70 настай эмээг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Сэтгүүлчийн үг

Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг, өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач хаалгаа тайлж өгөхгүй хэд хоног байснаас үүдэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр амиа алдсан байдалтай олсон талаар манай сайт тухайн үед нь сурвалжлан мэдээлж байв.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал зарлан энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдийг 24 цагийн дотор илрүүлсэн, 70 настай талийгаач эмээг ач охинтой нь үерхдэг байсан залуу шунахайн сэдлээр хөнөөсөн болох нь тогтоогдсон талаар мэдээлсэн юм. Сэжигтэн Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрсөн, 24 настай залуу байв. Сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. 2015 оны наймдугаар сарын 16-ны өдөр сэжигтэн Б нь талийгаач З-гийн гэрт хоёр удаа очсон болон талийгаачийн гэрийн орчим хог түүж байсан иргэн Г-д өмсөж байсан хувцсаа өгч буй нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байжээ.

Уг хэрэгт анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулсан байсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийг Германд амьдардаг талийгаачийн охин Х.Од хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ийм шийдвэр гаргасан Монгол Улсын шүүхэд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхээр уг хэргийг хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил бол болгон, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.Холбоотой мэдээллийн энд дарж үзнэ үү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?