ЛАВРОВ ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 04:22

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайвантай өнөөдөр Москва хотод хэлэлцээ хийнэ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-ын нийслэлд хийж буй айлчлал нь тус улсад долдугаар сард шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойших анхны гадаад айлчлал юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар худалдаа-эдийн засаг, тээвэр-дэд бүтэц, эрчим хүч болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулна. Түүнчлэн 2021 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Найрамдлыг бэхжүүлэх

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон баталсан баримт бичгийг солилцохоор төлөвлөж байна. Баримт бичгийг солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд шинэ гэрээ нь 1993 оны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг орлох бөгөөд хоёр улсын харилцааг өндөр түвшинд, хугацаагүй бэхжүүлэх юм. 

 

Монголыг чиглэсэн бодлого бол Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг Москва онцолсон байна. Хоёр тал олон жилийн найрамдлын түүхтэй, эдийн засаг болоод хүмүүнлэгийн салбар дахь уламжлалт харилцаан дээр тулгуурладаг уламжлалт, сайн хөршийн харилцаатай бөгөөд олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудад  ойролцоо хандлага байр суурьтай байдаг гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам тэмдэглэжээ.

Монгол Улсын шинэ Засгийн газар ОХУ-тай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх, хоёр талын харилцаа холбоог бүх талаар идэвхжүүлэх бодлого баримталж байгааг мөн цохон тэмдэглэсэн байна. Хоёр тал хоёул худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрчим хүч, уул уурхай, тээвэр-дэд бүтэц болон бусад салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм. Одоогоор Улаанбаатар дахь Дулааны цахилгаан станцыг ОХУ-ын оролцоотойгоор шинэчилж байна. 

Олон талын хамтын ажиллагаа

Москва, Улаанбаатар олон талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Талууд Монгол болон Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ орнуудын зах зээлд харилцан нэвтрэх боломжийг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн Евразийн эдийн засгийн комисс /ЕАЭЗК/ болон Монголын Засгийн газрын хооронд холбоо тогтоох хамтарсан ажлын хэсгийг байгуулах хүчин чармалтыг дэмжиж буй юм. ЕАЭЗК-ын тооцоолсноор, худалдааны таатай нөхцөл бүрдсэнээр ЕАЭЗХ болон Монгол хоорондын худалдаа 250 сая ам.доллароор нэмэгдэх аж.

Орос-Монгол-Хятадын хамтын ажиллагааны механизм мөн илүү их чухал үүрэг гүйцэтгэж байна. 2014 онд Душанбед гурван талын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү форматыг бий болгосон бөгөөд хэрэгжүүлэх төслүүдийн нэг бол ОХУ-ын байгалийн хийг нийлүүлэх маршрутыг Монгол Улсын нутгаар дайруулан БНХАУ руу нийлүүлэх чиглэлийг боловсруулах юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ ажиглагчийн статустай Монгол Улс энэхүү байгууллагын ажилд цаашид идэвхтэй оролцохыг ОХУ дэмждэг билээ.  Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм.  

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 04:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?