Н.ДАШДАВАА:МОНГОЛЫН БАНК САНХҮҮГИЙН  САЛБАР ЭРҮҮЛ БУС ШҮҮ ДЭЭ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-14 07:02

Сэтгүүлчийн үг

“САХИГТУН  ҮНДСЭН ХУУЛЬ 19”  ЭВСЛЭЭС УИХ-ЫН 26 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИЖ БУЙ КОНСЕРВАТИВ НАМЫН ДАРГА Н.ДАШДАВААТАЙ ЯРИЛЦЛАА.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг эвгүйтээд эхэлчихлээ. Гэтэл манайхан төсөвтөө ч тодотгол хийхгүй, шаардлагагүй гээд л сууж байна. Энэ талаар эдийн засагчийн хувьд Таны байр суурийг сонирхвол...

- Манай улсын эдийн засгийг макро түвшнээс ярих шаардлагатай л даа. Үнэндээ сүүлийн 30-н жилийн өмнө манай улсын эдийн засгийн суурь буруу өрөгдсөн. Тэр чигээрээ далийгаад явчихлаа. Бид бүх юмаа чөлөөт зах зээлийн эдийн засаг руу тавиад туучихсан. Макро буюу том түвшний улсын эдийн засгийн бодлого ерөнхийдөө нийгмийн баримжаатай байх ёстой. Нийгмийн баримжаатай эдийн засгийн бодлого барин гээд байна л даа. Төрийнхөө түвшинд хүртэл чөлөөт зах зээлийн зарчмыг баримталсан учраас хамгийн наад зах нь бензиний үнийг барьж болохгүй, чөлөөтэй байх ёстой ч гэдэг юм уу асуудал үүсдэг. Бодлогын алдаанууд асар их гарч байна. Нөгөөтэйгүүр худалч хүнд, Монгол Улсын төсөв маш олон жилийн турш уламжлалт бараг л социализмын үеийн төсвийн бүтцээр төсвөө бүрдүүлээд төсөвлөөд зарцуулаад явдаг болчихсон. Тэр ч утгаараа эдийн засаг, төсвийн реформ хийх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар, дээр нь авлигачдын Монгол Улсад учруулсан 12 их наяд төгрөгийн хохирол, Монгол Улсын гадаад өр үндэсний нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүрсэн байна гээд тоо яривал Монгол Улсын эдийн засаг ямар аюултай эрсдэлтэй байдалд орсныг харж болно. Дээр нь маш олон бонд гаргасан, Хятадын свот хэлцэл байна... Бүгд өр зээл шүү дээ. Өр зээлээ төлөхийн тулд бид яах ёстой юм бэ, бидэнд ямар боломж байгаа билээ. За тэгээд Монгол Улсын бизнес эрхлэгчид хэд билээ, хүн ам хэд билээ гээд бодохоор бүрхэг л дээ. Бид эд нараасаа л татвар авдаг эс бол зээл тавьдаг нь үнэн биз дээ. Ийм л байдлаар 30-н жил явлаа. Ерөнхийдөө эдийн засгийн блок үүсэх аюултай байдал үүсдгээ үүсчихлээ.

- Нэг хаалга хаагдахад нөгөө нь онгойдог гэдэг байх аа. Хэдий хүнд байдалд орсон ч эрхбиш гарах гарц байгаа байлгүй дээ?

- Ойлгомжтой. Энэ байдлаас гарахын тулд эдийн засгийн томоохон бодлого боловсруулж хэрэгжүүлэх л арга бий. Бас төсвийн мөнгийг буруу зарцуулдгаа боль. Төсвийн зарцуулалтын бодлого гээч юм манай улсад үнэндээ алга. Төсвөөс гарч байгаа бүх л юман дээр “крант”-ууд холбочихсон. Тендерийн 10 хувь, ЖДҮ-г эрх мэдэлтнүүд авна гэхчлэн шат шатандаа төсөв захиран зарцуулагчдын гар хурууны дүрэлт ороод байгаа учраас Монгол Улсын төсвийн зарцуулалт буруудаж, ард түмэн рүү очдог өр өгөөж нь алга болчихсон. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, том макро эдийн засгийн асуудал бол бий. Гэхдээ төсвөөс хулгай, хууль бус ажиллагаагаа багасгах эдийн засгийн бодлого явуулахгүй бол амбан явахгүй. Тэр ч утгаараа төсвийн болон орлого бүрдүүлэлтийн реформыг нэн яаралтай хийх хэрэгтэй гээд байна. Хамгийн наад захын жишээ гэхэд л 32 их наяд төгрөгийн далд эдийн засаг байна гэж байна. Тэрийг ил гаргаж, татварыг нь төлүүл.

Эдийн засгийг эрүүлжүүлэх гол аргачлал нь цогц бодлого... Одоогийн нөхцөл байдлыг харахад, 2020 оны төсөв 2.9 их наяд байлаа. 2021 онд 13 их наяд, 2022 онд 14.5 их наяд 2023 онд 15 их наяд, 2024 онд 15.6 их наядын төсөвтэй байхаар байна гэж тооцоолсон. Гэтэл корона вирусийн тархалтаас болоод төсвийн хумигдал явагдаж байна. Энэ жил болон ирэх оны төсөв их хүндрэх нь тодорхой болчихлоо. Дэлхийн эдийн засагч, ажиглагчид корона вирусээс үүссэн эдийн засгийн шок жил хагас, түүнээс урт ч үргэлжилж магадгүй гэж хэлж байна. Гэтэл манайхан сонгуультайгаар холбоотойгоор нэлээн хэдэн чөлөөлөлт хийчихлээ. Төсөвт шууд л нөлөөлнө. Хамгийн наад зах нь төсвийн ажилчдынхаа цалинг яаж тавих вэ, томоохон юмаа яаж зохицуулах гээд асуудал үүснэ.

Гэтэл дэлхийг хар. Улс орнууд энэ үеийг даван туулахын тулд тусгай хуулиуд баталж байна. Засгийн газар, Сангийн яам нь шинэ суурь, маневарлах эх үүсвэрийг тооцож хуульчилж, оруулж ирээд парламентаараа батлуулаад явж байна. Харин бид өнөөдрийг хүртэл эдийн засгийн “шок”-ноос сэргийлэх, гарах бодлогоо боловсруулаагүй байна гэдэг дэндүү харамсалтай хэрэг шүү. Сонгуульд зориулсан чөлөөлөлт амлалт л их байх шив дээ... Сонгуульд ялах хүсэл эрмэлзлээсээ болоод улсынхаа эдийн засагт томоохон шок үүсгэх нөхцөл байдал руу орчихсон үл мэдэгчин царайлж байна л гэж харж байгаа. Угтаа эрх баригчид сонгууль гэж шууралгүй төсвийн тодотголоо хийж, томоохон бүтээн байгуулалт хийхээр төсөвт тусгасан ажлаа бүгдийг нь цуцлах шаардлагатай болчихоод байгаа юм шүү дээ. Барилга байшин, хөшөө, сургуулийн дотуур байр, музейн ажлыг төсвийн тодотголоор зогсоочих. Дараа нь эдийн засаг сэргээд ирэхээр хийж болно ш дээ. Нэмж хэлэхэд, нийгмийн эмзэг бүлгүүдийг онцгой анхаарч, худалдаачдыг тусгай бодлогоор дэмжих ёстой.

- Яагаад онцлон худалдаачдыг дэмжих ёстой юм бэ?

- Ачааны хүндийг үүрдэг хэсэг маань биз дээ. Ялангуяа жижиг болон хувиараа бизнес эрхлэгчид эдийн засгийн эрсдэлд хамгийн түрүүнд өртөж байна. Үүнээс болж хэдэн хүн ажилгүй болчихоод байгааг МХАҮТ-ынхан нарийн тооцоолоод гаргачихсан байна лээ. Харамсалтай нь тэднийг дэмжих арга зам, бодлого хууль дүрэм журам одоогоор л лав гараагүй байна.

Тодорхой бүлгүүд рүү чиглэсэн эдийн засгийн дорвитой сигмент хий. Монголбанк бодлогын хүүгээ ахиад бууруул. Ийм үед л бууруулна ш дээ. Тэгж байж арилжааны банкны хүү буурах бололцоотой болно гэхчилэн төрийн зүгээс зохицуулж болох эдийн засгийн бодлого дээр дорвитой арга хэмжээ авахгүй энэ чигээрээ жаахан... жаахан л удах юм бол угаас цөөхөн дундаж давхаргынхан маань ядуу руугаа, ядуус нь бүр хүнд байдалд орж нийгмийн эмзэг бүлэг рүү шилжинэ. Аврал байхгүй. Тэр ч утгаараа бид олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн хэлцлээ эргэн ярилцаж, өөрчлөх, мөн банк санхүүгийн байгууллагынхтайгаа ярилцаж ойлголцох хэрэгтэй байна. Мэдээж нэн түрүүнд  нөхцөл байдалдаа үнэн зөв дүгнэлт өгч, эдийн засгаа тодотгоод тусгай хууль батлан, онцгой нөхцөл байдалд зориулсан эдийн засгийн арга хэмжээнүүдийн хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлж байж л эдийн засгийн шокноос эрсдэл багатай гарна.

- Бодлогын хүү, зээлийн хүү бууруулах гэхээр гаднаас арилжааны банк оруулж ирэх асуудал хөндөгддөг. Атал гаднаас арилжааны банк оруулж ирвэл Монгол Улс гадны бохир мөнгө угаах гол субекьт болно гэх зүйлийг ярьж цааргалдаг хэсэг бас бий?

- Яг үнэндээ, эдийн засгийн үүднээс харах юм бол Монголын банк санхүүгийн салбар эрүүл бус шүү дээ. Хэтэрхий олон банк байна. Тэднийг бодлогоор зангиддаг банкны холбооны удирдлага нь ч юм уу, тэр нь УИХ, Монголбанктай хамтарч “лобби” хийж байх жишээний юмнууд байгаа нь нууц биш. Миний хувьд гадны банк оруулж ирэхийг дэмждэг хүний нэг. Гадны бохир мөнгө төгрөг угаана гэдэг бол өөрийн чинь хэлснээр тархи угаалт. Тэртээ тэргүй Монголд гадны банк битгий хэл гадаад захирал, өмчлөгчтэй банк зөндөө л байгаа биз дээ. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Даяаршсан ертөнцөд гадныхан Монголд бохир мөнгө оруулж ирээд угаана гэж ёстой байхгүй шүү. Замбараагүйтэл, авлига газар авсан ч Монгол Улс өөрийн гэсэн хуультай тусгаар улс. Байг гэхэд, Монголд орж ирээд мөнгө угаах нь уу, яах нь вэ гээд хянаад байж байдаг олон улсын хяналтын байгууллагууд байж байна, цаана чинь. Шууд хэлье. Хууль бус мөнгө угаах бололцоо байхгүй. Манай хууль хяналтын тогтолцоо хэрэгжүүлж хянаж чадвал чанга шүү. Бодоод үз л дээ. Хамгийн наад зах нь орж ирсэн хэдэн хятадуудыг хаана юу хийж байна гээд хянаж чадаж байгаа биз. Бид гадныханд ганц л шаардлага тавина... “Та нар дэлхий нийтэд мөрдөгдөж байгаа санхүү эдийн засгийн бодлогыг мөрд, протоколуудыг дага. Бас Монгол Улсын хууль энэ. Бүгдийг хуулийн дагуу хий.  Өөр асуудал байхгүй”.

Тэгж яривал гадны банк орж ирснээр Монголын бизнес эрхлэгч, хувь хүмүүс бага хүүтэй зээл авах, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын өөрсдөдөө блок тавиад хөдөлгөхгүй байгаа хашилтыг сэтэлж гаргах бодит орчин бий болно. Гадны банк, бохир мөнгө гэдэг холбоос нэгд тухайн салбарын онцлог, хоёрт монголчууд бидний эдийн засгийн ойлголт муугаар далимдуулан өөрсдийнхөө шударга бус үйл ажиллагааг хамгаалах гэсэн монополь “гар”-уудын сөрөг сурталчилгаа. Өөр юу ч биш. Боломж гарвал Монголын банкуудыг цөөлж, гадны банкуудыг оруулж ир. Монголын банк санхүүгийн салбарт хийх реформын нэг хэсэг нь энэ. Монголчууд цалин, хэрэглээ, бизнесийн зээл авахдаа дэлхийн жишгээр бага хүүтэй зээл авч яагаад болохгүй гэж... Тэр нөхцөл боломж руу чирэх л хэрэгтэй ш дээ. Манайхан шиг өргөн хэрэглээний зээлийн хүү нь мөнгө хүүлэгчийн шинжтэй улс орон хаа байна, дэлхийд...

- Нээрээ ч банкны хүү нь хувиараа мөнгө хүүлэгчээс дутахгүй л их дээ. Мөнгө хүүлэгчтэй нүүр тулж байгаа юм шиг л амьдарч байна ш дээ, монголчууд?

- Бид банкаа хянаад байгаа юм шиг байгаа боловч тэрнээс доогуур эдийн засаг, мөнгө хүүлэлтийн замбараагүйтлийг хянаж чаддаггүй. Ард түмэн ядуу, мөнгөний  хэрэгцээ их байгаа байдлыг далимдуулж ашиг олдог хэсэг байна.  Мөнгөтэй баян хүмүүсийн холбоо сүлбээтэй нөхөд л “ядуус”-т өндөр хүүтэй мөнгө зээлж улам ядуу болоход нь тусладаг юм ш дээ. Түүнээс биш ядуу хүн, ядуу хүндээ мөнгө зээлэхгүй. Минийхээр шударга бусаар хөрөнгөжиж байгаа бүх хүмүүсийг АТГ шалгах хэрэгтэй. Хөрөнгөө нотол. Нотолж чадахгүй бол хураалга. Хөдөлмөрлөөд олсноо нотолж чадвал төр юм ярихгүй, харин ч бүр урамшуулж шагна. Хөрөнгөнийхөө  50 хувийг нотлоод, 50 хувийг чадахгүй байгаа бол 50 хувийг нь хурааж улсын орлого болго. Далд эдийн засгаа ил гаргаж, улсын сан хөмрөгөө нэмэгдүүл.

АНУ-д хаус авч, оффшорт мөнгө байрлуулдаг л гэнэ. Монголын хамаг баялгийг зарчихаад гадаадад очоод тэнээд явж байж болох уу. Ийм юмыг хянаж чаддаггүй төр байна гэдэг эмгэнэл... Ард түмэн, мэргэжлийн хяналт, олигархиудын сүлжээг ард түмэн сонголтоороо л өөрчилдөг нь хүн төрөлхтний туулаад ирсэн туршлага бас дадлага. Залуу хөгшин нь хамаагүй ээ, цэвэр, сэтгэлтэй хүнээ л сонго. Өнөөгийн завхрал дампуурал руу улс орноо чирсэн хүн, тэдний үр хүүхэд, хамаарах нөхөд өөрсдийнхөө эрх ашгийнхаа төлөө энэ улс орны бүх боломжийг хувьдаа ашигласаар л байх юм байна. Алдаагаа засдаггүй, засахыг хүсдэггүй гэдгийг харлаа. Өмнөх 30-н жилд нийгмийн шилжилт ийм л байдаг юм байх гэж гэж итгэж явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл биш байна. Алдаагаа давтаад үргэлжлүүлээд байж болохгүй биз дээ. Ирээдүйн 30-н жилийг маш ухаалгаар даван туулахын тулд, үүссэн өр ширнээсээ салахын тулд дотоодын эдийн засгийн нөөц бололцоон дээр тулгуурласан эдийн засгаа босгох хэрэгтэй байна. Одоо олон улсын томоохон интеграциудад орж, эдийн засгийн коридоруудыг үүсгэе. Төр хөрөнгөө босгоод томоохон стратегийн ордууддаа хөрөнгө оруулалт хийж хяналтандаа авч, Европын хамтын ажиллагаанд элсэн, Шанхайн хамтын ажиллагаанд хамтарч, гуравдагч орны стратегийн түншлэлийнхээ гэрээнүүдээ үр дүнтэй ашиглая. Ийм томоохон далайцтай бодлого явуулахгүйгээр улс доторх хэдэн хүнтэйгээ ноцолдож, иргэдээсээ татвар авч тэрүүгээрээ төр нь амьдрах гэдэг. Зүгээр ч үгүй тэр татварынх нь талыг зам зуураас нь захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд нь авч иддэг, үлдэгдэл дусал нь ард түмэнд очдог эдийн засгийн энэ гажиг систем, төрийн төөрөлдсөн бодлого үргэлжлэх юм бол Монгол өөдлөхгүй... Өөрчлөх боломж байгааг нь харсан хүний хувьд өнөөдрийг хүртэл хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болж, хуйвалдаанаас холхон явсан хүн л дээ, би. Гэхдээ монгол хүний хувьд, Монгол зөв зам руугаа орох эрин цаг үе ойрхон байгаа гэдэгт итгэдэг. Эцэст нь хэлэхэд, ядаж л бид өөрсдөө чаддаггүй юм бол олон улсын тусгай байгууллагуудтай хамтарч, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах агентлаг байгуулж болно. 2000 жил дамжсан төрт ёстой улс бол түүхийн сургамжийг сайтар тооцох ёстой. Түүх бол бидний хамгийн том гадаад бодлогын баримжаа. Дэлхийн хөгжлийн чиг баримжааг ч бас тооцох ёстой.

ЖДҮ гэдэг зүйлд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон нь нийгэмд багагүй бухимдал үүсгэсэн. Иргэддээ олгох боломжийг иргэдээ төлөөлж суугаа хууль боловсруулагчид “хуссан” гэхээр?

- Хуйвалдаад л авчихсан бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа байх.  Өмч хувьчлалаас хойших эдийн засгийн эргэлзээтэй бүх асуудалд шалгалт оруулах хэрэгтэй ш дээ. Үндэсний тусгай ажлын хэсэг байгуулж хулгайлагдсан бүх хөрөнгө, өмчийг олж цуглуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Төрийн өндөр албан тушаалтан нь хууль бус зүйлтэй холбогдсон бол илүү л өндөр ялтай байх учиртай. Гэм байвал ял үүрүүлэх хэрэгтэй. Тийм биз дээ...

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-14 07:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?