Ц.Пүрэвхүү: Пийшин дотор угаартаж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалж дуугараач Ж.Бямбадорж даргаа

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн сарын 10-нд Сүхбаатарын талбайн баруун хэсэгт “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас хотын дарга Су.Батболдод шаардлага хүргүүлж сануулах жагсаал хийсэн. Тэд утааг бууруулах дорвитой бүтээн байгуулалт огт хийгдэхгүй байгаа учраас бухимдаж дахин жагсаал хийж байгаагаа дуулгасан бөгөөд хотын даргад хандаж шаардлага хүргүүлж буйгаа мэдгэдж байв.

Харин өнөөдөр тэд дахин жагсаж байна. Энэ удаа “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан утааны эсрэг нэг ч үг дуугарахгүй байгаа ХЭҮК-ийн дарга Бямбадоржид шаардлага хүргүүлж байгаагаа дуулгасан юм.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэхдээ “ ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг дуугараач гэж уриалж жагсаж байна. Монголчууд утаандаа угаартаад 17 жил болж байхад ХЭҮК яагаад нэг ч удаа иргэдийхээ эрхийг хамгаалж дуугарсангүй вэ. ХЭҮК бол хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах байгууллага мөн. Утаа бидний, хамгийн гол нь хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдаж байхад Ж.Бямбадорж та дуугараач.

Ээж хүн хүүхдээ төрүүлэхдээ өсч том болоод сургуульд сураад аав ээжийгээ асарна гэж боддог.Хэзээ ч утаанаас болоод орчлонгоос буцаад явчихна гэж боддоггүй. Гэтэл Монголд хүн болж төрж, утаанд хордсонооосоо болж 450 хүүхэд амиа алдсан байна. Та хожимдсон ч гэсэн тэдний эрхийг хамгаалж дуугараач. Ээжүүд өвөл жирэмсэн болхоос айж байна. Жирэмсэн болсон нэгэн нь баярлахаасаа илүү айж байна. Хүүхдийн маань зүрх цохилж эхэлсэн үү, эрүүл байгаасай  гэж санаа зовнин хүлээдэг болсон. Энэ бүхэн хүний эрхийн зөрчил биш гэж үү. Эмэгтэйчүүдийн урсгаж байгаа нулимс танд харагдахгүй байна уу. Та уг нь эрхийг нь хамгаалж дуугарах үүрэгтэй хүн. 

ХЭҮК-оос Ж.Бямбадорж даргыг Тайланд томилолтоор явсан гэж хэллээ. Биднийг энд утаанд жагсаж байхад Ж.Бямбадорж дарга утаагүй Тайландад “амарч” байгаа. Үнэн худлыг нь мэдэхгүй. Утаанаас болж жил бүр 1300 орчим хүн цагаасаа эрт хорвоог орхиж байгааг судлаачид анхааруулж байна.  Хорт хавдаргүй гэр бүл гэж нэг ч алга. Утаа хорт хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн бүхий л том сургуулиудын эрдэмтэд судалгаа хийгээд нотолчихсон. Хүүхдүүдийг ,ээжүүдийг, эмээ, өвөө, ах, дүү нарын маань бүгдийнх нь насыг утаа богиносгосоор байна. Пийшин дотор угаартаж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалж дуугараач Ж.Бямбадорж даргаа.” хэмээсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?