ДУУЧИН Т.АРИУНАА “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”-ЫН ЭСРЭГ СУУЛТ ЗАРЛАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-03 09:08

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын  гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, таван удаа хоригдож, 409 хоног хоригдож, хилсдсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн миний ханийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг Монголын төр хамгаалалтдаа аваач гэж хүсье. Хэлмэгдэх ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Оюуны болон сэтгэл санааны яргалал Монголд үнэхээр гаарчээ. Монгол төрийн нэрийн доор хамгаалалтад байгаа луйварчин, шуналтан, хулгайч нараасаа хэзээ салах вэ. Хонгилын бүлэг прокурор багаараа яаж ажилладгийг өнгөрсөн жилүүдэд биеэрээ мэдэрч туулж явна. Гэр бүлээрээ дэнчин тавьж хонгилын прокурорын эсрэг үгээ хэлж байна” хэмээн ярилаа.

Харин дуучны нөхөр Г.Буяндорж, “Цагдаа, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нартай ёс зүйн хариуцлага тооцохыг хүсч байгаа учраас УДЕГ-т шаардлага хүргүүлж байгаагаа дуулгалаа. Мөн Хэлмэгдэсдийн хөшөөний өмнө гэр бүлээрээ суулт зарлахаа мэдэгдэв.

Эргэн сануулахад, Г.Буяндорж 1996 онд “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшн”-ыг байгуулсан байдаг бөгөөд “Ноёд групп” ХХК болон охин компани болох “Ноёд констракшн”-ы эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулжээ. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь Г.Буяндоржийг удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьсон байдаг. Ингээд уг хэргийг “шалгаж байна” гэж явсаар 10 жилийн хугацаа өнгөрчээ.

Харин 2011 онд түүнд  БНХАУ-ын иргэн Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд Шан Ду Шэнь нь 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд тус хэрэгт холбогдох 16 удаагийн шүүх хурал болсны эцэст УДШ-ээс хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэж, 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн хэрэг. Гэтэл   шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцохоор хүрээд иржээ. Уг нь 2014-2020 оны хооронд энэ хүн Хятадад амьдарч байсан бөгөөд “ковид 19”-ийн халдварын улмаас манай улс хилээ хаасан байх үед ямар арга замаар хил давж манай улсад орж нэвтэрсэн нь тодорхойгүй гэх.

Эх сурвалжийн өгүүлснээр Хятадаас утсаар ярьж, прокуроруудыг удирдаж, Г.Буяндоржийг хорьж, цагдуулж байсан нь Дээд шүүхийн шийдвэрээр хөдлөшгүй батлагджээ. Тэр ч бүү хэл 47 тэрбум төгрөг угаасан атлаа нэг ч төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэнэ. Тиймээс Г.Буяндорж Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд, 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх, нэр дурдагдсан хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах, өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж. Түүнчлэн шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Харин гэр бүлийнхэн нь буюу эхнэр Т.Ариунаа нь хоёр хүүгийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөний суултаа эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Г.Буяндоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Шаардлагын хариуг 72 цагийн дотор өгөх боломжтой гэж үзэж байна уу?

-Хүсэл сэтгэл байвал гурван хоног бүү хэлгурван цагийн дотор өгөх боломжтой.  Шуудхан хэлэхэд, Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчсөөр ирлээ. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна. 2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг шалгуулах хүсэлтээ иргэний хувиар гаргаж байна, би.

-Шан Ду Шэнийг татвар төлөөгүйг нотлох баримт танд байгаа юм уу?

- Шан Ду Шэнь Монгол Улсад нэг ч удаа татвар төлөөгүй. Надад санхүүгийн ноцтой баримтууд бий. Гэхдээ би прокурорт итгэхгүй байгаа учраас өгөхгүй. Шууд ил гаргахгүй. Хэрвээ миний шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулах юм бол би баримтаа тэр ажлын хэсэгт багтсан хүмүүст өгч, дэмжлэг үзүүлж ажиллана. Дээр дурдсан хэрэгт Ц.Батболд, Ц.Алдархишиг, С.Билэгт, Ж.Сандагсүрэн, С.Батжаргал, Ш.Хосбаяр, З.Шүрэнчулуун зэрэг прокурор оролцож намайг 10 жилийн турш далд яргаллаа. Харин би цагдаа нартаа баярлаж байна. Тэд энэ хэрэг дээр маш сайн ажилласан учраас талархал илэрхийлэх хэрэгтэй.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-03 09:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?