Ховдын цагдаа нар нууцаар ёолк тэмдэглэж, нэгнийхээ аминд хүрчээ

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Ховд аймгийн цагдаагийн газрынхан “зөвшөөрөлгүй”-гээр шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна. “Зөвшөөрөлгүй” гэсний учир нь шинэ жилийн баяраар гэмт хэрэг, хэрэг зөрчил цөөнгүй гардгаас сэрэмжлэн байнгын бэлэн байдалд байх даалгаврыг тус цагдаагийн газрын удирдлагууд өгсөнтэй холбоотой юм.

Иргэдийн аюулгүйн манаанд зогсож, гэмт халдлагаас урьдчилан сэргийлж ажилладаг цагдаагийнхан шинэ жилийн баяраа тэмдэглээд, харамсалтай нь нэгнээ хөнөөсөн хэрэг гарсан талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Хэргийн талаар тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар баяраа тэмдэглэж, багагүй сархад зооглож, согтуудаа нэгнээ автомашинаар дайрч хөнөөсөн байна. Энэ хэрэг санамсаргүй байдлаар үйлдэгдсэн гэж орон нутгийн эх сурвалж мэдээлж буй бөгөөд хохирогч эрүүгийн төлөөлөгч нэгэн байсан гэсэн мэдээлэл нэмж өгсөн юм. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд цагдаа нар нэгнээ хөнөөсөн хэрэг нэг бус удаа гарч байсан билээ. Одоогоос хоёр жилийн тэртээ буюу 2015 оны аравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид нэгнээ хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч байв.

Хэргийг эргэн сануулбал, тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий алба хаагчид Налайх дүүргийн 6-р хороонд байрлах Горхи-Тэрэлжийн амралтад явсан байдаг. Улмаар оройн 18:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Хашболор гадны нөлөөтэйгөөр нас барсан.

Хэрэг гардаг баасан гаригийн 13:00 цагийн орчимд талийгаач Х.Хашболор Налайх дүүргийн Эрүүгийн цагдаагийн газарт албан бичиг хүргээд, хамт олон дээрээ очихоор яваад, удалгүй бусдын гарт амиа алдсан байдаг. Тухайн үед энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж, талийгаачийг бусадтай маргалдсаны улмаас амь насаа алдсан, энэхүү хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын нууцын бичээч ажилтай Б.Өлзийбуян гэгчийг сэжиглэн хэрэгт татсан хэмээн мэдээлж байсан билээ.

Дээрх хэргийг Улсын мөрдөн байцаах газар болон Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэст шалгаж байв. Хэрэг мөрдөн байцаалтын явцад талийгаачтай хамт амралтад явсан Б.Өлзийбуян гэгчийг сэжигтэнээр татан шалгаж, Налайх дүүргийн прокурорын газраас түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хэргийг хоёр шатны шүүхээр хэлэлцэж, хүн амины хэрэгт буруутган, түүнд 15 жилийн хорих ял оноосон боловч ялтны ар гэрийнхний зүгээс Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, өнгөрсөн 2016 оны есдүгээр сард хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

Б.Өлзийбуян гэгч хэргээ огт хүлээгээгүй бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын зардалд нэг ч төгрөг өгөөгүй байдаг.

Түүнчлэн тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч нар хэргийн газар байсан эсэхээс үл хамааран албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон гэх мэдээлэл бий юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?