Б.Пүрэвдорж: Би хэнд ч “сумлагдаагүй”

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой Төв банк болон банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ярилцлаа. Тэрээр уг хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах саналтай байгаа гишүүдийн нэг юм.

-ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БУЦААХ САНАЛТАЙ БАЙГАА-

-Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та буцаах, эсвэл шинэчилсэн найруулгаар хэлэлцэх учиртай гэсэн байр суурь илэрхийлж байгаа нь анхаарал татлаа?

-Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийн зорилт өөрчлөгдөх юм бол шинэчилсэн найруулгаар оруулахаар зохицуулж өгсөн байдаг. Энэ хуулийн төслийн зорилт нь өөрчлөгдөөд ороод ирчихсэн учраас зайлшгүй шинэчилсэн найруулгаар хэлэлцэх учиртай. Би хувь гишүүнийхээ үүднээс энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах хүсэлтэй байгаа. Хамгийн наад захын жишээ дурдахад, Үндсэн хуулийн 25.1.7-д УИХ Монголбанкнаас өргөн барьсан мөнгөний бодлогыг батална гээд заагаад өгчихсөн. Гэтэл энэ хуулийн төслийн 10.1-д Монголбанк дараагийн гурван жилд баримтлах мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барьж, тогтоолын төслөөр батлуулна гээд заачихсан байгаа юм. Энэ нь эргээд Үндсэн хуулийн зөрчилд тооцогдоно. УИХ мөнгөний бодлогыг гурван жилээр тодорхойлох чиг үүрэггүй. Яг үүгээрээ батлагдах юм бол энэ заалт Цэц дээр очоод унах нь тодорхой. Хууль санаачлагчдад энэ мэт зөрчлийг нь хэлээд байхад явуулаад л байгаа. Засах, зайлшгүй өөрчлөх маш олон заалт байгаа учраас хуулийн төслийг буцааж, дахин сайн боловсруулах замаар оруулж ирэх учиртай гэсэн байр суурьтай байна.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр тодорхой заалтууд нь хасагдсан. Тэгэхээр сайжрах боломж нөхцөл байгаа гэсэн үг биш үү?

-Хууль зүйн байнгын хороон дээр энэ хуулийн төслийн нэлээд заалтууд унасан. Тухайлбал, Монголбанкны ажилтан нь аливаа үүрэг хүлээснийхээ төлөө эрүүгийн хариуцлага тооцуулахгүй байхаар тусгаж өгсөн байсан. Ийм онцгой эрхийг Төв банк өөр дээрээ авах гэж оролдсон. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Бид мөнгөний бодлогыг явуулах эрхийг Монголбанкинд өгдөг. Гэтэл Төв банк мөнгөний бодлогоо буруу явуулах аваас ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага хүлээхгүй гэж үзсэн байгаа юм. Монгол төрийн ажил байдлаар яваад байвал хариуцлага хүлээх тогтолцоо бүр айхгүй болох эрсдэлтэй. Зарим заалтууд нь унасан хэдий ч асуудалтай олон заалт байсаар л байна.

-Төв банкны Ерөнхийлөгчийг албан тушаалаа өгснөөс нь хойш хоёр жилийн турш төрөөс харж үзэх утга бүхий заалт хуулийн төсөлд тусгагдсан нь яг үнэн юм уу. Та заалтаар нь дурдаад ярьж болох уу?

-Ганц Ерөнхийлөгч нь ч биш. Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 28.6-д Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход түүнийг тодорхой ажил, албан тушаал эрхлүүлэх, эсхүл чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд амьдралын төвшнийг нь бууруулахгүй байх арга хэмжээг УИХ шийдвэрлэнэ” гэж тусгаж өгсөн. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нар өөрсдийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай адилтгаж үзэж буй хэлбэр юм. Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Яг энэ жишгээр олон дарга нар холбогдох хуульдаа өөрчлөлт оруулах замаар ийм заалтууд оруулж ирэх замыг нээж өгөх эрсдэлтэй. Би энэ шийдвэрийг хатуу эсэргүүцэж байгаа.

-ГИШҮҮДИЙГ ХААНААС НЬ ЛОББИДООД БАЙГАА ЮМ, МЭДЭХГҮЙ-

-Байнгын хорооны хуралдааны үеэр Төв банкны Ерөнхийлөгч аль нэг арилжааны банкийг шууд дэмжих байдлаар эрх ашгийн зөрчил үүсэх эрсдэл байна гэсэн нь ямар учиртай юм бэ?

-Арилжааны банкны салбарт эрсдэл үүссэн тохиолдолд Төв банк тодорхой хэмжээний зээл өгөхөөр энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа. УИХ, Засгийн газартай зөвшилцөл хийх тухай огт тусгаж өгөөгүй байгаа юм. Төв банк дангаараа шийдэхээр тусгасан байна. Банкны салбарын онц хүнд хямралын үед ийм арга хэмжээ авдаг олон улсын аргачлал байдаг. Гэхдээ хуулийн төсөлд энэ аргачлалыг нарийвчилж тусгалгүйгээр, хэт ерөнхий байдлаар оруулж ирсэн байна. Ингээд битүү утгаар заагаад өгчихөөр эрх ашгийн  зөрчил үүсэх өндөр эрсдэлтэй. Жишээ нь, Ариг банкинд гаралтай Монголбанкны өнөөгийн Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нутгархаад баахан зээл өгчихөөд яваад өгч болно. Ийм тохиолдолд хэнд ч хариуцлага тооцогдохгүй. Учир нь хуулийн хамгаалалт үүсчих юм. Иймэрхүү эргэж харах шаардлагатай олон асуудал байгаа учраас би хуулийн төслийг эсэргүүцээд байна.

-Нөгөө талаас Төв банкны Ерөнхийлөгч бодлогын зөвлөлтэй болсноор эрх нь хязгаарлагдаж, шийдвэрүүд илүү голч гарах сайн талтай биш үү?

-Төв банкны ерөнхийлөгч мөнгөний бодлогыг явуулахдаа бие даасан байдлаар шийдвэр гаргасаар ирсэн. Гэтэл энэ хуульд өөрчлөлт орсноор бодлогын зөвлөлтэйгөө зөвлөлдөх замаар хамтын шийдвэр гаргахаар байгаа юм. Энэ бол аливаа хариуцлагаас зугтах гэсэн үйлдэл. Монголбанкны аливаа нэг шийдвэр буруу гарлаа гэж хуулийн байгууллага үзлээ гэж бодъё. Энэ тохиолдолд “Хамтын шийдвэр гаргасан” гэж хэлээд л хариуцлагаас бултчих байдал үүснэ. Мөнгөний бодлогыг Монголбанкны Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг. Үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээдэг тэр зарчим руугаа буцах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хуулийн төсөлд зайлшгүй эргэж харах шаардлагатай заалтууд байсаар байтал ОУВС шахамдуулаад байна гэсэн нэрээр хэлэлцүүлгүүд явж байна. Энэ нь тодорхой эрх ашгийн сонирхол гишүүдэд байна гэсэн хардлага дагуулж байна?

-Төв банкны болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр гишүүдийг хаанаас нь лоббидоод байгаа юм бэ, мэдэхгүй. Олон зөрчилтэй заалт байсаар байтал зүтгүүлээд байгаа нь хариуцлагагүй үйл явдал. Бид нэг зүйлийг сайн анхаарах ёстой. ОУВС шахаад байна гэсэн нэр барьж, Монгол төрийнхөө мөнгөний бодлогыг ойлгомжгүй байдалд оруулахгүй ёсгүй. УИХ-ын гишүүд үүн дээр маш анхааралтай байж, сайн ажиллах ёстой гэж үзэж байна.

-Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ-

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар оруулах ёстой юм. Яагаад гэхээр Банкны тухай хууль өөрөө 273 заалттай. Үүнээс нэмэлт өөрчлөлтөөр 192 заалтад нь өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа юм. Энэ нь өөрөө хууль тогтоомжийн тухай хуульд заасан 50 хувиас дээш өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн найруулгаар явна гэсэн заалтыг зөрчиж байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр 72 хувийг нь өөрчлөхөөр оруулаад ирж байна. Энэ зөрчлийг хэлээд байхад тоохгүй яваад байгаа юм. Удаа дараа зөрчлүүдийг нь сануулсаар байхад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор  хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Тиймээс би гишүүнийхээ хувиар Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцуулах тухай асуудлаар УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэх болно. Үүнийгээ ч байнгын хорооны хуралдааны үеэр тодорхой хэлсэн байгаа.

-Ер нь Төв банк болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хоорондын уялдаа холбоо хэр сайн байгаа бол?

-Банкны тухай хуульд маш олон заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн. Эдгээр нь үг хэллэг, агуулгын хувьд ойлгомжгүй, маш олон зүйл гарч байгаа. Банк зөвхөн зээл өгдөг. Хадгаламж татдаг банк гэж ойлгож ерөөсөө болохгүй. Банк бизнесийн байгууллагуудтай хамтраад, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөрөнгийн зах зээлтэй хамтрах замаар санхүүгийн өч төчнөөн хэрэгсэл гаргах боломжтой. Ийм үед банкны салбартаа эрсдэл гаргахаар хууль баталчихаж болохгүй. Дараа нь асуудал үүслээ гэхэд энэ хууль өөрөө хамгаалалт болчих эрсдэл байгаа юм. Ийм эрсдэл гарлаа гэхэд өнөөдрийн УИХ-ын гишүүд хариуцлага хүлээх үү. Парламентад сууж буй гишүүд хоёр жил хагасын дараа яваад өгнө. Харин банкны салбар цаашаа ажиллаад явна. Тиймээс ч хуулийн төслүүдийг хооронд нь уялдуулах зайлшгүй шаардлага байгаа. Үүнийг УИХ хангалттай төвшинд харж, нягтлахгүй батлах гээд зүтгээд байна.

-Таныг эдгээр хуулийн төслүүдийг эсэргүүцээд, асуудал хөндөөд ярихаар эргээд “Б.Пүрэвдорж гишүүнийг банкууд сумлаад тавьчихлаа” гэж хууль санаачлагчид нь харах талтай?

-Би хэнд ч “сумлагдаагүй”. Надтай эдгээр хуулийн төслүүдийн талаар нэг ч хүн уулзаагүй. Би банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар нэг ч байр суурь илэрхийлээгүй. Хууль тогтоомжийн хуулийг эдгээр хуулийн төслүүд чинь зөрчөөд байна. Дээрээс нь Төв банкны удирдлага хэтэрхий их эрх мэдлийг өөр дээрээ авч байна. Энэ бүхэн алс ирээдүйдээ эрсдэлтэй гэсэн асуудлыг нь сөхөж ярьж байгаа. Түүнээс биш арилжааны банкуудын лоббид орчихсон юм байхгүй. Банкуудад хамааралтай заалтуудыг нэм, хас гэж ч дуугараагүй. Үүнийг сайн ялгаж салгах хэрэгтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?