Д.ОДГЭРЭЛ:ХҮҮХДИЙН ОЮУН УХААНЫ ХӨГЖЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ СОРИЛЫГ МОНГОЛ ХУВИЛБАРТ БУУЛГАЖ, БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-26 05:17

Сэтгүүлчийн үг

МУБИС-ийн Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн багш Боловсролын тэргүүний ажилтан, доктор Д.Одгэрэлтэй ярилцлаа. Тусгай боловсролын чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан боловсролын үйлчилгээг сайжруулах талаар хот хөдөөд олон судалгаа хийж, үр дүнг нь мэдэрч яваа нэгэн билээ.Түүнд  хэдхэн хоногийн өмнө 2020 оны олон улсын нэр хүндтэй шагнал олгох шийдвэр гарчээ. Мөн тэрбээр Японы Ногая их сургуульд зочин профессороор ажиллаж байсан туршлагатай нэгэн.

-Таныг нэгэн сайхан шагналын эзэн болсон гэж сонслоо. Энэхүү шагналын утга учир юу вэ?

-Тиймээ, Америкийн оюуны бэрхшээлийг судлах холбоо 1876 онд байгуулагдсан. Энэ жил 144 дэх удаагийн хурлаа хийх байсан боловч коронавирусийн тархалтын улмаас анх удаа  цуцлагдлаа гэсэн мэдээ ирсэн. Гэсэн хэдий ч 2020 оны олон улсын шагналыг танд олгохоор боллоо гэсэн баяр хүргэлтийн үйл ажиллагаагаа онлайнаар явуулсан байна лээ. Удахгүй шагналаа Америкийн элчин сайдын яамаар дамжуулж ирүүлнэ гэсэн. Америкийн Оюуны бэрхшээл судлалын холбооны захирал, доктор Маргарет Найгрэн өөрөө манай улсад айлчлан ирж бидний үйл ажиллагаатай танилцсан, тэгээд миний талаар манай МУБИС-ийн, Ногаяа их сургуулийн удирдлагууд тодорхойлолт бичиж явуулсан. Энэ шагналыг оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний бүтээлүүд нь мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэн, олон улсын судалгааны мэдээллийн санд орсон болоод нөлөөллийн ажлуудад амжилт гаргасан гэж  үнэлж олгож байгаа юм билээ. Миний хувьд тусгай боловсролын чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байгаа. Энэ завсраа магистр, докторын хөтөлбөрт Японы Цукуба Их сургуульд суралцаж дүүргэсэн.

- Америкийн оюуны бэрхшээлийг судлах холбоотой хэдийнээс холбогдсон юм бэ?

- Миний сурч байсан Цукуба их сургуулийн номын санд нь энэ чиглэлийн сэтгүүл, номууд маш их байдаг, эдгээр эх сурвалжуудаас анх мэдээлэл авсан, тус байгууллага 140 гаруй жилийн өмнө байгуулагдсан гэдэг нь надад их сонирхолтой санагдаж байсан. 1870-аад онд Монгол Улсын хөгжил ямар байсан бэ, социализмын үед миний сурч байсан хуучнаар ЗХУ-ын хөгжил ямар байсан бэ гээд харьцуулаад үзэхэд Америкт энэ мэргэжлийн чиглэлээр судалгаа хийж, судлаачдыг нэгтгэсэн байгуулага нь олон жилийн түүхтэй тэрхүү судалгааны ажлуудаас нь үзэж докторын диссертацийн  ажилдаа ишлэл татаж оруулж байсан. Тэр үеэс дээрх байгууллагатай холбогдож, мэддэг болж, эх сурвалжуудаас нь  судалгаандаа ашиглаж ирсэн. Дэлхийн 5000 гаруй судлаачдыг нэгтгэсэн олон улсын байгууллага. 55 гаруй улс оронд салбар байгууллагууд нь байдаг. Энэ байгууллагын нэр хүндтэй шагналыг авснаа нэр төрийн хэрэг гэж үзэж  байна. Энэ шагналын ямар шалгуур үзүүлэлтэнд нөлөөлсөн зүйл гэвэл “Тусгай боловсрол”  сурах бичиг гаргасан. Оюутнуудаас гадна ЕБС-ийн багш нар, Насан туршийн боловсрол төвийн багш нарт зориулсан ном гарын авлагууд гаргасан. Мөн саяхан бид Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Сургалтын үйл ажиллагааг дэмжих  тусгай боловсролын 172 шинэлэг санаа” нэртэй Япон хэлнээс орчуулсан  номоо гаргасан. Эдгээр гарын авлага, сурах бичгүүдийн дагуу сургалтууд явуулахад багш нар ихэд сайшааж талархаж “их эрэлт хэрэгцээтэй, чухал ном” гэж сайн хүлээж авсан.

-Харин манайд “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” хэзээ байгуулагдсан бэ?

-МУБИС, Японы Ногаяа их сургууль хамтарч “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийг 2016 онд байгуулсан. Учир нь гадны орнуудад хүүхдийг боловсролын, сэтгэл зүйн талаас нь маш нарийн оношилж тусгай хэрэгцээтэй эсэхийн тодорхойлдог юм билээ. Тодруулбал ийм  тодорхойлолтой хүүхдүүдэд тусгай боловсролын үйлчилгээ үзүүлнэ гээд хуулинд нь заачихсан байдаг. Гэтэл манайд зөвхөн эрүүл мэндийн талаас нь оношлоод боловсрол, сэтгэл зүйг нь орхиод  байна. Тийм учраас энэ сэтгэл зүйн, боловсролын оношилгоо хийх шаардлагатай гэж үзээд бид Нагояа Их сургуультай хамтран ажиллаад  долоон жил болж байгаа.

-Судалгааны ажлаа хэрхэн яаж явуулдаг вэ?

-Нагоя Их сургуультай бид хамтран судалгааны ажлын төлөвлөгөө, төсөв гаргаж гэрээ байгуулж хэрэгжүүлдэг.  Бид судалгааны ажлаар ч, зөвлөгөө өгөх ажлаар ч хөдөө орон нутагт явж байсан. Багш, эцэг эхчүүдийн ойлголт, хандлага ямар байна, хэрэгцээ шаардлага юу байна гэдэг дээр бид Улаанбаатар, Дорнод, Өвөр хангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ аймгуудаар явж, 383 багш нараас  судалгаа авсан. Зан үйлийн, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд байна, тэдэнтэй хэрхэн яаж ажилладаг юм бэ гэдэг дээр төдийлөн ахиц дэвшил гарахгүй байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Сургалтын үйл ажиллагаанд нөлөөлдөг олон хүчин зүйлүүдийг үгүйсгэхгүй, гэсэн хэдий ч зан үйлийн, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогийг харгалзан сургалт явуулах арга зүйд суралцах хэрэгцээ багш нарт байна гэдэг үүднээс Япон багш нартай хамтраад олон удаагийн сургалтууд явуулсан. Үүнийг багш нар маш нааштай хүлээж авсан. Энэ чиглэлээр ч гарын авлагууд гаргасан.

-Эдгээр хүүхдүүдийн эцэг эхтэй хэрхэн яаж ажилладаг вэ?

-Эцэг эхчүүд бидэнд хүсэлтээ гаргасны үндсэн дээр шат дараалалтай  хүүхдүүдийг нь судалж үзээд зөвлөгөө өгч, шаардлагатай бол онош тавьдаг. Харин онош тавих боломжгүй хүүхдүүдийг хэрхэн цаашид хөгжүүлж дэмжих вэ гэдэг дээр мөн сайтар зөвлөдөг.

-Ер нь манайд энэ судалгаанд хамрагдах шаардлагатай хүүхэд хэр олон байдаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо баримт бий. Гэвч  маш их зөрөөтэй. Энэ нь судалгаа, оношилгоо, үнэлгээ нарийн сайн хийгдэхгүй байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг оношлох хоёр өөр. Гадны орнуудад эхлээд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн тархалтын судалгааг хийж, бодлого боловсруулж, дүрэм журмын дагуу  ажлаа төлөвлөж хийдэг.  Тусгай боловсролын тогтолцоонд манайх шиг төвүүд дээр боловсролын үнэлгээ, оношлогоог мэргэжлийн баг хийж, хүүхдийн суралцахуйн чадвар, танин мэдэхүйн чадвар, хэл ярианы, унших, тоо бодох, бичих чадвар нь ямар байна гэдгийг өөр өөр сорилоор үнэлж, дэмжлэг үзүүлэх талаар дүгнэлт гаргадаг.

 -Тэгвэл та бүхэн монгол хүүхдүүдийн оюун ухааны хөгжлийг тодорхойлох сорил боловсруулж байгаа юу?

-Бид хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг үнэлэх сорилыг монгол хувилбарт буулгаж, боловсруулж байгаа. Энэ сорилыг Япон улсад таван удаа шинэчилж боловсруулсан байдаг.  Энэ сорилоор оюун ухааны олон чадамжийн аль нь давуу, аль нь доогуур байна, цаашид хөгжүүлэхэд  юуг нь анхаарч, сургалтанд ашиглаж болох ач холбогдолтой.  

-Холбогдох байгууллагуудаас энэ ажлыг хэрхэн дэмждэг вэ, санхүүжилт ч гэх юм уу?

-Манай МУБИС, Нагояа Их сургуулийн зүгээс ойлгож, дэмжиж байгаа. Гэсэн ч сургуулийн төсөв мөнгө гэдэг хязгаарлагдмал шүү дээ, тэгээд ч энэ ажлыг зөвхөн нэг  сургууль биш, үндэсний хэмжээнд хийх ёстой. Шаардлагатай бүх ажлыг бид сургуулийнхаа хүчээр хийгээд явж байна. Ногаяа их сургуулийн дэмжлэг маш их байгаа учраас бид амжилттай хэрэгжүүлээд явж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй” гэж ялгаварлах биш, тэдгээр хүүхдүүдэд боловсролын ямар тусгай хэрэгцээ байна, багшид нь дэмжлэг үзүүлээд явах уу, орчныг нь тохируулаад техник хэрэгслээр хангах хэрэгцээ байна уу, эсвэл тухайн хүүхдийн хичээлийнх нь хөтөлбөрт үнэлгээнд тохиргоо хийх хэрэгцээ байна уу гэх  мэт нарийн зүйлүүдийг гаргаж ирж боловсрол талаасаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Гадны орнуудад эдгээр асуудлыг хуулиараа зохицуулдаг, тухайлбал  АНУ-д тусгай боловсролын хууль гэж бий. Энэ хуулиндаа ямар хүүхдэд үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг тодорхой бичсэн байдаг. Тусгай боловсролын үйлчилгээг хэнд үзүүлэх вэ, яаж үзүүлэх вэ, хэдий хугацаанд вэ  гэдэг асуудлуудыг тодорхой болгож энэ чиглэлийн  ажлууд биеллээ олно. Тиймээс манайд бодлогын түвшинд эдгээр зохицуулалтыг хийх шаардлага байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-26 05:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?