Г.Монголхүү: Эрсдэл, тохиолдол хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй

Сэтгүүлчийн үг

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Г.Монголхүүг урилаа.

 

-Манай улсын хувьд даатгалын салбар төдийлөн хөгжөөгүй гэдгийг хүмүүс хэлдэг. Та энэ салбарт бизнес эрхэлж байгаа хүний хувьд ямар байр, суурьтай байдаг вэ?

-Даатгал гэж юу вэ гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Яагаад даатгуулах ёстой вэ гэдэг мэдээллийг түгээх ёстой. Монгол Улсын хувьд санхүүгийн салбарынхаа маш бага хувийг эзэлдэг. Бусад орны хувьд дүр зураг өөр харагддаг. Тухайлбал, хилийн дээс алхаад урд, хойд хөршийнхөө даатгалын тогтолцооны эдийн засагт эзэлж байгаа хувийн жин өндөр байдаг. Тиймээс бид энэ салбараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Гэхдээ бүх зүйлийг төрөөс хамааралтай мэтээр харах нь өрөөсгөл ойлголт. Тэгэхээр энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлээс эхлүүлээд даатгалын талаарх мэдээллийг түгээх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн хүмүүст зөв, цэгцтэй мэдээлэл хүрснээр даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах эрэлт үүснэ. Энэ нь даатгалын салбарыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болно.

-Эрсдэлийг хаахын тулд даатгал хийлгэх ёстой гэсэн ерөнхий ойлголт хүмүүст бий. Гэхдээ үүнийг салбарын мэргэжилтнүүд өөрөөр тайлбарлаж байгаа нь анзаарагддаг?

-Нэн тэргүүнд эрсдэл, тохиолдол хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Эрсдэл гэж юуг хэлэх вэ гэхээр хүмүүс тохиолдлыг тоочдог. Өөрөөр хэлбэл, А гэдэг хүн осолд орсон бол түүнийгээ эрсдэл гэж үздэг. Харин энэ нь эсрэгээрээ тохиолдол гэдгийг ойлгох ёстой. Учир нь хэн нэгэн хүнд ямар ч зүйл тохиолдож болно. Магадгүй мууг зөгнөлөө гэж хэлэх байх. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүн нас барах нь үнэн.

Үүнийгээ эрсдэл гэж харж болохгүй гэсэн санаа юм шүү дээ. Харин нас барсны дараа гарах үр дагаврыг эрсдэл гэж тооцно. Тухайлбал, тухайн хүн өрхийнхөө орлогын 50 хувийг бүрдүүлдэг байжээ. Тэгвэл тухайн айлд санхүүгийн эрсдэл үүснэ шүү дээ. Бүр тодруулбал, нэг сая төгрөгийн орлоготой айлаас 500 мянган төгрөг огт орж ирэхгүй болно. Тэгэхээр тэр айлын хэрэглээ хязгаарлагдаж үүнийг хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал үүсэж байгаа юм.

Хэрэв тухайн хүн даатгалын байгууллагаар үйлчлүүлдэг бол тэр нь цаашид гарах эрсдэлийг хаах механизм болж байгаа юм. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ нөхцөл байдлыг сайтар ухамсарласан хүний хувьд даатгал зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгочихсон байдаг.

Эрсдэл нь хүмүүсийн санхүүтэй шууд холбогддог гэвэл хилсдэхгүй. Тиймээс даатгалын салбарыг хөгжүүлэх нь хувь хүн, албан байгууллагын хувьд ирээдүйд үүсэж болох эрсдэлээс хамгаалах боломж юм.

-Тухайлбал, орон сууц худалдаж авахад даатгал хийлгэх шаардлагатай гэдэг. Гэхдээ үүнийг хүмүүс төдийлөн хүлээж авдаггүй шүү дээ?

-Тэгэхээр даатгал хувь хүнд ямар ашигтай вэ гэдгийг хүмүүс ухамсарлаагүйтэй холбоотой болов уу. Нөгөөтээгүүр, газар хөдлөлтөөс шалтгаалан орон сууц нурлаа гэж бодъё. Тэгвэл тухайн хүний хувьд орон гэргүй болж амьдрах нөхцөл байдал хүндэрнэ. Энэ нь эрсдэл юм шүү дээ. Хэрэв даатгалын байгууллагад даатгуулсан бол энэ эрсдэлийг хаах бүрэн боломжтой.

Нөгөө талаас нь харвал хүн бүр даатгалын талаар мэдлэг хуримтлуулснаар салбар хөгжихөөс гадна аливаа үүсэх эрсдэлийг бууруулах хөшүүрэг болно. Өөрөөр хэлбэл, улсын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийг 100 хувь гэж тооцвол 10 хувь нь даатгалын салбартай холбоотой гэдгийг мэддэг болно. Тэгэхээр нийгэм хөгжихгүй байгаагийн шалтгааны 10 хувь нь үүнээс хамаарч байгаа юм. Тиймээс гаргаж байгаа шийдвэрийнхээ 10 хувийг даатгалын салбар руу чиглүүлдэг байх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоог зөв голдрилд оруулан дундаж давхаргаа хамгаалахад даатгалын салбарыг ашиглах учиртай. Нөгөөтээгүүр, даатгалын салбар нь хувийн хэвшилд хамаарч байгаа хэдий ч улсын хөгжлийн хөшүүрэг, эрсдэлийг хамгаалах хэрэгсэл юм шүү дээ.

-Таныхаар даатгалын салбарын тухай боловсрол олгох ажлыг хэн хийх ёстой вэ?

-Мэдээж үүнийг даатгалын салбарт ажиллаж байгаа хүмүүс олон нийтэд хүргэнэ. Нөгөө талаар төрөөс хамааралтай шийдвэрлэх асуудлууд бий. Мөн янз бүрийн бэрхшээл ч бий. Гэвч аливаа зүйлийг хийхийн тулд бусдаас бурууг хайж, бэрхшээл тоочоод суух нь бизнесийн зарчим биш.Тиймээс эхний ээлжид энэ салбарт ажилладаг компаниуд мэдээллийг түгээх хэрэгтэй байгаа юм.

Түүнчлэн төрийн бодлогын хүрээнд боловсролынхоо системд даатгалын талаар сургалтын хөтөлбөртөө оруулан хүүхдэд бага боловсролоос нь мэдээлэл хүргэх ёстой. Яагаад гэвэл, улс орны ирээдүйн иргэд санхүүгийн харилцаанд оролцдог. Тэгэхээр шат дараатайгаар даатгалын боловсрол олгох тухай ярих хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд даатгал нь эрсдэлийг хаах хөшүүрэг гэдгийг ухамсарладаг болно. Нөгөөтээгүүр эрсдэл, тохиолдол хоёрынхоо ялгааг ойлгоно.

-Хууль эрх зүйн орчны хүрээнд даатгалын салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Хэрэглэгчийн талаас харвал хэрэглэгчийн эрх ашиг хохирч байна уу гэдгийг хүмүүс асуудаг. Тухайлбал, төрийн байгууллага даатгалын үйлчилгээ авах талаар тендер зарлалаа гэж бодъё. Манай улсын хувьд даатгалын үйл ажиллагаа явуулдаг 17 компани бий. Үүнээс нэг нь давхар даатгал, бас нэг нь урт хугацааны даатгалтай. Тэгэхээр тендерт бүгд л оролцохыг бодно.Даатгалын бүтээгдэхүүн гэдэг нь хэлцэл дээр тогтдог. Тиймээс гэрээнд заасан үг өгүүлбэрээс шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой.

Гэтэл үйлчилгээ авах гэж байгаа газар нь хямд бүтээгдэхүүнийг илүүд үздэг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг шүү дээ. Энэ тохиолдолд хямд үнэ санал болгосон ч тухайн байгууллагын хүсэл сонирхолд нийцэхгүй эсвэл төдийлөн үр дүнгүй зүйл заалтууд гэрээнд орсон байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнээс улбаалан үл ойлголцолд хүрч болно.

Өөрөөр хэлбэл, даатгалын үйлчилгээ авах гэж байгаа бол хэлбэр дүрс, үнийн дүнгээс илүүтэй гэрээнд заасан үг өгүүлбэр чухал гэдгийг мартаж болохгүй. Дээр хэлсэнчлэн манай салбарт тулгамдсан асуудал бий. Гэхдээ нэн тэргүүнд хүмүүст даатгалын талаарх мэдлэг, боловсрол олгоход анхаарах нь чухал.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?