АРЬСАН ЭДЛЭЛИЙН УРЛААЧ “АЛТАН ГАРТ” БҮСГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-02 06:26

Сэтгүүлчийн үг

Чин сэтгэлээсээ ажилладаг учир хийсэн бүтээл бүхэнд маань бардамнал, омогшил шингэдэг хэмээн өгүүлээл намуухан инээмсэглэсэн бүсгүйг Ш.Энхтуяа гэдэг. Үндэсний хэв шинжийг агуулсан, өөрийн өнгө төрхөө тодорхойлж, түүнийгээ бизнес болгон амьдрал ахуйгаа өргөж яваа мянга, мянган монгол бүсгүйчүүд, эмэгтэйчүүд бий. Тэдний нэг болсон нэгэн бүсгүйг бид хайн сурагласаар олж, очин уулзсан юм.

Нүүдэлчин монголчуудын өнө эртнээс уламжилж ирсэн Монгол үндэсний үйлдвэрлэлийн нэг гар урлал бол гайхамшигтай төрөл юм. Харин энэ төрлийг улам төгөлдөржүүлж, өөрийн бизнесээ болгон, мөрөөдлөө бүтээл бүхэндээ шингээн ажиллах нь түүний бас нэгэн онцлог юм байна гэдгийг уулзаж, ярилцах хэсэгхэн хугацаанд би ойлгосон юм.

Гар урлалыг хөгжүүлэн төрөл бүрийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл урлаж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон Ш.Энхтуяа арьсан урлалын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэээд 10 гаруй жил болж буй юм байна.

 Түүний хувьд 2009 онд  машид зориглон уг бизнесийг эхлүүлсэн гэнэ. Анхны бүтээгдэхүүнээ гаргахын тулд багагүй эрсдэл үүрч эхлүүлсэн тэрбээр таньдаг хүнээсээ зээлж авсан 40.000 төгрөгөөрөө ажлын байр түрээслээд дахин нэг танилаасаа зээлээр гурван арьс авсанаар ажлын гараагаа эхлүүүлж байсан аж. Тэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн ч борлуулах газар байхгүй учир Бөмбөгөр худалдааны төвд 180.000 төгрөгөөр жижигхээн лангуу түрээслэх шийдвэр гаргаж. Хэдий лангуу нь жижигхэн хүмүүсийн хөл ихтэй газар байрлаж байсан учир арьсан түрийвч,  цүнх,  хөргөгчний наалт, хүүхдийн цэмбэн гутал, эсгий болон арьсан углааш, эсгий бойтог, эсгий гэр, арьсан бээлий, түлхүүрийн оосор, үзэг балны арьсан гэр, арьсан зураг, цагаан өвгөн, хийморийн морь, дээлийн бүс, нурууны бүс, тэлээ,  дурангийн хайрцаг ... гэх мэтээр түүний урласан бүтээл бүхнийг хангалттай багтаасан учир худалдан авагчид ч ихтэй, эрэлттэй байсан нь урмыг нь сэргээж, өдөр шөнөгүй ажиллахад хүргэсэн байдаг.

Арьсан урлалын онцлох зүйл нь чанарын хувьд дахин давтагдашгүй, ур хийцийн хувьд урлагийн бүтээл болдгоороо онцлог. Тиймээс Ш.Энхтуяагийн хувьд ашиг орлогыг нэгдүгээрт тавилгүй, “Чанар итгэл ирээдүй” гэсэн зорилгыг эрхэмлэж зүтгэсэнээрээ бас нэгэн онцлог байсан гэж болж болно. Түүний ч зөв байсан нь богинохон хугацаанд байнгын худалдан авагчидтай болж, тэдний талархлын үг, сэтгэлээсээ хэлсэн урам ёстой л сэвхийтэл өөд нь татаж, өөртөө итгэх итгэлийг төрүүлсэн болохоор Ш.Энхтуяагийн хувьд ядрах, амрах завгүй зүтгэсэн аж.

Тэрбээр, “аливаад чин сэтгэлээсээ хандваас юунд ч хүрч болдгийн бодит жишээг биеэрээ туулж мэдсэн. Анхны бүтээлээ би үзэг балны гэр, түлхүүрийн оосроос эхлүүлж байсан бол өнөөдөр охин, хүргэндээ зааж сургаж, тэр хэрээр өргөжин тэлсээр хамтдаа олон бүтээлийн ард гарсан байна.  Өдрөөс  өдөрт  өргөжиж, худалдан авагчид маань нийслэл төдийгүй Баян-өлгий, Увс, Хөвсгөл, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь зэрэг аймгаас байнгын худалдан авагчидтай болсон. Мөн Өвөрмонголын Шилийн гол аймаг, Алтан эмээл, Манжуур, Хайлаар, Тува, Казакстаны гар урлалын бүтээгдэхүүн сонирхдог бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаатай болж, байнгын захиалачидтай болсон. Өдөр өдрөөр бидний бизнес өргөжин тэлж, байнгын үйлчлүүлэгчтэй болно гэдэг гайхалтай сайхан.

Хэдийгээр  гар урлалын бүтээгдэхүүн ажиллагаа ихтэй, нарийн  чимхлүүр ажилтай, цаг хугацаа их шаарддаг ч захиалга ирчихсэн, тэнд хүмүүс хүлээж байхад бид амрах завгүй ажиллах ёстой. Бизнесийн түншлэлийн хамгийн чухал нь итгэлцэл, цаг хугацаа хоёр юм” хэмээгээд инээмсэглэсэн түүний “Хамгийн сайхан нь нэг авсан хүн заавал эргэж ирдэг  болохоор бүтээлээ хараад бяцхан омогшил бардамнал төрдөг” гэсэн нь өөрийн эрхгүй бахархал төрүүлж байлаа.

Дашрамд дурдахад, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход  Ш.Энхтуяагийн бараа, бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй, богино хугацаанд бүрэн худалдаалагддаг гэсэн. Үүнээс улбаатайгаар түүний  бүтээлээс  гадаад руу хүмүүс бэлэг дурсгалд зориулан худалдан авах нь олширч, тэр хэрээр эрэлт нэмэгдэх болсон гэнэ. Түүний хувьд “Монголдоо үйлдвэрлэв”,”Баянголд үйлдвэрлэв” зэрэг Улаанбаатарт тогтмол гардаг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, тэр хэрээрээ худалдан авагчдынхаа хүрээг тэлж байдаг гэсэн.

Ш.Энхтуяа, “Цагаан сар, Улсын баяр зэрэг үндэснийхээ уламжлалт баяруудаар хүмүүст бэлэг болох  сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь манай ажлын бас нэг үзүүлэлт гэж итгэдэг. Сүүлийн үед цар тахлын улмаас үйлчлүүлэгч цөөрч тэр хэрээр  орлого багасч байгаа ч гэлээ  хөдөө орон нутгаас захиалга тасрахгүй байгаа нь Ш.Энхтуяагийн багийн хамтын ажиллагааны үр дүн гэж ойлгодог хэмээн инээмсэглэсэн. Тэрбээр, Монгол бараа үнэтэй. Дээр нь  валютын ханш  өссөнөөс урдаас авч  байгаа арьс шир, туслах материал үнэтэй орж ирж байгаа учраас үүнийгээ дагаад нэг бүрийн үнэ нэмэгдэх талтай байна. Жишээ нь төмөр цагираг, кноп, товч, утас, цахилгаан, нимгэн зузаан даавуу зэргээр имортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр хэдийгээр дотоодод үйлдвэрлэж байгаа ч бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүй. Гэсэн ч цаг үедээ тохируулаад  үнээ буулгаж худалдаалж байгаа. Байнгын үйлчлэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж, бараа маань чанартай хүртээмжтэйгээрээ давуу талтай байлгах гэж хичээж ажилладаг гэсэн юм.

 Эдний бүтээгдэхүүнээс хамгийн хурдан зарагддаг нь хатантай түрийвч, гоёлын түрийвч  гэнэ. Хүмүүс бөөнөөр авчихдаг учир маш хурдан дуусдаг аж. Ш.Энхтуяа, “цэвэр арьсаар үйлдвэрлэлээ явуулдаг, бөх бат, удаан эдэлгээтэй, улам л өнгө ороод гялалзаад байдаг. Тиймийн тулд  хаана л шинэлэг чамин загвар  байна тэр бүгдийг олж харж, тэр бүгдээр сэтгэж хийхийг эрмэлзэж явдаг. Энэ хугацаанд хуримтлал гээд байх юм үүсгэж чадаагүй ч сарын орлогуудаа нийлүүлээд  хоёр хүүхдийхээ сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөөд мэргэжил боловсролтой болгосон. Одоо тэд маань сургуулиа төгсөөд ажил амьдралтайгаа залгаад эхнээсээ аав ээжийнхээ ачлал буяны  хариулж байгаа” хэмээн сэтгэл хангалуун өгүүлсэн.

Мөн Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс нэг удаа буцалтгүй тусламж өгч байсан. Харин одоо зөвхөн өдрийн орлогоороо  биш жижиг дунд үйлдвэрээс бага хүүтэй зээл авчих юм бол арай л өөр болно доо хэмээн бодож байгаагаа өгүүлээд , байгаадаа сэтгэл хангалуун,  мөнгөний бага нь амттай гэж үздэгээ инээмсэглэн өгүүлсэн тэрбээр нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд  2018 онд 16 дугаар хорооныхоо 30 өндөр настанд 500 гаруй төгрөгийн бэлэг дурсгалын зүйл хандивласанаа дурсав.

Учир нь Ш.Энхтуяагийн хань Ардчиллын алтан хараацайн нэг Хишигнямын Нэргүй гэж хүн аж. Тиймээс ханийхаа ажлыг дэмжиж, хамгийн найдвартай туслагч нь байдаг байж. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар “санаа байвч тэр болгон ажилд нь  оролцож чадахаа больсон” хэмээн өгүүлсэнээр бидний ярилцлага, миний сурвалжилга өндөрлөсөн юм. Арьсыг амьдруулагч, амьдралын өнгөө өөрийнхөө чадлаараа тодорхойлж, өнгөлж яваа эрхэм бүсгүй, Монголын нэгэн сайхан ээж Ш.Энхтуяа таны үйлс нь өөдрөг, бүтээл нь арвин байх болтугай.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-02 06:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?