Ш.ЧИМЭГСҮРЭН:АВЛИГАЧДААС САЛЖ, ТӨРӨӨ ХЯНАДАГ ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИХ НЬ “САХИГТУН! ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ”-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛТ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-15 02:16

Сэтгүүлчийн үг

УИХ-ын 20 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Чимэгсүрэнгээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Таны ширээний ном?

-Хүүхэд байхдаа л амтархан уншиж байсан Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуайн зохиол “Хорвоотой танилцсан түүх” туужид одоо ч хайртай. Сүүлийн үед эмэгтэй тэр тусмаа алдартай бүсгүйчүүдийн дурсамж, дурдатгалыг унших дуртай болсон. Мишель Обамагийн “Миний түүх” одоо миний ширээний ном болоод байна. Нэг биш олон дахин унших тусам амттай.

-Таны хүндэлдэг улстөрч?

-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал гуайг маш их хүндэлдэг. Тэр агуу, гайхамшигтай ухаантай эмэгтэйн амьдрал, туршлагаас бүсгүй хүний ачаа даах ухаан хичнээн их бөгөөд амьдралд ямар их ачааг үүрч чаддагийг мэдэрдэг.

–Монгол Улсад шударга ёс алдагдаж, төрд мафижсан сүлжээ бий болсон гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Энэ бол бүхний нүдэн дээр ил байгаа асуудал. Авлигад амтшиж, мафижсан улс төрийн энэ том, бохир сүлжээ 30 жил хэрэн холхилоо. Газар авч, хүрээгээ улам тэлсээр байна. Тэд эх орноо худалдаж, байгалийн баялгаараа тоглож, хувьдаа хөрөнгө цуглуулж  хагартлаа баяжлаа. Тэд хуулийн дээр гишгэж, иргэд, ард түмнээ өрөөсөн нүдээрээ ч харахаа больсон. Харин одоо сонгууль гээд “хайр” зарлан гоё үг, их мөнгөөр гуяадацгааж байна. Үүнд хууртаж болохгүй. 30 жилийн хугацаанд Монгол Улс хөгжиж, монголчууд хөрөнгөжсөн байх учиртай. Харамсалтай нь 30-хан гэр бүл хагарч, язартлаа баяжжээ. Энэ тодорхойлолтыг та биш би биш тэд өөрсдөө өөрсдөдөө өгсөн, тийм биз.  Энэ гинжилсэн луйврын шинжтэй мафийн сүлжээг иргэд сонгогчид маань таслан зогсоож чадна. Сонгогч та бүхэн маань сонголтоо зөв хийнэ гэдэгт итгэж байна. Мөнгөнд бүү хууртаарай. Тэд мөнгөтэй. Хүнээ таньж сонгоорой. Тэд төрийн бодлого, ард түмний амьдрал л ярьж яваа.

 -Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-ын шийдвэргүйгээр хувийн компанид шилжүүлсэн үйлдлийг Та зөв гэж үздэг үү?

-Ингэж дураар дургихыг хэн зөвтгөнө гэж? Энэ бүхний ард зогсч их хэмжээний авлига хээл хахууль авсан нөхөд л зөвтгөөд, ил далд өчнөөн луйвар хийгээд яваа шүү дээ. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг хууль тогтоох дээд байгуулллагын шийдвэргүйгээр хувийн нэг компанид өгчихөөд түүнийгээ хаацайлаад яваа улстөрчид хэн, хэн байна? Бүгд ил болсон. Өнөөдөр орхончууд та бүхэн сайн анзаарч, нягтлаад нэг үзээрэй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд орооцолдсон нэр холбогдсон нөхдөөс хэд нь УИХ-ын 20 дугаар тойрогт өрсөлдөж байна вэ? Сонгогч Та үүнийг сайн нягтлан хар даа... Энэ 49 хувийг хувийн компанид худалдсан буруутнуудыг өнөө хүртэл шүүж, буруу, зөвийг ялгаж, салгаж чадахгүй байгаа шүү дээ. Харин ч МАНАН-гийнхан тэднийгээ хаацайлах гэж ядаж байна. Тийм хуйвалдааны гол буруутнуудаа УИХ-д дахин нэр дэвшүүлчихээд  явж байна. Заримыг нь шүүхээс цагдан хорилоо. МАНАН-гийнхан ингэж л хуйвалдаж, бие биенээ өмгөөлж, хамгаалах гэж ядаж явна. Тэд идэж уух, ашиглаж шамшигдуулахдаа найрсгаар хуйвалдан,  хэтэвчээрээ холбогдсон. Тиймээс үндэс сууриар нь МАНАН-г таслахгүй бол үр үндэс нь хаанаас  ч соёолж мэдэхээр тийм аюултай, урхагтайгаар суурилсан болохоор хүрээгээ тэлсээр байна. Энэ бүхнийг таслах, цэвэрлэх эрх нь сонгогч Та бүхэнд байгаа. Сонголтоо зөв хийж, авлигал хээл хахуулийн ужгирсан хар сүлжээнээс салах цаг бол энэ сонгууль. Сонгогч та бүхэнд боломж болоод эрх нь байна. Авлигачдаас салж, иргэд сонгогчид эрхээ эдлэн, төрөө хянадаг тийм зөв тогтолцоо руу шилжих бол “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ийн эрхэм зорилтын нэг. Сонгоч Та бидэнтэй хамт МАНАН-г сөрж, тэднийг ялах ёстой.

-УИХ-д нэр дэвших болсон шалтгаан тань юу вэ?

-30 жилийн хугацаанд төрөөр, төрийн нэрээр  яаж тоглож, цөөн хэдхээн гэр бүл хэрхэн баяжиж байгаа хууль бус үйлдлийг хараад тэвчээр минь алдагдлаа. Ямар ч байсан 30 жил боорлосон нөхдөөс салахын тулд шинэ үе, залуус улс төрд орох ёстой гэж шийдсэн.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-15 02:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?