ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ НОМООР С.ТӨРБУРАМЫН БОДЛЫН ЦӨЛ ШАЛГАРЛААБАЯР-2020” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 03:55

Сэтгүүлчийн үг

28 дахь удаагийн “Үндэсний номын баяр” Д.Сүхбаатарын талбайд “Хязгаар үгүй ном, сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нээлтээ хийлээ. Номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг болоод 14 жил болж байна. Энэ нь өв соёлыг тээн хадгалах, уламжлан хөгжүүлэх зорилготой.  Энэ зорилтын хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Үндэсний ном, бичиг соёлын баярыг жил бүрийн тав болон ес дүгээр сард бүх нийтээр тэмдэглэж байхаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байна. УИХ энэ төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах юм байна. Ингэснээр “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” албан ёсоор хуульчлагдаж, номын соёл дэлгэрэх, хүүхэд залуусаа номд дуртай болгох, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг зохистой үнэлэх, хэвлэлийн үйлдвэр, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжрах, номын үйлчилгээ, хүртээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог байна. Тус баярын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Мэргэн ном” цомын эзэд тодорсон бөгөөд “Онцлох ном”-оор уран хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамын “Бодлын цөл” ном шалгарчээ. Харин “Номын ертөнцийн гавьяатан”-аар “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, “Мэргэн уншигч”-аар номын зүтгэлтэн Н.Энэрэл нар тодорч, “Мэргэн ном” цомын эзэд боллоо.

“Үндэсний номын баяр 2020”-ийн хамгийн хүндтэй зочин болох Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч П.Бадарч “Номын баяр жил болгон уламжлал болон зохион байгуулагадаад 28 жил болж байна. Сүүлийн хоёр номын баярт би оролцож чадаагүй. Өмнөх жилүүдийн баярт жил алгасахгүй оролцож байсан. Ном шиг хүнд хэрэгтэй зүйл нэг ч байхгүй. Яваад өгөх биш байнгын хэрэглээ болоод сэтгэлийн толь болоод байж л байна. Цахим хуудсын бүтээл шиг элэгдээд алга болох болохгүй. Ном бол бидний түшиг тулгуур. Номын тухай ярих юм их бий. Гэхдээ нуршаад дэмий байх. Манай улс зургаан бичигтэй. Монгол бичигт Монголын соёл бүгд багтаж байдаг. Тийм их өв соёлтой, номын эртний их түүхтэй улстай хүмүүс гэдгээрээ залуусаа бахархаж явахыг хүсч байна. Залуусдаа хандаж хэлэхэд цахим хэрэглээ бол шинжлэх ухааны хэрэглээ. Харин ном гэдэг зүйл бол насан туршийн хэрэглээ. Та нар маань бичгийг сайхан тогтож уншиж сур учрыг нь ол гэж л захимаар байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 03:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?