ИРГЭД ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ТӨЛНӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-22 02:51

Сэтгүүлчийн үг

Монголын төр иргэдээ молигддог, даажигнадаг ганц сэдэв нь орон сууцны найман хувийн зээл болсон. Сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд бусдаасаа урьтаж, ипотекийн зээлийн хүүг буулгана гэж ам дуугардаг ч тэр нь  үлгэр болоод төгсдөг.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН мөрийн хөтөлбөртөө "Анх удаа байр авч байгаа урьдчилгаа төлбөргүй, бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.  Мөн 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана" гэж “том” амласан. Үүнийгээ хэзээ биелүүлэх вэ гэсэн иргэдийн нэхсэн асуултын хариулт  өнөө хэр бүрхэг байна.

Найман хувийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчдэд олгожээ. Зээл авсан иргэдийн дийлэнх нь 2 сая төгрөгөөс дээш орлоготой, сарын дундаж төлөлт нь 681 мянган төгрөг төлж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлсэн.

Харин  1.3 саяас доош орлоготой иргэд найман хувийн зээлд төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байгаа гэсэн дүгнэлтийг ч салбар яам нь хийжээ.

Иймд хүртээмжийг зорилтот бүлэгт нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийхн хүүг 6 хувь болгож бууруулах асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байгаа.

8 хувийн зээлтэй иргэдийг 6 хувь руу шилжүүлье гэвэл улсын төсөвт 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цар тахлын үед энэ их санхүүжилтийг тусгах боломжгүй. Мөн нэгэнт байрандаа орчихсон иргэдээ санхүүжүүлж байхаар шинэ зээлдэгч нарт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин найман хувиар байраа авсан иргэд зээлээ дуусгаад шинээр байр авах бол 6 хувиар авах боломж нь нээлттэй” гэж ярьжээ.

Өөрөөр хэлбэл, найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувьд шилжүүлэх боломжгүй юм байна. 

Он дуустал ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр  орон сууцны найман хувийг санхүүжүүлэхээр болсон.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш Монголбанк, арилжааны банкнаас нийтдээ 146.3 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрт зарцуулж, 2057 иргэн орон сууцны найман хувийн зээлд шинээр хамрагджээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Монголбанк 27.8 тэрбум төгрөг, арилжааны банкууд 27.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иргэдэд ипотекийн зээл олгосон байна. Энэ сарын байдлаар Монголбанк 19.3 тэрбум, арилжааны банкууд 19.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олгосон гэж байгаа боловч арилжааны банкууд орон сууцны зээл гаргахгүй байгааг иргэд хэлж буй.

ХОЁРДАХЬ  ХООСОН АМЛАЛТ:

"COVID-19" цар тахлын нөхцөлд Монголбанкнаас нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны нэг нь иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан явдал юм. Энд орон сууцны болон иргэдийн хэрэглээний зээл орж буй.

Орон сууцны зээлийн тухайд гэхэд Монголбанк эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан ипотекийн зээлийн хөтөлбөрт дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

  • Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн харилцагч банкиндаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулав.

Нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаагаас 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,026 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулжээ.

Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаасыг 3 сарын хугацаанд олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид  гурван сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгох холбогдох судалгаа тооцооллыг Төв банкнаас Засгийн газарт хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байгааг ч мөн л чимээ алдрав.

Ипотекийн зээл төлөлтөө хойшлуулсан иргэд ирэх аравдугаар сараас эхлэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө урьдын адил төлж эхэлнэ.  АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээ хийсэн тайландаа “ Зээл төлөлтийг хойшлуулсан нь банкны салбарт эрсдэл үүсгэнэ” гэдгийг онцолсон байна.

Ямартай ч  найман хувийн зээл төлөлтөө хойшлуулсан зээлдэгчдийн  хувьд өнгөрсөн зургаан сарын хугацаанд зээлийн дарамтаас хэсэгхэн ангид байв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-22 02:51

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?