32 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНД КОРОНА ВИРУС ИЛЭРЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-24 03:31

Сэтгүүлчийн үг

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт  4335 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тодруулбал, Нийслэлд бүртгэгдэж байгаа голомтын хавьтлын гурван тохиолдол шинээр илэрсэн. Ингэснээр нийслэлд 54 өвчлөл бүртгэгдсэн байна. Тухайн шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын нэг нь Буянт-Ухаа хороололд анхны батлагдсан хоёр тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон хүмүүс байгаа. Үүнд оролцсон 46 хүнийг тусгаарласан. Нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. 

Хоёрдахь коронавирус илэрсэн хүн нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч байгаа. Тухайн иргэн.нь төмөр замын батлагдсан тохиолдолтой хавьтал болсон.  Гуравдахь тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын иргэн байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан коронавирусийн халдвар авсан учир тус төвөөр  тав хоногийн өмнө үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулах, ойрын хавьтлуудыг тогтоолоо. Ойрын хавьтал 111 хүн байна. Хоёрдахь хавьтал 176 хүн бий. Ингээд хоёр хүний нийлсэн 178 хавьтлыг илрүүлсэн. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. 

Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр илэрсэн. Тус аймгийн нийт батлагдсан тохиолдол 124 боллоо. Сэлэнгэ аймагт илэрсэн 26 тохиолдол бүгд ойрын хавьтлаас тусгаарлагдсан иргэд байна. Говьсүмбэр аймагт ойрын хавьтлын 84 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь мөн  тусгаарласан хавьтал байлаа. Одоогоор коронавирус халдвар голомтлон гарч таван аймгаас Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт өчигдөр коронавирус нэмж илрээгүй. 

  • Дархан-Уул аймагт: 20
  • Дорноговь аймагт: 14
  • Орхон аймагт: 17 батлагдсан тохиолдол бий.

Улсын хэмжээнд голомтлон гарч байгаа өвчлөлийн батлагдсан тохиолдол 235 боллоо. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол батлагдлаа. Тухайн иргэн нь арванэгдүгээр сарын 10-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 672  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 342 байгаа. Нийт эдгэрээд гарсан 340 хүний 28 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 323 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 277 хүн хөнгөн, хүндэвтэр 44, хүнд 2  байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-24 03:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?