ОСПАНЫГ УСТГАХ ЦЭРЭГ-ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЖИЛЛАГАА

Сэтгүүлчийн үг

Хорьдугаар зууны Монгол Улсын түүхэн дэх баруун хязгаарт өрнөсөн үйл явдалд Тагнуулын байгууллага болон ард иргэдийн үүрэг, оролцооны талаар Монголын түүх бичлэгт тусгайлан дурдаагүй ажээ. Энэ нь тухайн үйл явдалд холбогдох гүйцэтгэх ажлын шугамаар зохион байгуулсан арга хэмжээнүүд өнөө болтол улсын болон төрийн нууцын зэргээс гараагүйтэй холбоотой юм. Гэвч нууцын зэргээс гарсан архивын эх сурвалж, аюулгүй байдлын талаар судалгаа, дүн шинжилгээ явуулдаг судлаач, эрдэмтдийн бүтээл, нийтлэлүүдээс Оспаныг устгах чиглэлээр Тагнуулын байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай арга хэмжээ болон Орон нутгийн ард иргэдийн оролцооны талаарх баримтыг нэгтгэн гаргахыг оролдлоо.

Шинжааны нутагт явуулах манай улсын тагнуулын ажлыг ЗХУ-ын шууд заавар зөвлөгөөгөөр гүйцэтгэж байснаас гадна тус муж дахь оршин суугчдыг (эрх чөлөө, шашин шүтлэгийнхээ төлөө босон тэмцэгсэд) зохион байгуулалтад оруулан зэвсэглэж, Гоминданы Хятадын эсрэг хандуулжээ. Түүнчлэн Зөвлөлтийн заавар удирдамжийн дагуу манай тал Оспанаар удирдуулсан зэвсэгт бүлэглэлтэй 1944 оны эхээр холбоо барьж, харилцаа тогтоож чадсанаар нэг хэсэгтээ баруун хязгаар нутагт амгалан тайван байдлыг тогтоож чадсан юм.     

Оспан 1946 оны дундуур холбоотон болох БНМАУ, ЗХУ-аас харилцаагаа тасалж, Гоминданы Хятадтай хамтран эвсэж, Монгол Улсын хил хязгаарт халдан довтолж эхэлсэн нь Тагнуулын байгууллагаас явуулах үйл ажиллагааг бүрэн эргүүлсэн юм. Иймд Тагнуулын байгууллагаас 1946-1950 иад оны эхэн үе хүртэл хасгийн зэвсэгт бүлэглэл болон Гоминданы Хятадын цэргийн анги салбарын байрлал, хүч хэрэгсэл, зорилгыг тодорхойлох, Оспаныг устгах, хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр арга хэмжээнээс зөвхөн Шинжааны ард олны дунд “Оспан баатар” хэмээн алдаршсан этгээдийг устгах талаар манай Тагнуулын байгууллага болон Орон нутгийн ард иргэдээс зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч дурдъя.

Юуны өмнө Оспан гэгч чухам хэн бэ? гэдгийг бага зэрэг тодруулах хэрэгтэй болов уу? Казахын гурван Жүзийн дунд жүзд багтдаг түүний дотор 12 Абах Керей овгийн Молхы угсаатны Исламын хүү Оспан 1899 онд одоогийн Шинжааны нутаг болох Өвөр Алтайн Хөх тохойн Хүрд гэдэг газар эхээс мэндэлжээ.

Оспаны гадаад дүр төрх, түүхэнд эзлэх байр суурины талаар судлаач эрдэмтэдийн дунд янз бүрийн л санал дүгнэлтүүд байдаг. Нэг хэсэг нь эх оронч, баатар эр, Дорнод Туркестаны тусгаар тогтнол, үндэсний хэл соёл, шашин шүтлэгийнхээ төлөө тууштай тэмцэгч гэж байхад нөгөө хэсэг нь дээрэмчин, алуурчин, улс төрийн ямар ч бодлого, зорилго байхгүй зөвхөн эд хөрөнгөнд шуналан дурлагч хэмээн дүгнэжээ. 

1947-1950 онд Алтайн отрядын даргаар ажиллаж байсан дэд хурандаа Ш.Зонров дурдатгалдаа “70 орчим настай, өндөр ясархаг биетэй, ширүүн харцтай, алах булаахын шунал шүглэсэн”; Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатарын нийтлэлд: “Тэрээр эхнэр Баян, хүү Нягаметдола, Шердиман охины хамт амьдарч байсан бөгөөд хүүхэд үедээ доголон болсон, бие томтой, юманд өөрийн санаснаар ханддаг, гөжүүд зожиг зантай, бусдын зөвлөгөөг сонсдоггүй нэгэн байжээ. Нутгийнхан нь түүнийг “төхөр огоз” буюу “хазгар шар” хэмээн хочилдог байв.”

Зохиолч, доктор Т.Султан  нэгэн өгүүлэлдээ: “Оспан бол манж, хятад, Гоминданы засаг болон «Улаан улсуудын» алины ч далдуур бодлогыг цаг тухайд нь мэдрэн үл зөвшөөрч, ямар ч түүхэн зааг, эргэлтийн үед гуйвж дайвахгүй, цэх шулуун явж, босоогоор амь эрсэдсэн, Дорнод Туркестан улсын тусгаар тогтнол, олон үндэстэн бүхий Шинжааны ард түмний үндэсний эрх чөлөөний төлөө цуцашгүй тэмцэгч, зоригт жанжин, улс төрийн холч хараатай зүтгэлтэн байсан гэвэл хэтрүүлэн дөвийлгөсөн хэрэг үл болно хэмээн итгэнэм” гэж тус тус тодорхойлжээ.

Зөвлөлтийн зааварчилгын дагуу БНМАУ-ын Дотоод явдлын яамны Тагнуулын байгууллагаас Оспаныг Гоминданы Хятадын талд 1946 оны эхээр урван орсны дараа түүний эсрэг цөөнгүй арга хэмжээг зохион явуулжээ. Тухайлбал, Оспаны хүрээлэлд тагнуул суурьшуулан улмаар түүний зэвсэгт бүлгүүдийг бутарган сарниулах, Оспан-Гоминданы Хятадын цэргийн үйл ажиллагаанд  байнга хяналт тавих, суурин тагнуулчдыг байршуулах, тэдгээр зэвсэглэсэн бүлэглэлүүдэд цэрэг, зэвсгийн гэнэтийн цохилт  өгч устгах зэрэг зорилт тавин ажиллах болжээ.

Гоминданы Хятадын цэргийн байрлал, хүн хүч, зэвсэглэл, Шинжаан дахь казак, чантуу, торгууд, урианхай зэрэг үндэстэн ястны санаа бодол, Монголоос дүрвэн очигсдын байдал, тэднээс Гоминданы цэргийнхэн, казахын дээрэмчин бүлэглэлүүдтэй хэрхэн харилцаж байгаа тухай цаг үеэ олсон мэдээллийг Э.Гэрэлчулууны суурьшуулсан тагнуулчид үнэн зөвөөр ирүүлж байсан нь баруун хязгаарт буй болсон аюул заналыг таслан зогсооход чухал хувь нэмэр оруулжээ. 

Өгүүлэн буй үед Ховд аймаг дахь хилийн отрядын Тагнуулын тасгаас Шинжааны чиглэлд Гоминданы цэргийн байрлал, хөдөлгөөн, зэвсэглэл, хасгийн дээрэмчдийн зорилго, үйл ажиллагаа, тус бүс нутагт өрнөсөн үндэстэн ястны эрх чөлөөний хөдөлгөөнийг судлах, мөн тэнд тагнуулчдыг суурьшуулах зорилгоор Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, Б.Бадам, С.Чой, Б.Бүрэнтөгс, Б.Чулуундай, Ү.Сагадай, Б.Сахаан, И.Хамхааш, Б.Сейлхан нарын торгууд, казах ёс заншил сайн мэддэг Орон нутгийн ард иргэдийг удаа дараа хилийн чанадад ажиллуулж тусгай үүрэг өгч ажиллуулж байв. Эдгээр хүмүүс нь Шинжааны нутаг дэвсгэрээс цэрэг-тагнуулын чухал мэдээлэл олох, Монголоос дүрвэн гарсан ард иргэдийн дунд ухуулга, ятгалга хийж, эх оронд нь буцаан ирүүлэх зэрэг ажлыг чадамгай зохион байгуулж явуулсан юм.

1946 оны сүүлч үеэс “Оспаны бүлэглэл дотор суурьшин ажилласан тагнуулчдын мэдээлэлд тулгуурлан тэдний зарим бүлэглэлээс нэлээд иргэдийг салан тусгаарлуулах, задлан бутаргах, толгойлогчдыг нь урвуулах, Ардын сайн дурын гишүүд, цэргийн анги, салбарын хамтын хүчээр цохилт өгөх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь Оспаныхны хүчийг сулруулах, сарниулахад томоохон амжилтын эхлэл болсон юм.

Үүний үр дүнд Оспаны мэдэлд байсан 3-4 зэвсэгт бүлэглэл түүнээс салж, Дорнод Туркестаны цэргийнхэнтэй нэгдсэн байна. Түүнээс гадна Э.Гэрэлчулуун 1946 оны 11-12 дугаар сард өөрийн туршлагатай тагнуулч Т.Амарзаяа, Б.Бадам, М.Түмбээ нарыг 10-15 хоногийн хугацаатай хилийн цагийн байдлыг судлах, мэдээ олуулахаар явуулсны дүнд “Оспан, Цонж болон хилийн ойролцоо амьдарч буй иргэдээс 600 хүнийг цэрэгт татан авч зэр зэвсэг, хувцас уналгаар ханган сургуулилт хийж байгаа тухай, Гоминданы хуйхуу цэргээс 500 гаруй хүнтэй цэргийг ирүүлэн шинээр татагдсан цэргүүдтэй нийлүүлэн нэг хороо болгон хилийн ойролцоо байрлуулж эхэлсэн” тухай мэдээ авчирч байжээ.

Энэ мэтчилэн Шинжаан дахь Үндэсний эрх чөлөөний төлөөх бослого тэмцлийг дэмжин туслах, Оспаны бүлэглэлийн зэвсэгт халдлага, дээрмийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар тагнуулын группүүдийг хилийн чанадад ажиллуулж, тэдгээр нь үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байсан юм.

Тагнуулын байгууллага болон Орон нутгийн ардын сайн дурын группийн гишүүдээс олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор Оспаныг амьдаар нь баривчлах буюу устгах зорилготой хэд хэдэн ажиллагаа явуулсан ажээ. Т.Амарзаяагаар ахлуулсан баг 1947 оны  12 дугаар сард Оспаны лагерь дахь гэрийг шөнө дундын үед бүслэн довтолсон боловч Оспан зугтаж, нэлээд баримт сэлтийг олзолжээ.

Дээрх зорилгоор Оспаны итгэлийг дааж, хажууд нь шадар дотно ажиллах шилдэг нууцыг сонгон олж ажиллуулах шаардлага Ховдын отрядын Тагнуулын тасагт тавигдав. Ховд аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төмөр-Очир, хилийн 5 дугаар отрядын Тагнуулын тасгийн дарга Э.Гэрэлчулуун нар Ү.Сагадайг сонгон авч бэлтгэжээ. Сагадай нь удаа дараа тагнуулын даалгаврыг сайн биелүүлж, 1943-1944 онд Оспаны дэргэд ажиллаж байсны дээр олон зуун өрх айлыг бослого гаргуулан Оспаны талд оруулах ажлыг идэвхтэй зохион байгуулж түүнд үнэлэгдэж байсан нь дээрх шаардлагад нийцэж байв.

Ү.Сагадайг нэгэн зохиомол хэрэгт сэжиглэн баривчилж, хасгийн оргодол дээрэмчинтэй хамт Ховд аймгийн шоронд хорьж мөрдөн шалгажээ. Сагадай хоригдох хугацаандаа тэр этгээдтэй сайтар танилцаж, шоронгоос оргон хил давж явах санал бодлоо хуваалцан түүний итгэлийг олсон байна. Эхлээд тэр этгээд шоронгоос оргон хил давж, Оспаны бүлэгт нийлсний дараа Сагадайг мөн оргуулан түүний хойноос явуулсан байна.

                                                          Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?