ТӨРИЙН АЛБАНЫ “НЯЛХ СЭНГҮМ”-ҮҮД

Сэтгүүлчийн үг

Төрийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байгаа залуусыг танилцуулъя. Тэдний зарим нь 30 насны босго давж яваа бол зарим нь түүнээс ч залуухан ажээ. 
 


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА

  • Эдүгэгийн парламентын гишүүдээс хамгийн залуу нь Д.Гантулга. Түүнд хэнтийчүүд итгэл хүлээлгэж, Их хурлын өндөр сэнтийд суулгахаар сонгосон билээ. Өдгөө 30 нас хүрч  яваа залуухан гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, багагүй “баалуулсан” бөгөөд энэ нь парламентийн гишүүдийн насыг эргэж харах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг дагуулж амжсан. Эрхэм залуу гишүүний холбогдсон асуудлыг хуулийн байгууллага шалгаж үзээд, хэрэгсэхгүй болгосон билээ. Анх УИХ-д орж ирэхдээ эхний хоёр жилд нь суралцана, дараагийн хоёр жилд нь ажлаа хийнэ хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, үеийнхэндээ үнэлэгддэг лекторуудын нэг юм. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.САРУУЛ

  • Ерөнхийлөгчийн арын албаны ажлыг зохицуулах үүрэгтэй Б.Саруул гэх залуухан дарга 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга бөгөөд төсөл, хөтөлбөр хариуцсан менежерээр ажиллаж байна. Улс төр, олон нийтийн ажилд багаасаа идэвхтэй оролцдог байсан тэрбээр төрийн өндөр алба хашиж буй хамгийн залуу эрхмээр зайлшгүй нэрлэгдэнэ. 
     

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ А.ҮЙЛСТӨГӨЛДӨР

  • Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийг улстөрчдөөс илүүтэй урлаг, соёлынхон сайн мэднэ. Тэрбээр өмнө нь “Мөнхийн рэп” хамтлагт дуулж, FM 104 радиогийн хөтлөгчөөр ажиллаж байсан, сэргэлэн, цовоо, авьяаслаг залуу. А.Үйлстөгөлдөр 2016 оноос одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед нь зөвлөхийн албан тушаалтай байсан юм. Харин одоо Ерөнхий сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх болжээ. 
     

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Э.АНАР

  • УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар 2016 оноос эхлэн Төв банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр Японы Хакүо их сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийг баклавр зэрэгтэй төгссөн. Мөн АНУ-ын Колумбийн Их сургуульд Төрийн захиргааны удирдлагын магистрт суралцаж, төгсчээ. Өмнө нь Монголбанкны Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн, Монголбанкны Хяналт шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагчаар ажиллаж байсан ажлын туршлагатай аж. Э.Анар сагсан бөмбөгийн дээд лигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Офицерууд” багт тоглодог байсан. Спортод сонирхолтой, МҮОХ-ны удирдах албан тушаалын сонгуульд нэр дэвшиж байсан. 
     

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.БАТТҮШИГ

  • УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг “Алтай Холдинг” буюу “И-март”-ын хөрөнгө оруулагчдын нэг юм. Тэрбээр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүний үүрэгт албаас гадна “И-март” худалдааны төвийн удирдлагын багт ажилладаг.  Тэрбээр Чикагогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ дахь Олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн мастер зэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай тогтоосон сайн харилцаа, түүнчлэн өөрийн сурч дүүргэсэн их сургуулиудын эрдэмтэн, багш нарын сүлжээнд идэвхтэй оролцох тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан нэгэн гэгддэг. Спортын залуу зүтгэлтэн. МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочид [150.129.141.xxx]

    Эд нар элэнцгээ чаддагийн

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?