билээ. Гэвч хамгаалж, урьдчилан сэргийлсэн нь тун цөөн. Яагаад бид ардчилсан нийгэмд аж төрж байж бяцхан үрсээ балмад авирлалын золиос болж буйг харж, дасал болтлоо дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Хүнд нөхцөлд нулимстай, айдастай нүдтэй өссөн үрс чиний таны хүүхэдтэй ирээдүй хамт амьдарна. Ядаж л ингэж бодоод надад хамаагүй гэж асуудалд хандалгүй бүгд үрсээ хамгаалах хэрэгтэй ш дээ. Ирээдүй бол чинийх эсвэл минийх биш биднийх байдаг юм. Бид ирээдүйдээ сайн сайхныг хүсч байгаа бол яг өнөөдөр анхаарал тавьж халамжлах хэрэгтэй.

Хамгийн наад зах нь хүчирхийллийн халдлагад өртсөн бага насны хүүхдийг халдлагад өртсөн орчноос тусгаарлах шаардлага, үндэслэлийг дүгнэлт хэлбэрээр гаргаж хэвших, биелэлтийг хангуулахад сум, хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй”, мөн Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд "хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, нийгмийн халамжын үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллага гүүр нь болж байх ёстой... Гэтэл өнөөдөр цагдаад дуудлага өгсөн ч гэр бүлийн маргаан гээд үл тоомсорлох байдлаар ханддаг нь нууц биш шүү дээ.

-Таныхаар эрсдлээс хамгаалахад хамгийн түрүүнд хийх ёстой ажил, арга хэмжээ яг юу юм бэ?

-Цэцэрлэг, арван жилийн сургуулиудад хүүхэд гэмт халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, өөрийн биеийн нандин, нууц хэсгүүдэд бусдыг зөвшөөрөлгүй хүрэхийг хориглож сурахыг тайлбарлах зэрэг агуулгатай сургалт семинарыг зохион байгуулж мэдээлэл хүргэх нь нэн чухал байна. Хүүхэд хүчирхийлэлд өртснөө мэдэхгүй, ийм байх ёстой гэж боддог, эс бол айж ичээд нуугаад яваад байдаг. Далд эдийн засаг гэдэг шиг далд хэлбэрээр явагддаг нь энэ төрлийн гэмт хэргийн хамгийн аюултай тал. Түүнээс гадна бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэгдэх арга, хамрах хүрээ, орчин, нөхцөл, өөрийгөө хамгаалах чадваргүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчаас бүрэн хараат, хамааралтай байдал, учруулах хохирол зэргээс шалтгаалж, тухайн хэргийг илрүүлэх, шалгах ажиллагаа нь онцгой нөхцөл, мэргэжлийн байгууллагын туслалцаа, өндөр ур чадвар шаардахаас гадна тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцгой арга, ажиллагааг шаардаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-13 12:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?