Б.ХЭЭРИЙНБААТАР:МАНАЙ ЛАБОРАТОРИД ДАДЛАГА ХИЙСЭН ОЮУТАН ҮЙЛДВЭР ДЭЭР ШУУД АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-02 02:09

Сэтгүүлчийн үг

ШУТИС-ийн харъяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Хээрийнбаатартай ярилцлаа. Тэрээр олон жил уул уурхайн салбарт ажилласан инженер төдийгүй эрдэм шинжилгээ,  судалгааны ажил гүйцэтгэж, Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа. “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн”  хэмээх зүйр үгийн эзэн болсон тэрээр багшлахийн зэрэгцээ сургуулийнхаа судлаач багш нартай хамтран, оюутны дотуур байрны цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангаж чадсан нэгэн. 

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулна уу.

-Би 1962 онд Архангай аймгийн Цахир сумын Хойд Тэрх хэмээх газар Батаагийн гуравдугаар хүү болж төрсөн. Манай аав ээж хоёр нэгдлийн малчин улсууд байсан. Ээжийг маань Шагдарын Аюуш гэдэг. Ээж маань дөрвөн хүү төрүүлсэн. Би дээрээ хоёр ах, нэг дүүтэй. Улс даяар соёлын довтолгоо хэмээх төрөөс хэрэгжүүлж байсан ид ажлын үед гарсан гэдэг. Ээжийг бригадын төвийн эмнэлэгт аваачиж төрүүлэхээр сургууль төгссөн залуухан эмч  ирсэн гэсэн. Учир нь соёлгүй гэрт төрж болохгүй гээд өвлийн хүйтэнд мориор авч явсан байдаг. Зам зуураа гарсан. Аавынхаа тохмон дээр чарласан нөхөр дөө. Морины сүүлээр хүйг минь боогоод, аавын үстэй дээлний өвөрт хийгээд, бригадын эмнэлэг рүү давхисан гэдэг. Нүүдэлчин монгол хүний амьдралын нэг үзэгдэл байх даа. Нүүж явахдаа бүхий л амьдрал нь байдаг ийм л ахуйд төрсөн. Харин тэр өдөртөө нэрээ авсан юм билээ. Хээр гарсан баатар гээд л Хээрийнбаатар гэсэн нэр өгсөн. Ээж маань дараа нь хоёр төрсөн бие эрүүл чийрэг хүн байсан даа. Хожим би ээждээ зориулж “Хүйн холбоо” хэмээх анхныхаа номоо гаргасан. Бага байхад хөдөөний хүүхдүүд хонины хишигтэй өдрөө мянга гаруй хонь, цөөн үхэр адуугаа туугаад гарна. Орой шөнө болсон хойно бүх малаа хотлуулна. Бага наснаасаа олон ажлыг зэрэг хийж сурсан нь аав ээжээс авсан сайхан хөдөлмөрийн хүмүүжил юм даа.

-Уншигчдадаа танил­цуулах үүднээс ярилц­лагынхаа эхэнд Та бидэнтэй бага нас,  оюутан насныхаа дурсамжийг хуваалцана уу? Мэдээж чухал яриа, ажил мэргэжлийн чинь талаар голлож ярилцах болно.

-Бага насаа нутагтаа аав ээжтэйгээ өнгөрүүлсэн. Хээр гарсан болоод ч тэр үү ер нь даардаггүй нөхөр байлаа. Намар орой л хувцасны бараа харна. Олон бандитай манайх шинэ хувцас өмсөх энэ тэр юм байхгүй. Ах нарын хуучирч муудсан хувцсыг тордуулаад л өмсөнө. Манайх эмэгтэй хүүхэдгүй учир би ээжид тусалдаг байлаа. Долоодугаар анги хүртэл хонь, үнээ саасан. Цагаан идээ боловсруулж, ээзгий буцалгаж тогоо нэрж явлаа. Одоо ч энэ сонирхолтой ажлаа хийдэг. Бага сургууль, дараа нь Тариат сумын 10 жилийн сургуульд шилжин суралцсан. Сургуульд орохоосоо л дотуур байраар явсан. Ахыгаа дагаад л, үеийнхээ банди нартай уралцаж өссөн. Хөдөөний хүүхдүүд бие даасан амьдралтай өлсөж даарч сурсан. Тэмцэж амьдардаг байлаа. Энэ амьдрал маань хожим их нэмэр  болсон. Арван жилээ төгсөөд, одоогийн ШУТИС, тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн Геологи, уул уурхайн тэнхимд элсэж суралцсан. Би чинь хөдөөний хүүхэд, мэргэжил сонгох болоод аавтайгаа зөвлөлдөж байсан маань санаанд тод байдаг юм. Миний аав малчин хүн. Тухайн үед одооных шиг мэдээлэл байхгүй шүү дээ. Аав намайг малын эмч бол гээд. Тэр үеийн хүмүүсийн ойрхон мэддэг мэргэжил малын эмч, багш гэх мэт. Би малын эмч болоогүй л дээ. Онц сурдаг хүү байлаа. Ороод л хүссэн хувиараа авах боломж байгаа гэдгийг мэдэж байсан гэх үү дээ. 1980 оны зуны олимп буюу Москвагийн олимп, албан ёсоор Олимпийн XXII наадам болж байлаа. Манай аймагт гадаадын хувиар ч их ирсэн байсан. Нэг тийм хөгжилд тэмүүлсэн дэрвүүн залуу сургуулиа сонгох гээд л. Ах маань тэр үед гадаадад сурч байсан болохоор аав маань “Хоёр хүүхэд гадаадад сургуульд сургахгүй. Чи дотоодод сургуульд сур” гэж хэлсэн. Тэр үеийн хүүхдүүд эцэг, эхийн үгнээс гарахгүй шүү дээ. Тэгээд инженер болъё гэж бодсон. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиа сонгож байлаа. Түүхэн сургууль шүү дээ. Өнгөрсөн жил 60 жилийн ойгоо тэмдэглэсэн гэхээр намайг элсэж байх үед бол 26 жилийн нүүр үзсэн байсан байна шүү дээ. Тэр чигээрээ дээд боловсролын салбарын хөгжлийн түүх юм даа. Энэ сайхан сургуульдаа орж уурхайн аварга машиныг цахилгаанаар хөдөлгөдөг инженер болно гээд л орсон. Конкурс аймгийн төв дээр болдог байлаа. Нөгөө хөдөөний бацаанууд чинь анх удаа зурагт гэгчийг айлд үзээд юун конкурс тийм сайхан юмыг чинь үзэж өгсөн дөө. Манай хамаатны ахад бид загнуулаад явж хуваариа ав гээд л. Дараа нь Улаанбаатар анх орж ирсэн. Яаж энэ том хотод амьдарна даа гэж бодож байлаа. Хичээл цугларч сургуульдаа орсон. Манай ангид тухайн үед 35 оюутан суралцаж байлаа. Ангийнхаа хотын охиныг бараадаад хөдөөний нөхдүүд хотоор дардаг байлаа. Анхны багш нар профессор Ж.Цэвэгмид, Б.Лайхансүрэн, А.Хайдав, Юрий Андревич Горячих  гэж зөвлөлтийн мэргэжилтэн багш нар байлаа. Бүх хичээл орос хэл дээр орно. ШУТИС-ийн өвгөн профессоруудын ид залуу шижигнэсэн үед нь суралцаж байсан.

-Анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Сургуулиа төгсөөд уулын баяжуулах “Эрдэнэ үйлдвэрт” ажиллах хүсэлтэй. Тэр үеийн хамгийн том уурхай бол Эрдэнэт байлаа. Оюутан байхдаа Эрдэнэт үйлдвэрт дадлага хийнэ. Их сайхан шүү дээ. Уурхайн машинистуудын туслахаар ажиллана, цалин авна. Сургуулиа төгсөөд энд инженерээр ажиллана даа гэж мөрөөддөг байлаа. Биднийг  сургуулиа төгсдөг жил буюу 1985 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж өргөжөөд, инженерүүд шаардлагатай болсон юм. Анх 1981 онд Хайгуул ашиглалтын үйлдвэр, 1982 онд Гүний уурхай нь байгуулагдсан юм. Тэр үед Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд У.Мавлет гуай ШУТИС-ийг төгсөж байсан 20 төгсөгч оюутанд томилолт өгч, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллуулахаар явуулсан. Биднийг 2 жил сайн ажиллаад, үйлдвэрээ босгочих, тэгээд хүссэн газраа очиж ажиллаарай гэж байсан. Эрдэнэтээс бас хүмүүс очиж байсан. Тэр намраа л Баяжуулах үйлдвэрээ ашиглалтад авсан. Анхны тээрмийг надаар асаалгасан. Орос багш маань “Давай молодой инженер Запускай” гэж хэлсэн.  Аварга том тээрэм тоос манаруулан хөдөлж билээ. Сэтгэлээс уяатай сайхан он жилүүд тэнд өнгөрсөн.

-Тухайн үед хүний нөөцийн бодлого, мэргэжилтэн бэлтгэх ажил үнэхээр сайн байсан байна шүү. Ер нь улс эх орны аль ч салбарын бүтээн байгуулалтын инженер технологийн мэргэжилтэнгүйгээр төсөөлөх аргагүй юм.

-Тэр тийм шүү. Тэр үед инженерүүдийг төрөөс бодлогоор дэмждэг байсан. Хаана том үйлдвэр уурхай ашиглалтад орно, тэнд ажиллах инженерүүдийг гадаад, дотоодод урьдчилж бэлтгэдэг байлаа. Суралцах хугацаандаа степенд буюу тэтгэлэг авна. Сургуулиа төгсөөд, томилолтоор уурхайд очно. Очоод л шууд ажилд орно. Орон сууц өгнө. Аав ээждээ ачаалалгүй сайхан үе байжээ. Үе тэнгийн залуучууд  амьдрал зохиоцгоож бужигнаж амьдардаг байлаа. Дэм  дэмэндээ л амьдарна. Тэр үед одоогоор ШУТИС, тухайн үеийнхээр бол  ПТДС-ийг 1979 онд 92, 1980 онд 114 инженер бэлтгэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад илгээж байжээ. Бид 1985 оны төгсөлт. Бүхий л мэргэжлийн инженерүүд төгсөж байлаа. Тухайн үед Бор-Өндөрийн хайлуур жоншны үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Шарын голын өргөтгөл, Бугатын алтны үйлдвэр гээд ид бүтээн байгуулалтын үед төгссөн. Найзууд минь Шарын гол, Багануур, Налайх, Адуунчулуун, Эрдэнэт гээд одоцгоосон. Тэд эх орондоо нэр төртэй ажиллаж, очсон газар бүрдээ ахмад инженер, хэсэг цех хэлтсийн дарга, баяжуулах үйлдвэрийн автоматикийн инженер болсон байдаг. Тухайлбал: Багануурын уурхайд П.Уранчимэг, Шарын голд Г.Оюун, К.Серикбол, Бор-Өндөрт Д.Батболд, Б.Баярхүү, Эрдэнэтэд П.Баатарсүрэн гээд ангийн маань хүүхдүүд ажиллажээ. Бидний үеийнхэн Зөвлөлтийн мэргэжилтнээс их зүйлийг сурч, үйлдвэртээ тэргүүлэх мэргэжилтнүүд болсон нь үндэсний инженерүүдийн бүхэл бүтэн армийг бий болгоход хувь нэмрээ оруулсан  гэж үзэж болно. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хөтлүүрийн /Наладчик/-аар ажиллахдаа Зөвлөлтийн гурван үеийн төхөөрөмжөөр шинэчлэл хийж, 2000 оноос Германы “Сименс” фирмийн төхөөрөмжүүдээр бүрэн шинэчлэл хийсэн. Эрдэнэт үйлдвэртээ үл эвдэх сорилын оношилгооны технологийг нутагшуулж оношилгоо судалгааны лаборатори байгуулсан. Зайн  оношилгооны хэмжилтээр уурхайн экскаваторийн тэжээлийн шугамыг оношлох арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр судалгааны ажил хийж, 2009 онд докторын зэрэг хамгаалсан. Төрөлх үйлдвэртээ 34 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Энгийн слесариэс инженер, ахлах инженер, хэсэг бригадын дарга үйлдвэрийн тэргүүлэх мэргэжилтэн хүртэл ажиллажээ. Үйлдвэрийнхээ ДЦС-ыг 52 мВт-ын турбин генератороор шинэчилж Монгол инженерүүд өөрсдөө санаачлан хэрэгжүүлсэн гээд олон олон бүтээн байгуулалтад оролцож явжээ. Миний хөдөлмөрийг төр засаг өндрөөр  үнэлж, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан. Энэ цагийн бахархал болж, Монгол улсаа 40 жил тэжээсэн гайхамшигтай Эрдэнэт үйлдвэр, уурхайчин хамт олныхоо дунд хөдөлмөрлөж явсан он жилүүдээрээ бахархдаг. Одоо миний хүүхдүүд үе дамжсан инженерүүд болсон.

-Эрдэнэт vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр. Эрдэнэт үйлдвэрийг дагаад бүтээн байгуулалт сүндэрлэсэн. Хот, хүний хөгжил гээд.  Зөвхөн өндөр байшин, боловсронгуй техник технологийг хөгжил гэхгүй.  ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хүний хөгжлийн тулгуур баганын нэг нь болж байгаа.  Та сургуулийнхаа талаар?

-Тийм ээ, энэ сургууль 1975 онд анх Уулын үйлдвэрийн мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилгоор Зөвлөлтийн ард түмэн барьж өгчээ. Энэ жил 45 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй мянган мэргэжилтэй ажилчид бэлтгэж, Уул уурхайн салбарт илгээсэн байна. Олон арван гавьяатан, хөдөлмөрийн сайчууд төрөн гарсан. 1998 онд Шагдарын Отгонбилэг асан санаачлан дээд сургууль болгожээ. Одоо тус  сургууль бакалаврын түвшинд Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Цахилгаан системийн автоматжуулалт,  Автомашин ашиглалт, авто аж ахуй, Металлурги, металлын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Мэдээллийн технологи  мэргэжлээр сургалт явуулж байна. Зөвхөн цахилгааны мэргэжлээр 750 инженер бэлтгэн гаргасан нь тэдгээрийн 94% нь ажлын байраар хангагдсан байна. Цахилгааны 10 гаруй лабораторид 300 оюутан дадлага, туршилт, судалгаа хийж байна. Тус сургуулийн нэг онцлог бол Эрдэнэт үйлдвэрээс инженерүүд багшлахын зэрэгцээ тэд оюутнуудаа ажлын байран дээр дадлагажуулдаг юм. Мөн голч өндөртэй төгссөн оюутнуудыг Эрдэнэт үйлдвэр урилгаар ажлын байраар хангаж ирсэн нь тус сургуульд суралцах эрэлт их болсон байна. Уурхайчид өөрийн мэргэжлээр аль нэг хүүхдээ инженер болон мэргэжилтэй ажилтан болгосон тохиолдолд хамтын гэрээгээр орлуулан ажилд авдаг нь тус сургууль хүүхдээ сургах хүсэлтэй байдаг байна. Би ч гэсэн бага охин  Эрдэнэ-Туяагаа бэлтгэж байгаа. Миний мэргэжлээр төгссөн саяхан магистр хамгаалсан.

-“Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд магистр, докторын сургалт явагдаж байна уу?

-ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангаж байгаа гэж сонссон. Та энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-ШУТИС-тай миний амьдралтай салшгүй холбоотой юм. Энэ сайхан сургуулийнхаа буянаар өдий зэрэгтэй яваадаа баярлаж явдаг. Нөгөө талдаа сургуульдаа их зүйлийг хийх хүсэл эрмэлзэл сургууль төгссөн үеэс л төрж байсан. Өнөөдрийн байдлаар Цахилгаан хөтлүүр, Цахилгаан машин, мэдээллийн технологийн лабораторийг өөрөө санаачлан шавь нарынхаа хамт хийсэн, ерөөсөө уулын үйлдвэрт ашиглаж байгаа АББ фирми, Германы Сименс, Шнайдер электрик компанийн тэргүүлэх фирмийн төхөөрөмжүүдээр  лабораториудаа тоноглосон гэсэн үг. Манай лабораторид дадлага хийсэн оюутан үйлдвэр дээр шууд ажиллах чадвартай байхаар бэлтгэж байна. Харин 2019-2020 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр оюутны байрны цахилгаан хангамжийг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлсэн. Амжилттай ажиллаж байна. Цахилгаанаар хангахаас гадна судалгааны жижиг лабораторитой болсон. Нарны эрчмийн судалгаа хийж эхэлсэн. Бүс нутагт болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилчдын болон хэсэг цехийн хэрэгцээнд СЭХ-ийг хэрэгжүүлэх нутагшуулахаар дэс дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал: СЭХ ашиглах мэдлэг олгох богино хугацааны сургалт явуулж эхлээд байна. Залуу үедээ болон шавь нартаа захиж хэлэхэд хүн зорилгоос зорилго руу тэмүүлж хөдөлмөрлөж тууштай нэг чиглэлээ барьж ажиллахад амжилт бүтээл аяндаа ирдэг юм шүү. Хөдөлмөрлөж байж олсон амьдрал аз жаргалтай байдаг. 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.  Судалгааны ажилд нь амжилт хүсье.

-Танд бас амжилт хүсье. 

 

Ярилцсан Х.Отгон-Эрдэнэ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-02 02:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    kl [105.112.124.xxx]

    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?