Олны дунд хүлээлт үүсгэсэн хуулиуд хэдхэн хоногийн дараа биеллээ олно

Сэтгүүлчийн үг

УИХ-аас энэ онд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ирэх оны нэгдүгээр сарын сарын 1-нээс хэрэгжүүлэх, олны дунд хүлээлт үүсгэсэн хуулийн талаар мэдээлэл хүргэж байна.

 

МАЛЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ТАВАН ЖИЛЭЭР НААШЛУУЛАВ

Хахир өвөл, халуун зун гээд ямар ч үед нойр, хоолоо умартан борив бохисхийлгүй ажилладаг нь малчид. Мал хувийн өмч хэдий ч улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж баршгүй. Манай улс 330 мянга гаруй малчинтай бөгөөд энэ нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувийг эзэлдэг байна. Малчдын хөдөлмөр хүнд, нийгмийн баталгаагүй нөхцөлд амьдардаг гээд тэдэнд асуудал олон. Иймд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна” гэсэн заалт тусгасан. Өөрөөр хэлбэл, нийт 20 үүнээс 15-аас доошгүй жилд нь мал маллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55, нийтдээ 20 үүнээс 12 жил зургаан сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр ирэх онд 13.5 мянган малчин тэтгэвэр тогтоолгох тооцоо гарч үүнд 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуульд тусган батлуулсан.

МАЛЧИД БОЛОН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДЭД БОЛОМЖ ОЛГОВ

Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгосон бас нэгэн боломж нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх шийдвэр юм. Олны дунд хүлээлт үүсгэсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж тэд боломжоо ашиглах нөхцөл бүрдэх нь. Ингэхдээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арван хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх боломжтой. Гэхдээ энэхүү боломжид 15-60 насны иргэн хамрагдах бөгөөд нөхөн төлөх хугацааг 1995 оноос энэ он хүртэл гэсэн зохицуулалт хийжээ. Улсын хэмжээнд нэг сая 100 мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид аж. Малчдын ес, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж. Тиймээс нийгмийн шилжилтийн эгзэгтэй цаг үед ажил, хөдөлмөрийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажлынхаа онцлогоос хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлээ тасалдуулсан хүмүүст хуулийн хүрээнд ийн боломж олголоо. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө иргэний үнэмлэхийн хуулбар, оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хэрэв малчин бол 1995-2017 оны хооронд хамаарах мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт, иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр хариулж байсан бол хөдөлмөрийн гэрээний хувийг бүрдүүлж харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандах юм байна.

ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭЭЖҮҮД ЦАЛИН АВНА

Энэ онд зорилтот бүлэгт чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр батлан хэрэгжүүлж заримыг нь ирэх сарын 1-нээс мөрдөхөөр бэлтгэл ажлаа базаагаад байна. Тухайлбал, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль буюу “Цалинтай ээж” хөтөлбөр юм. Тодруулбал, жирэмсний таван сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянга, нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцахаар болсон. Мөн 0-18 насны гурав болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 1 сая төгрөг, гурав болон түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт гурван сая төгрөг олгох хуулийн зохицуулалт хийсэн юм. “Цалинтай ээж” хөтөлбөрт нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулахаар 2018 оны төсөвт тусгасан.

ЗАЛУУЧУУДЫГ ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭЭГЭЭГҮЙ

Өндөр настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хойно үлддэг хүмүүс бол залуучууд. Тэдний эрхийг хамгаалсан хууль эрх зүйн орчин саяхныг хүртэл байгаагүй юм. Үүнд УИХ-ын зарим гишүүн анхаарал хандуулж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулсан. Тодруулбал, уг хуулиар 15-34 насны залуучуудын боловсрол, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, орон сууц, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн гарааны дэмжлэг, оролцооны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Ингэснээр ямар ч цаг үед аль нэгэн салбарын хойно, хаалганы цаана үлддэг залуучуудад анх удаа эрхээ баталгаажуулсан бие даасан хуультай боллоо. Тэднийг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулах, их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулж дэмжинэ. Мөн оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах, хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг онцлох заалт хуульд тусгажээ.

ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ МӨНГӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВНА

Монгол Ардын Нам зүүний үзэл баримтлал, хүн төвтэй бодлого хэрэгжүүлдэг. Энэ ч утгаараа эдийн засгийн нөхцөл хүндэрсэн ч Монгол Улсын ирээдүй, залгамж халаа болсон хүүхдүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлж бүх хүүхдэд олгосон. Гэхдээ ОУВС-гийн тавьсан шаардлагын дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болж, улсын төсөвт 164.2 тэрбум төгрөгийг тусгасан. Гэсэн ч Засгийн газрын гишүүд дээрх хувийг нэмэгдүүлэх талаар ОУВС- гийн төлөөлөлтэй ярилцаж байгааг мэдэгдсэн. Засгийн газраас ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тохирсон бодлогын арга хэмжээг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ онд нийт хүүхдийн 60, ирэх онд нийт өрхийн амьжиргааны төвшин доогуур 40 хувьд, 2019 онд нөхөж олгохоор өмнө гаргасан УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох саналыг боловсруулан УИХ-аар энэ оны төсвийн тодотголын хамт шийдвэрлүүлсэн билээ. Гэхдээ Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт он дуустал олгохоор болж төсвийн тодотголд 104.5 тэрбум төгрөгийг нэмж тусгасан юм. Ингэснээр он дуустал бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олголоо.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ӨНДӨР ЦАЛИНТАЙ ХҮМҮҮСТ ХАМААРАЛТАЙ

Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх хуультай зэрэгцэн зарим нэг татвар нэмэгдүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зарим хэвлэл олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хамаарч 10-25 хувиар дөрвөн шатлалаар ногдуулахаар болсон. Гэхдээ орлогын албан татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь одоогийн төлж буй буюу арван хувийн татвараа хэвээрээ төлөх юм. Харин үлдсэн найман хувийнх нь татвар нэмэгдэнэ гэсэн үг. Инфляц, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байгаа учраас ийм зохицуулалт хийсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Тэгэхээр ирэх сарын 1-нээс бүх хүний орлогын албан татвар нэмэгдэнэ гэж ойлгох хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2, дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдоно гэсэн үг.

АРХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМСЭНД LIKE ӨГЧ БАЙНА

Архины онцгой албан татварыг ирэх онд арав, 2019 болон 2020 онд тус бүр таван хувиар нэмэх шийдвэрийг энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүнээс бусад нь дэмжиж байна. Ирэх гурван жилд бүх төрлийн шар айраг, хүнсний зориулалттай спирт, согтууруулах ундааны үйлдвэрт худалдаалах, импортын бүх төрлийн цагаан архи, виски, коньяак хатуулгаасаа шалтгаалж тодорхой хувь хэмжээгээр татвар нь нэмэгдэнэ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс, насанд хүрээгүй хүнд худалдан борлуулснаас үүдэн хүмүүс эрүүл мэнд, амь насаа алдах явдал цөөнгүй гардаг учраас ийм шийдэл гаргасанд like дарлаа.

С.ЮМСҮРЭН

unen.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Suhkbat [112.72.11.xxx]

    ArhI. Tamhinii tat wariig nemeh zow

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?