П.Батсайхан: Би ахынхаа нөмөрт байж, нууц ноёнтны дүр эсгэж явсангүй

Сэтгүүлчийн үг

П.Батсайхан хэмээнх тодотголтой эрхмийг бизнесийн хүрээнийхэн андахгүй. Зарим нь "АПУ"-гийн гэж ирээд л тодотгох нь бий. Яг үнэндээ бол тэрбээр "АПУ" ХХК, "Капитал" групп,  "Медиа" групп гэхчлэн Монголын нөлөө бүхий зургаан том аж ахуйн нэгжийн толгой компани болох "Шунхлай" группийн ерөнхийлөгч. Уран зураг гэхээр нүд нь гялалзаж ирээд халаасаа тэмтэрч, суудлаасаа өндийж мэдэх энэ эрхэт П.Батсайхан гэх хувь хүний тухайд царай зүс, бие бялдрын хувьд аавыгаа дуурайсан ч ээжийнхээ зан аашийг өвлөсөн гэж тодорхойлно билээ. Тиймдээ ч аливаад бизнесмэн гэхээсээ илүүтэй эмэгтэй хүний өрөвч зөөлөн сэтгэлээр хандах гээд байдаг сул талтай гэнэ. Гэхдээ энэ нь хүнд байх маш сайн чанар, тийм биз дээ хэмээн өөрийгөө зөвтгөж орхисон.

Шинэ цагийн монголчуудаас бизнесийн ертөнцөд өөрийн орон зайг эзэгнэж яваа тантай хийсэн ярилцлагаар уншигчдаа дайлах гэж тэрүүхэндээ л бүтэн хоёр сар эрэл сурал боллоо. Дандаа л гадаадад томилолттой гэх хариулт сонсч байлаа шүү?

-Уучлаарай, би тийм нэг их эрэлт хэрэгцээтэй хүн гэж өөрийгөө  бодсонгүй. Дороо зургаан охин компанитай, нийт 1700 гаруй ажилтан албан хаагчийн хувь заяаг хариуцан ажилладгийн хувьд ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Энэ үүднээс хэн нэгэнтэй, чөлөөтэй тааваараа ярилцаад байх цаг зав тааруу л байх юм. Нөгөөтэйгүүр, та бид хоёр өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох оны төгсгөл дээр ярилцаж байна. Өнгөрч буй оны тухайд "Шунхлай" группийн хэмжээнд амжилт бүтээл оргилсон жил байлаа. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, бид хийж бүтээж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун яваа. Та "Дандаа л гадаадад томилолттой" гэх хариулт сонсч байлаа хэмээн гомдололоо. Үнэндээ суурин энэ дөрвөн хананы дундаас гарч чадахгүй Монголдоо эргэлдсээр байвал бизнес хөгжихгүй. "Шунхлай" группийн хувьд дотоодын зах зээлд маш их шургуу ажиллаж байна. Энэ нь сайн хэрэг. Тэглээ гээд бид сэтгэл ханаж болохгүй. Үйл ажиллагаагаа өргөтгөх, өөр томоохон хэмжээний бизнес эрхлэхийн тулд гадаад зах зээлийг судлах, тэндээс хөрөнгийн эх үүсвэр олж ирэхийн тулд цаг гаргаад нааш цааш явахаас өөр аргагүй.

 

- Танай охин компани болох “АПУ” бол манай үндэсний анхны үйлдвэрүүдийн нэг. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа менежмент чинь заримдаа хэрэглэгчдийг гайхшруулж орхидог. Үүний цаана таны бодлого байна аа даа?

- “Шунхлай” группийн амжилт бол манайд ажиллаж буй залуучуудын санал санаачилга. Тэдний явуулж буй менежмент зөв байгаагийн үр дүн. Би хувьдаа залуусыг дэмжиж, тэднийг хүсэл мөрөөлдөө биелүүлэх боломжоор нь хангаж өгөхийг хичээдэг. Харин миний тухайд мөрөөдөхөөс илүүтэй аливааг төлөвлөж ажиллахыг чухалчилдаг. Төлөвлөгөөгүй бол 1700 хүнийг удирдаж чадахгүй шүү дээ.

 

-Уучлаарай, группийн ерөнхийлөгчтэй уулзаж байгаагийн хувьд танай салбар бүрийг нэг бүрчлэн асуумаар байгаа ч таны цаг завыг бодолцоод түр хойш тавьж, Батсайхан гэх хувь хүн рүү чиглэсэн асуулт руу шилжвэл ямар вэ. Та чинь Өвөрхангайнх байх аа?

- Манайх Өвөрхангайн айл. Би гурван хүү, нэг охинтой айлын багийн дээдэх нь. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Бие бялдар, царай зүсийн хувьд аавыгаа дуурайсан ч ээжийнхээ зан араншинг өвлөсөн. Аав, ээж маань багш. Эдүгээ 70 шахсан хөгшчүүл бидэндээ нөмөр нөөлөг, хайр энэрлээ өгөөд амьдарч байна. Эцэг эхийнхээ дэргэд өтөлж яваа бид азтай. Хүүхэд нас минь социалист нийгэмд өнгөрсөн учраас бусдаас илүүрхээд байх зүйлгүй. Хөдөлгөөнтэй хүү байсан ч сурлага сайтай. Арван жилийн сургуулиа төгсөөд Чехословакт дээд боловсрол эзэмшсэн. Оюутан байхаасаа л наймаа хийж, ахуй амьдралдаа нэмэр болж явсан. Хийж үзээгүй бизнес ч гэж бараг л байхгүй болов уу.

 

- Шулуухан асуухад, Г.Батхүү ахын чинь нэр нөлөө хэр байдаг вэ?

-Үнэнийг өчихөд хүмүүсийн энэ бодолд би дургүй. Батхүү ах бүхий л насаараа төрд зүтгэсэн нэгэн. Хэдхэн жил завсарласныг эс тооцвол шүү дээ. Хүн ахтай, дээл захтай гэдэгчлэн зулайг минь гишгэж төрсөн ахын хувьд түүнээс асуух, зөвлөх зүйл байлгүй л яахав. Гэхдээ л би чинь өрх гэрийн эзэн, амьдрал авч яваа эр хүний хувьд өдөр тутам ах руугаа утасдаж, үүнийг яахав, миний тэр болохгүй байна, туслаач гээд байдаггүй. “Шунхлай” группийн тухайд бусдаас дэмжлэг, туслалцаа хүсэх шаардлага байхгүй. Тэр хүн ерөөсөө бидний асуудалд хөндлөнгөөс оролцоод байдаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой билээ.. Миний хувьд ахаасаа ч түрүүлж бизнест хөл тавьсан. Ахыг 1996 онд улс төрөөс түр хөндийрсөн тэр үед бид хамтарч бизнес эрхэлж байлаа. Миний эрхэлж буй бизнес түмний нүдэнд ил болохоор намайг тодорхой хүрээнийхэн анддаггүй юм. Би хэзээ ч ахынхаа нөмөрт байж, нууц ноёнтны дүр эсгэж явсангүй. Эгч, дүү хоёр ч ялгаагүй, амьдралаа өөрийнхөөрөө авч яваа. П.Бат-Эрдэнэ маань газар тариалан эрхэлдэг. Түүний удирддаг “Сэлэнгэ тариа” ХХК “Атрын III” аянд амжилттай оролцож, Улсын тэргүүний тариаланч хамт олон болсон.

 

-Та урлагт, тэр дундаа уран зурагт дуртай нэгэн бололтой. Танай хурлын танхимд дэлхийд алдартай бүтээлүүд бүрэн эхээрээ байж байх юм. Бас ажлын өрөөний тань баруун буланг автомашины цуглуулга эзэлж. Ер нь л багахан хэмжээний үзмэрийн танхимд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрлөө?

-Би өөрөөсөө мөнгө харамладаггүй. Хэзээ үхнэ гэж хав дарах юм бэ. Ингэж хэлэхээр хүмүүс намайг гайхууллаа гэх байх. Сэтгэл татаад, нүд унагах урлагийн бүтээл, сайхан машин байвал гар татахгүй шүү. Урлагийн бүтээлийг би ганцаар эзэмшихгүй л дээ. Нэгэн цагт нуглуулсан үнэт бүтээлээ олны хүртээл болгож, хүүхэд залуусын оюуны мэлмийд дэлхийн өв соёлыг өргөн барих л гэсэн хэрэг. Одоохондоо бүтээлээ дэлгэн үзүүлэх зай талбай хомс учраас хурлын зааландаа хураачихаад байгаа нь энэ.

 

- Сальвадор Далигийн бүтээл эх загвараараа байна лээ. Нууц биш бол ямар үнээр, хаанаас худалдаж авав?

- Дуудлага худалдаанаас үнэ цохиж авсан хэд хэдэн бүтээл байдгийн нэг нь Сальвадор Далигийн хөрөг. Чи анзаарсан бол зургийн жаазны ар талд эх загвар нь мөн болохыг тодорхойлсон баримт бичиг нь хавсраатай бий. Үнийн хувьд төд гэж хэлмээргүй байна. Ямартай ч дэлхийн хамгийн үнэтэй машин гурвыг худалдаж авсантай тэнцэнэ. Тэгэхээр монгол төгрөгөөр тэрбум хүрэх байх.

 

- Машин гэснээс та хувьдаа хэдэн машинтай вэ. Хуучрах юм уу, сонирхлоо буурахаар худалддаг уу, найз нартаа бэлэглэчихдэг үү?

-Миний хобби бол машин. Тэр утгаараа хурд хүч, загвар сайтай машин тааралдвал авч л орхидог. Даанч тэдгээр машинаа ээлжилж унаад салхи татуулан давхих цаг зав алга. Үнэ хайрлалгүй авсан болохоор сонирхол буурна гэж байхгүй. Хааяахан унах тул хуучирдаг ч үгүй. Тиймээс одоогоор машинаасаа хэн нэгэнд бэлэглэсэн, худалдсан тохиолдол алга.

 

- Батхүү ах тань хурдан моринд хорхойтой. Таны хувьд ?

-Ах маань хөдөө, өвөг эцгийн голомтод, малын дэргэд өссөн болохоор морь малд дуртай. Дуртай болоод тэр байх, цаг зав гарвал л адуу руугаа явчихдаг. Тэр ч утгаараа хурдан морийг хараад анддаггүй. Миний хувьд ах шиг хорхойсохгүй ч хурдан удмын хэдэн сайхан адуутай. Тэднийгээ жилийн жилд уяж, тоосонд нь хийморио сэргээх нь бий. Энэ бол монгол эр хүн бүрийн дурладаг л зүйл. Харин би ан ав, загас агнуураас хол явахыг хичээдэг.

 

-Та дандаа ингэж энгийн хувцасладаг уу, эсвэл өнөөдөр л?

- Жинсэн өмд биед эвтэйхэн байдаг болохоор хааяа өмсдөг. Гэхдээ миний эрхэлж буй алба энгийн хувцас өмсөхийн аргагүй. Хурал, цуглаан, олон улсын шинжтэй арга хэмжээнд хөдөө хээр яваа юм шиг хувцаслаж болохгүй биз дээ. Өнөөдөр би барилгын компанийнхаа үйл ажиллагаатай танилцах гэж ингэж хувцасласан юм.

 

-Хэчнээн костюмтайгаа, аль брэндийнх гэдгээ хэлж чадах уу?

- Хэрэглээндээ гар татдаггүй гэж дээр хэлсэн дээ. Сайхан костюм, зангиа, цамц, гутал, өмд тааралдвал шууд л худалдаж авдаг. Костюмаа тоолж үзэж байгаагүй юм байна. Ойролцоогоор 30 хол гарсан байх шүү. Брэнд гэхээс илүүтэй чанар, загварыг чухалчилдаг.

 

-Бизнесменүүд өөртөө зав чөлөө гаргах тал дээр маруухан. Таны тухайд?

- Энэ алдаа надад ч байдаг. Амралтын өдрийг зориуд өөртөө зарцуулахыг хичээдэг. Зав чөлөө гарвал цагт баригдалгүй өөрийн дураар алхах дуртай. Тэгж алхангаа энд тэнд баригдаж байгаа барилгын явц байдал, хийцийг сонирхдог. Чөлөөт цагаа зориулдаг нөгөө нэг сэдэв бол гэрэл зураг. Хэд хэдэн сайхан сайн чанарын зургийн аппарат бий. “Гоо даль” сэтгүүлийн бодлого надад маш их таалагддаг байсан юм. Гэтэл гэнэт сураг тасарсан. Яав ийв гэх нь ээ, дампуурсан гэж дуулдлаа. Тэгэхээр нь тэдэнд дэмжлэг үзүүлж,гэрэл зурагчинд нь 22 мянган ам.доллараар зургийн аппарат авч өгсөн.

 

- Таны үс их дуулгавартай юм . Үсээ хаана засуулдаг вэ?

- Би чинь үсээ засуулахдаа их хойрго. Жилд гурав, дөрвөн удаа л засуулдаг байх. “Сарнай” салоны Болормаа гэж охин миний үсний учрыг олоод засчихдаг тул түүгээр үйлчлүүлдэг.

 

-Ингэхэд та өөрийгөө баян хүн гэж боддог уу, боломжийн амьдралтай хүний тоонд оруулдаг уу?

- Ямар өнцгөөс асууснаас болно. Өнөөдөр 1700 хүнийг ар гэртэй нь авч явж байгаа хүн Монголд хэр олон билээ. Улсдаа 60 гаруй тэрбум төгрөгийн татвар төлнө гэдэг бага үзүүлэлт биш.

 

-Танайх хэдэн өрөө байранд амьдардаг вэ?

- Орчин үеийн орон сууцны зохион байгуулалт өөр болоод төдөн өрөө гэж хэлэхэд хэцүү. Надад бол хоёр өрөө л хангалттай. Гал тогоондоо орж хоолоо хийж идээд унтлагын өрөө рүүгээ явчихна, зурагтаас өөр юу хэрэгтэй юм бэ.

 

- Дэлхийн баячууд эгэл амьдралыг чухалчилдаг юм билээ. Таны сэтгэлгээ тэдэнтэй ижил юм?

- Дэлхий хөгжих тусам бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихож. Манайд эгэл амьдарч болохгүй байх. Ор нь хатуу, хоёр өрөө байранд амьдардаг бол өөрөөсөө ч харамласан нарийн амьтан гээд л ад үзнэ шүү дээ. Тиймээс түмний жишгээр л амьдарч байна.

 

- Та төрсөн гэртээ хамгийн сүүлд хэзээ очиж, ээжийнхээ гарын хоолыг идэв дээ?

- Өнгөрсөн амралтын өдөр аавындаа оройн хоол идсэн. Манайхан амралтын өдрүүдэд байнга л аавынхаа хаалгыг онголзуулж байдаг юм. Манайхыг очихын өмнө эгчийнхэн бууж мордоод буцсан байсан. Өмнөх өдөр нь Батхүү ах эхнэр, хүүхэдтэйгээ ирээд бужигналдаж байгаад явсан байна лээ.

 

- Том болсоор ааваасаа суран бүсний амт үзэв үү?

- Манай аав их налгар, баргийн зүйлд дуугардаггүй хүн  юм. Ээж л байнга тушаал буулгадаг.

 

- Тухайлбал юу гэж?

- Ням гаригт Цаанын баазад дээр байхад араас утасдсан. Тэгээд л 40 гарчихаад цана хөлдөө углаж яах нь вэ, хөл гараа хугалав, чихээ хөлдөөв. Эртхэн ир гээд л тушаал буулгаад байсан. Биднийг дандаа хүүхэд шиг л санадаг.

 

- Тэгвэл өөрөө хүүхдүүдийнхээ араас хэр тушаал буулгаж байна?

-Манайх хоёр хүүхэдтэй. Тэд их эрт бие даасан. Том хүү маань дээд сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн. Охин нягтлан бодох мэргэжилтэй. Миний утасны төлбөрийн дийлэнхийг гадаад яриа эзэлдэг байсан гэхээр сайн аав байгаа биз.

 

-Хүүгээ дэргэдээ авч ажиллуулах уу?

- Би хүүхдүүдтэйгээ ойр дотно, найз шиг нь байдаг учраас хүүгээ дэргэдээ авахаас цааргалсан. Хүний үг дуулж сураг.

 

-Эхнэр тань “Шунхлай” группт ажилладаг уу?

-Үгүй. Эхнэр маань “Их Монгол” зоогийн газрыг ажиллуулдаг.

 

-Таниас хааяа боловч дэмжлэг хүснэ биз?...

-Үгүй. Гэр бүл гэдэг бол гэр бүл. Тэнд бизнес хутгалдахаараа мөн чанар нь алдагдана.

 

- Өөрийн тань хэлснээр оны заагт уулзаж байгаа тул танай хамт олон, гэр бүлд ажлын амжилт сайн сайхныг хүсье. Цаг зав гаргаж, чөлөөт сэдвээр ярилцсанд танд баярлалаа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

  • Зочин

    Зочин [122.201.31.xxx]

    Амжилт хүсье

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?