П.ХИШИГБАЯР:ХУУЛЬ ТОГТООХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-14 02:33

Сэтгүүлчийн үг

УИХ-ын Түр хорооны нарийн бичгийн дарга Д.Хишигбаяртай, улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр ярилцлаа.

-Манай улсын хувьд эмэгтэй гишүүдийн үүрэг оролцоо хэр байна вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монгол бол ардчилсан тогтолцоотой улс орон. Ардчилсан улсуудад улс төр дэхь хүйсийн асуудал маш нээлттэй тавигддаг. Энэ ч утгаараа Монголын улс төрд эмэгтэйчүүд оролцох эрх нь нээлттэй. Харамсалтай нь бодит байдал дээр парламентын буюу хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна.

-Дэлхийн бусад улсад улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог квотоор хангаж өгч буй байдал ажиглагддаг. Манайх квот тогтоож өгсөн ч хэрэгжихээс нь өмнө цуцалчихсан. Ер нь дэлхийн жишигт улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн яаж хангадаг юм бол?

-Дэлхийн түүхээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өнө эртнээс эхлэлтэйг харж болно. МЭӨ 3000-гаад жилийн өмнө Египитийн хатад төр барьж байсан түүхэн уламжлалаас улбаалаад эмэгтэйчүүд улс төрд ямар оролцоотой байх ёстой вэ гэдэг үзэл номлол XIX зууны үед улс төрийн шинжлэх ухаанд пенимизм гэх нэр томъёогоор тогтсон. Пенимизм гэдэг нь улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог хангахад чиглэсэн нэршил л дээ.

Түүхийн хуудас сөхвөл 1970-аад оны үеэс дэлхий даяар эмэгтэйчүүд улс төрд хүч түрэн гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ үеэс эхлэн дэлхийн улс орнуудын  хууль тогтоох байгууллагаас гадна засаглалын түвшинд хүчтэй лидер эмэгтэйчүүд гарч ирсэн байдаг юм. Манай улсын хувьд 1924 онд анхны Үндсэн хууль батлагдсан цагаас эхлэн эмэгтэйчүүдийн оролцооны асуудал чухлаар тавигдаж,  төр нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд олноор төрөн гарч, үлгэр дууриалал, манлайлал үзүүлэх болсон. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар улс төр, хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 20 орчим хувь л байна. Монголчууд Жендерийн хуулиа зөвхөн эмэгтэй нь 20 хувь байна гэж буруу ойлгоод байдаг.  Угтаа энэ харьцаа зөвхөн эмэгтэйчүүдэд хамаарах заалт биш. Эрэгтэйчүүд нь 20 хувь байж болно гэсэн заалт л даа. Харамсалтай нь улс төр дэхь эрэгтэйчүүдийн оролцоо давамгай учраас квотын бага хувь нь эмэгтэйчүүдэд оногдоод, сонгууль   яг энэ зарчмаар явагдаад байгаа юм. Ер дэлхийн улс орнууд квотын асуудал дээр анхаарлаа их хандуулдаг.  Жишээ нь 1993 онд Швед улс маш нээлттэй бодлогыг явуулсан байдаг юм.

-Тодруулбал?

-Хоёр улстөрч тутмын нэг нь эмэгтэй байх асуудлыг дэвшүүлсэн нь пенимизмын шинжлэх ухаанд томоохон дэвшил болсон алхам.

-Төрийн эрх барьж буй байдлыг ажиглахад, хүүхэд болон эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэй гишүүдийн ажил гэж хараад байх шиг ажиглагддаг?

-Эмэгтэйчүүдийн ажил гэж харах нь өрөөсгөл хэрэг. Парламентад сууж буй тэр эрэгтэй хүн өөрөө гэр бүлийн гишүүн, өрх гэрийн тэргүүн. Эмэгтэй хүн ч бас гэр бүлийн гишүүн. Ингээд бодохоор гэр бүл, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, нийгэмд эрүүл ахуй, цалин хөлс гээд энэ бүх асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш.  Парламентад сууж буй хууль тогтоогчдын бүгдийнх нь асуудал. Магадгүй өөрийн чинь хэлж буй хандлага, эмэгтэй хүн нийгмийн асуудал руу түлхүү анхаарал хандуулдагтай холбоотой байх. Эмэгтэй хүн аливаад олон талаас уян өр зөөлөн ханддаг, гэр бүл дотроо эрхлэх хөдөлмөр нь хүртэл өөр байдаг ч гэдэг юм уу олон уламжлалт ёс заншил, нийгэмд эзэлж буй байр сууриас  шалтгаалан хүүхэд, гэр бүлийн асуудалд эмэгтэй гишүүдийг хамаатуулан ойлгодог талт ч бас бий.

-Эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль батлагдах боломж хэр байна вэ. Дунд шатандаа сарниад байх шиг дүр зураг анзаарагддаг л даа?

-Тун удахгүй Монгол Улс ээлжит УИХ-ын сонгуулиа хийх гэж байна. Бид парламентад ямар хүнийг сонгох вэ гэдэг асуудал маш чухал. Өнөөдөр сонгогчид жүжигчин, дуучин, бөх хэрэггүй гэж байна. Яагаад гэвэл УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагад хуулийн төсөл санаачилж, боловсруулж, хэлэлцүүлж, батлуулах чадвартай мэргэжилтэн байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр Монголд олны танил, мөнгө төгрөгний боломжтой хүмүүс сонгогдоод байгаагаас эмэгтэйчүүд төдийгүй хууль тогтоогчдын ажил назгайрах хандлага ажиглагдаж байна. 

-Ази, Европ эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцооны ялгаа хэр байна. Ази тэр дундаа монгол эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд явж байна вэ?

-Ази, Европ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь эрс ялгаатай гэж хэлж болно. Европ бол олон зуун ижлийн турш ардчилсн тогтолцоогоор замнасан, тэр  хэрээр хүний эрх чөлөө, эрхийг хангах тухай ойлголт нээлттэй. Ази эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн үүргээ илүүтэй биелүүлж ирсэн онцлогтой. Энэ онцлогоосоо шалтгаалаад ази болон европ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нэлээн ялгаатай байсан ч сүүлийн жилүүдэд Япон, БНСУ зэрэг ардчилсан тогтолцоотой улсуудад улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар дорвитой алхмуудыг хийж эхэллээ.  Тухайлбал, эмэгтэйчүүдийн квотыг тодорхой зааж, засаглалын бүтцэд эмэгтэй сайд нарыг оруулах, төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр ажиллаж эхэлсний үр дүнд ази болон европ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн ялгаа аажмаар арилах хандлага ажиглагдаж байна.

-Түүнээс гадна эмэгтэйчүүдийн ажлын байрны дарамт нэлээн хурцаар хөндөгдөх болсон. Хэдийгээр энэ талаар бүгд мэдэх ч хүлцэн тэвчих нь түгээмэл. Тэр бүрий тэмцэж чаддаггүй. Энэ тал дээр таны байр суурийг сонирхоё?

-Монгол Улс төрт ёсны уламжлалтай, хуулийн засаглалтай орон. Гэхдээ хуулийн өмнө тавигддаг нэг асуудал ёс суртахуун байдаг. Монголчууд эртнээс ёс суртахуунд суурилсан хууль эрхзүйн орчныг боловсруулан мөрдөж ирсэн уламжлалтай. Ажлын байрны бэлгийн дарамт бол ёс суртахуунтай салшгүй хамааралтай. Гэр бүлийн нандин харилцаа, хүний биеэ авч явах байдлаас шалтгаалдаг. Нөгөөтэйгүүр монголчууд чөлөөт нийгмийн харилцаанд шилжээд 30-аад жил болж байна. Энэ үеийг хүмүүсийн ёс суртахуун засагдах үе гэж хэлж болно. Засагдаад төгс болтол бэлгийн дарамтын асуудал тодорхой хэмжээнд байх л байх. Ер нь бол бэлгийн дарамт, ажлын байрны бэлгийн дарамт бол ёс суртахууны хамгийн доод түвшний асуудал шүү дээ. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд давуу байдал үүсгээд эмэгтэйчүүдийг хохирогч болгоод байгааг Монгол Улс тодорхой хэмжээнд судалж, анхаарах шаардлагатай. Ажлын байрны бэлгийн дарамт дандаа далд хэлбэрээр явагддаг. Дарамтлаад байна гээд илчлэх гэхээр нэмж нэр төр нь хохирох гээд байдаг. Энэ асуудлыг хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох замаар л шийднэ. Өөр арга байхгүй.

-Ажлын байрны дарамт цаашлаад карерь хөөхөд сөргөөр нөлөөлдөг болов уу. Энэ талаар судалж үзсэн үү?

-Сэтгэл зүйн асуудал хувь хүний амжилтанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Сэтгэл санаа, бие махбодийн хувьд дарамтанд орсон хүн цаашлаад амжилтанд тэмүүлэхийн оронд зогсолт хийж, нийгмийн янз бүрийн шахалт хавчилтанд орох нь ойлгомжтой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-14 02:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.55.188.xxx]

    Зөв ярьж байна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?