10 ИХ НАЯДЫГ СОНГУУЛЬД ҮРЖ БОЛОХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-02 06:41

Сэтгүүлчийн үг

Ковидын самуунтай зэрэгцэн эдийн засгийн ээлтэй мэдээнүүд сонсогдож байна. 2021 оны нэгдүгээр сарын Нүүрсний экспорт өмнөх сарынхаас 50,11 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Алтны экспорт 2020 оны эхний 9 сарын байдлаар 20.2 тоннд хүрсэн. Лондонгийн бирж дээр зэсийн үнэ дээшээгээ гозойж, 9600 америк доларыг хэдийнэ давчихсан яваа. Рио Тинтогийн ханд хага дарагдаж 600 тэрбумын татварын өрөө төлөөд эхэлсэн. Одоо бас ноолуур гарна. Эрдэс баялгийн эдийн засаг муу нэртэй хэдий ч аврал болдог давуу талтай л юм байна. Эндээс үзэхэд эдийн засгийн хүлээгдэж байгаа 4 орчим (гэсэн байх аа) хувийн агшилт макро үзүүлэлтийн доголдол төдий зүйл болох нь харагдаж байна. Даваад гарч болох өөдрөг төсөөллүүд бидний талд, Монголын эдийн засгийн талд гарчихлаа. Манай Халхын заяа их гэдэг энэ байх. Өө бас дээр нь Монгол банкинд 7.8 их наяд төгрөг, 4 тэрбум давсан валютын нөөц асаалттай танк шиг байж байна. Иим эдийн засагтай улсын Ерөнхий сайд 10 их наядын эдийн засгийн өргөтгөлийн хөтөлбөр оруулж ирэх нь бас аргагүй ч юм шиг. Гэхдээ эдийн засаг сэргээх гэх 10 их наядын төлөвлөгөөг дайчилгааны эдийн засгийн горимоор явуулж яагаад ч болохгүй. Яагаад гэвэл хоёр долоо хоногт боловсруулсан төлөвлөгөөнд ийм хэмжээний мөнгө оруулах нь зүгээр хөнгөмсөг явдал биш сүйрэл болно. Ковидын довтолгооны эхний ээлжээс Монголын эдийн засаг баялгийн нөөцийнхөө ивээлээр гараад ирж байгаа хэдий ч хоёр дахь давалгааны цохилт ирэх нь эргэлзээгүй байхад улсын авдраа шавхсан санхүүгийн ажиллагаа явуулж болохгүй гэсэн үг. Тэр тусмаа энэ төлөвлөгөө улс төрийн богино зайны зорилтод суурилан боловсрогдсон нь илт байна. Pork barrel гэж нэрлэгддэг, төсвөөс сонгуулийн сурталчилгааг далд байдлаар санхүүжүүлдэг улс төрийн бохир технологи. - 500 тэрбумаар идэвхтэй амьдралын зарчимд залуусыг сургана, шанд нь 1 сая төгрөг өгнө, Энэ чухам юу вэ, хөдөлмөрийн лагер лав биш. - 2 их наядаар жижиг дунд бизнесийг дэмжих зээл гаргаж, арилжааны банкуудад хүүгийн татаас өгнө. Арилжааны банкны мөлжлөгийг төсвөөс дэмждэг болсон уу. - 3 их наядаар Залуус I,II, III хотхоны дэд бүтэц, ипотекыг санхүүжүүлнэ. Дахиад л өрийн барьцаан дахь Монгол айлууд. Байшин, машин, хүн гурваа багтаахаа больсон Улаанбаатар, экологийн даац хэдийн Алтан тэвшийн хөндий цаашдаа яах нь, юу болох нь сонгуулийн ялалтад улайрч буй эрх баригчдад үнэндээ хамаагүй. Үр дүнд нь эдийн засаг хиймэл амьсгаа авч, эрх баригч нам ирэх сонгуулиудад ялснаар 10 их наядын хөтөлбөр өндөрлөнө. Ийм л дүр зураг.

В.Нэргүй



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-02 06:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?